Торгоны замын эрт хийгээд ирээдүй

Хэдэн мянган жилийн өмнө Ази Европыг холбосон худалдааны гол зам нь Торгоны зам байлаа. Чухам энэ замаар л эд бараа, ашиг хонжоо, алт эрдэнэс төдийгүй шинэ техник технилоги, соёл урлаг, ном бичгийн өргөн солилцоо явагддаг байв. Ази Европын энэ алтан холбоосыг хяналтандаа байлгаж чадвал ертөнцийг хяналтадаа байлгаж, эд баялгаар дутагдаж гачигдахгүй гэдгийг Төв Азийн нүүдэлчид эртнээс мэддэг байлаа. Эзэнт гүрний үед энэ замыг хамгийн найдвартай, аюул осолгүй байнгын худалдаачдаас багахан хэмжээний татвар авч улсын сан хөмрөгийг нэмэгдүүлэх шинэ гарцыг Монголчууд бодож олсон. Нэг удаа дайрч довтлон дээрэмдээд их ашиг олсон нь дээр үү. Аль эсвэл байнгын урсан өнгөрөх худалдаачдаас багахан хэмжээний татвар авч аюулгүй байдлыг нь хангаад мөнхийн ашиг олсон нь дээр үү. Ийм бяцхан мөртлөө агуу гаргалгаа хийсний хүчинд Монголын эзэнт гүрэн эдийн засгийн асар хүчирхэг боломжийг өөртөө бий болгосон юм. Эзэнт гүрний доройтлоос хойш торгоны замын ач холбогдол буурчээ. Европчууд шинэ тив нээж Энэтхэг, Хятад хүрэх усан замаар эд бараа тээгдэх болсон нь Торгоны зам мартагдах бас нэг шалтгаан болж түүхийн туршид хамгийн идэвхтэй байсан бүс нутаг Төв Ази мартагдсан юм.

Түүх нуршихийн учир нь өнөөдөр ийм боломж Монголчуудад дахин нээгдээд байна. Ази Европыг холбох дэд бүтцийн хамгийн үр ашигтай дөт зам бол Монголоор дайрах агаар болон авто замын коридор гэдгийг олон улсын эдийн засаг хүлээн зөвшөөрлөө. Саяхан ч хүлээн зөвшөөрсөн юм биш. Барууны ертөнц хийгээд АНУ, зүүн хойд Азийн эдийн засгийн хүчирхэгүүд Монгол улс чөлөөт зах зээлийн систэм, ардчилсан тогтолцоонд шилжсэн 90-ээд оны эхээс ажиглаж анзаарсан. Хар хайрцагны бодлого бүс нутагтай, улс төрийн тогтвортой байдал бүхий Монголыг шидэт түлхүүр адил харсаар иржээ. Харамсалтай нь өвөр зуурын хямралд өртөмхий, авилгал хээл хахуульд автамхай дэлхий дахинаа хүчирхэг гүрнээ байнга сануулагч Орос, барууныхны хувьд нэвтэршгүй ханан хаалт болж байлаа. 

Өнөөдөр Оросын нийгэм, эдийн засгийн байдал харьцангуй тогтворжихын хэрээр дорно хил хязгаартаа ихээхэн анхаарал тавьж эхлэв. Трансибирийн төмөр замаа өргөжүүлж ачаа эргэлтийн хэмжээг ойрын гурван жилд гурав дахин нэмэгдүүлэхийг зорих болов. Нэг тэрбум 400 сая гаруй хүнтэй хятадын аварга зээл рүү гарах хамгийн ашигтай гарц Монгол гэдгийг улам бүр ухаарч байх шиг.дэлхий даяар ашигт малтмал, хоол хүнс, эрчим хүч, нефть нефтэн бүтээгдэхүүний хомсдол нүүрлэж, ойрын ирээдүйд гамшгийн байдалтай болох нь нэгэнт тодорхой болсон. Оросуудад энэ хомсдолоор далимдуулан эдийн засгаа өөд татах баялгийн нөөц бий. Гагцхүү түүнийгээ хомсдлоор дүүрэн зах зээлд хүргэх гарц хэрэгтэй. Ялангуяа Хятадын зах зээл түүгээр дамжаад Энэтхэг, Индониз, Япон цаашлаад Австралид хүргэх гарц. дэд бүтцийн энэ том артерийн судас чухамхүү Монголын нутаг дэвсгэр дээгүүр дайруулбал энэ төлөвлөгөө хэрэгжинэ. Дээр нь огт хөндөгдөөгүй худалдааны замын хоосон орон зай энэ том хязгаар нутагт бий. Энэ судсыг нээвэл баялаг цутгана.

Хятадууд ч ингэж харж байгаа. Хятадын хойд бүс нутаг энэ дөт коридороор Европын зээл рүү гарна. Тэр тусмаа ачаа эргэлт, зардлын хувьд хамгийн бага өртөг бүхий төмөр замаар бүтээгдэхүүнээ экспортлох нь аварга эдийн засгийнх нь машины хөтлөгч чухал нэг механизм болох учиртай. Нөгөө талаар аж үйлдвэрийн том районууд энэ бүс нутагт байршдаг агаад ойрын төлөвлөгөөнд аж үйлдвэрийн томоохон цогцолборуудыг шинээр байгуулахаар төлөвлөөд байгаа. Иймээс Хятадын хувьд Монголоор өнгөрөх энэ коридор Оросоос дутуугүй ач холбогдолтой. 

Бид үнэхээр том боломжийн өмнө ирээд байна. Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудал бүс нутагтаа ачаалал өндөр, стратегийн өндөр ач холбогдолтой болно гэж экспертүүд дүгнэдэг. Бас л Ази Европыг холбох агаарын дөт коридор. Шаазгай зүү олоод хийх газраа эс олов гэдэгчлэн арга ухаанаа олохгүй будилсаар цөөнгүй жилийг ардаа орхилоо. Чухамхүү бидний хүчин чармайлтаар ч гэх үү, олон улсын эдийн засгийн нөхцөл байдлаас ч гэх үү асар том боломжийн сезам …сезам гээд нээгээд өгчихлөө. Одоо ямархан ухаалаг, тунгалаг төртэй байхаас бүх зүйл шалтгаална.

Н.Бадамжав

сэтгэгдэл үлдээх

Улаан пен

  • [192.168.1.1]
  • 1 Жил

Манай Бадамжав л байна. Сайн ч хүн, сайхан ч залуу... ккк