СОЁМБОТ ТОЛГОЙГОО онгон дагшинаар нь дахин харахгүй

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2017 оны 5 сарын 23-ны тушаалаар нэр бүхий иргэдийн Соёмбот толгойд газар эзэмших эрхийг нь цуцалсан. Улмаар газар эзэмшиж байсан компаниуд үйл ажиллагаагаа зогсоож, ухсан газартаа нөхөн сэргээлт хийж эхэлсэн бөгөөд Соёмбот толгойн нөхөн сэргээлт 80 хувьтай явж байгаа бөгөөд 40 орчим мод суулгасан, цаашид техникийн нөхөн сэргээлт хийсэн хэсэг зүлэг тарихаар хар шороо дэвсэж эхэлжээ гэж яамныхан мэдээлж байна. Нэг нь ухаж нөгөө нь тушаал гаргаж булаад дээр нь хэзээ битүүрэх нь мэдэгдэхгүй мод тарина. Нэг см хөрс бий болохд 100 жил шаардана. Тэр тусмаа Монгол шиг эмзэг хөрс бүхий газар нутагтай оронд дахин сэргээлт ердийнхөөс 10-15 дахин их арчилгаа шаарддаг гэж мэргэжлийн судлаачид дүгнэсэн нь бий. Соёмбот толгойгоо өмнөхөөр нь харна гэдэг бидний үед л байхгүй биз ээ. Төрийн харалган хараа мөхөсдөх нь мөнгөнөөс өөрийг эс мэдэх зуйгуул нэгэнтэй /”Аялж уул” ХХК/ дэр нэгтгэснийх болов уу.

Түүх сөхвөл Их тэнгэрийн амны зүүн үзүүрийн шовх уулыг Умаа хум толгой гэж нэрлэж байв. Богдын ундны усыг ариусгах зорилгоор өндөр гэгээн Занабазарын төрсөн дүү Засаг бэйл Шижирбаатарын удмын хүн Жүн ван Юндэндоржийн санаачилгаар дээр дурьдсан газар дээр буюу Зайсангийн амны доод боргионы ам дээр 1837 оны үед Умаа хум гэсэн үгийг Түвдээр цагаан чулуугаар шигтгэн бичсэнээс хойш Умаа хум толгой гэх болжээ. Тухайн үедээ УМАА ХУМ үсгийн туяа Туулын уснаа тусч харагдахад хүмүүс хир буртаг муу муухай зүйлээ угаахгүй усаа цэвэр байлгахыг эрхэмлэдэг байсан гэнэ. 1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Умаа Хум үсгийн оронд Соёмбо тэмдэг шигтгэснээр уг толгойг Соёмбо толгой гэж нэрлэх болсон юм.

Хэдэн арван үеийн турш Богд хан уулаа хэн ч ингэж түйвээж байсангүй. Зайсан Толгойд Зөвлөлтийн дайчдын гэгээн дурсгалд зүриулсан цогцолбор барилга барихдаа ч /1969-1971 онд/ Гандан хийдийн лам нараас уул уснаас нь гуйлга гуйж баймааж нь оройгоос нь 3-4 метр тайрч хөшөөний суурь тавьж байсан гэдэг. Харин өнөөдөр хэн нэгэн нь шууд ухаад хаячихдаг болжээ.          

сэтгэгдэл үлдээх

Hongoroo

  • [192.168.1.1]
  • 1 Жил

Hooh balarsan yum