Лондон дахин халдлагын бай болов

Их Британийн нийслэл Лондон хотноо энэ амралтын өдөр дахин террорист халдлага боллоо. Халдлагын долоон хүн улмаас харамсалтайгаар амиа алдаж, 48 хүн бэртжээ. Бэртсэн хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд олон хүний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан өгүүлэв. Учир нь террористууд ачааны машинаар иргэдийг дайрчээ.  Халдлага өчигдөр орон нутгийн цагаар 21.58 цагийн орчимд Лондон хотын Боро гудамжны төгсгөлд байрлах захын ойролцоо болсон байна. Уг зах шөнө ажилладаг учир үйлчлүүлэгчид их байжээ. Захын ойролцоо олон хүн байсан бөгөөд цагаан өнгийн ачааны машин иргэдийг дайрчээ. Улмаар уг ачааны машинаас хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн гурван этгээд бууж ирж, замдаа тааралдсан бүх хүнийг хутгалсан аж. Цагдаагийнхан шуурхай ажиллаж, иргэдийг хохироосон хутгатай этгээдүүдийг буудан хороосон байна.

Халдлага үйлдсэн этгээдүүд тэсрэх бөмбөг суурилуулсан хантааз өмссөн байсан бөгөөд машинаасаа буух үедээ “Аллахын төлөө. Ариун Аллах” гэж хашгирч байсан талаар гэрчүүд өгүүлэв. Халдлагаас найман минутын дараа уг бүс нутагт цагдаагийнхан, тусгайгийнхан, онцгой байдлынхан болон түргэн тусламжийнхан ирсэн байна. “Хэрвээ террористууд хүйтэн зэвсгээр бус галт зэвсгээр зэвсэглэсэн байсан бол илүү олон хүн халдлагаар амиа алдах байсан” талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээллээ.

Террористуудыг устгасны дараа тэдний зүүсэн хантаазыг шалгахад хуурамч болохыг тогтоожээ. Уг хантаазанд ямар ч тэсрэх бөмбөг байгаагүй талаар Лондонгийн Цагдаагийн газраас мэдээлэв. Мөн тэднийг тээвэрлэн явж байсан цагаан өнгийн ачааны машинаас мөн ямар ч тэсрэх бөмбөг болон холбооны хэрэгсэл олдоогүй гэнэ. Халдлагаас хэдхэн минутын дараа тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлээд “Одоо хангалттай гэж хэлмээр байна. Бид дахин зүгээр суухгүй” гэж мэдэгджээ. Энэхүү халдлагын ард Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл бий гэв. Тус бүлэглэл халдлагын хариуцлыг хүлээгээгүй байна.

Цагдаагийнхан Лондон хотноо болсон ээлжит халдлагатай холбогдуулан Баркинг дахь орон сууцнаас исламын шашинтай 12 этгээдийг баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн долоо нь  эмэгтэй гэв. Шалгалтаар халдлага үйлдсэн этгээдүүдийн нэг нь уг орон сууцны оршин суугч байсан бөгөөд баригдаад буй этгээдүүдтэй холбоотой байсан болохыг илрүүлжээ. Тэрээр уг орон сууцанд 2014 оноос хойш амьдарсан бөгөөд эхнэр, хоёр охиныхоо хамтаар амьдардаг байжээ. Цагдаагийнхан халдлагын дараахан түүнийг эхнэрийг баривчилж, мэдүүлэг авч эхэлсэн байна. Халдлага үйлдсэн этгээдүүдийн хувийн мэдээллийг олохоор тусгайгийнхан ажиллаж эхэлжээ. Одоогоор тэдний гадаад төрх болон аль улсын иргэн болох нь тодорхойгүй байгаа аж.

Гуравхан сарын дотор амар амгалан Британи улсад гурван ч удаа террорист халдлага боллоо. Лондон хотноо өнгөрөгч гуравдугаар сард Уэстинстертийн талбайд халдлага гарч, таван хүн амиа алдсан. Халдлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн хөлсний цэрэг Халид Масуд гэгч үйлдсэн билээ.  Тэгвэл өнгөрсөн сард Их Британийн Манчестер  хотын “Манчестер Арена” цэнгэлдэх хүрээлэнд халдлага болж, 22 хүн амиа алдсан. Уг цэнгэлдэх хүрээлэнд Америкийн уран бүтээлч, дуучин Ариана Гранде тоглолтоо хийж хийж байсан юм. Халдлагыг мөн Исламын улсын захиалгаар Ливиэс гаралтай Салман Абаде үйлдсэн болохыг тогтоожээ. Манчестер  хотноо болсон халдлагын дараа Ерөнхий сайд орон даяар сарын хугацаатай онц байдал зарласан юм.

сэтгэгдэл үлдээх