Бидний биш тэдний өр 

Өртэй хүн өөдөлдөггүй гэдэг.  ДНБ-ний 76 хувьтай тэнцэх болсон Грек өнөөдөр Европын холбооны улсын жинхэнэ толгойны өвчин болоод байна. Өвчүүнээс нь өргөөд эгэмнээс нь угзраад ч энэ өр нь нэмэгдэнэ үү гэхээс багасахаа больсон Грекийг холбооноос гаргах талаар европчууд ярьж хэлэлцсээр удлаа. Бүхэл бүтэн бүс нутгийн эдийн засгийг хойш нь татаж байгаа учраас ийм шийд гаргахаас өөр аргагүй. Ачааны хүндийг Герман, Англи, Франц хүлээж байна гэж гомдоллоцгоож байгаа. Энэ асуудал нэг их удахгүй шийдэгдэж Грек эзэнгүй арал дээр ганцаар хаягдах нь. Гэтэл өнөөдөр Монголын өр ДНБ-нийхээ 49.5 хувьд хүрлээ.Аюулын харанга аль хэдийн дэлдэгдчихсэн. 40 хувьд барьж байх өрийг сулд нь хаячихаад ирэх онд 60 хувиас хэтрүүлэхгүй дахиад өр тавих талаар ярьцгааж эхэллээ. ОУВС-гаас 40 хувьдаа бариач ээ гэж шахаж шаардсан ч Засаг огт тоосонгүй. Нөгөө л уул уурхайгаас олсон орлогоороо эдийн засгаа солонгоруулна гэж мэтгэсээр. Хангалттай л орлого олсон шүү дээ энэ хугацаанд. Харамсалтай нь гарынхаа салаагаар урсгачихсан. Баригдаж дуусаагүй барилгын суурийн цемент, төлөвлөсөн замын хөрс хуулалтад, босоогүй цахилгаан станцын зураг төсөлд шингээд уусчихсан. Дааж давшгүй их өрийн бичиг л бидэнд үлдлээ.Гадаад өр олох чадвараасаа хэдэн хувиар илүү даваад явчихлаа. Шингээж чадахгүй байгаа зах зээл эдийн засгийн хямралыг шууд дагуулна. Сүүлийн 20 жилийн туршид бидний авсан өр зээл мундаагүй. Эдийн засаг хөөсөн өсөлттэй байгаагаа далимдуулаад Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бонд өнгөрсөн жилд анх удаа гаргалаа. Өмнөх хөнгөлөлттэй зээлүүдийг бодвол цэвэр арилжааны шинжтэй өндөр хүүтэй зээл. Нөхцөл байдал улам хүндэрнэ гэсэн үг. Санхүүгийн сахилга бат муутай бидний хувьд асар өндөр үүрэг хариуцлага байлаа. Байгалийн баялагтаа бялуурсан эдийн засаг солонгорч ч амжаагүй эхний цохилтоо авлаа. Хямрал ингэж л эхэлдэг юм. Африк, Латин Америкийн орнууд чухам үүн дээр л алдсан билээ. Нэр хүндээ ашиглаад өч төчнөөн мөнгө босгочихсон. Эдийн засагтаа шингээж чадах эсэхээ огт төсөөлөөгүй. Бонд арилжаанд гарч эхний хөрөнгө цуглаж эхлэхэд ч Засгийн газар олигтой төлөвлөсөн ажил үнэндээ байгаагүй. Мөнгөө уутлаад л байвал болоо гэж санасан хэрэг. Нөгөө шаазгай зүү олоод хийх газар олдсонгүй гэдэг шиг. 2017 оны 12 дугаар сарын 5-нд 535 сая ам.доллароос эхлүүлээд хамгийн сүүлд 2020 онд нэг тэрбум ам.долларыг өрөндөө төлнө. Үгүй бол хүү нь геометр прогрессоор өсч эхэлнэ.  Дээр нь иенээр зээл авах Самурай бонд гаргахаар УИХ, Засгийн газар идэвхтэй ярих болов. Япончууд олон талын үзүүлэлт харна л даа. Хэрвээ өгчих юм бол эдийн засаг өөрөө муу дээрээ муухай, муухай дээрээ улцан болж таарна.

.

Бид гадаад зах зээл дээрээс мөнгө олж чадах нь тодорхой. Эдийн засгийн голлох үзүүлэлтүүд өнгөрсөн оныхтой харьцуулахад илтэд буурсан ч дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ ханшийн тогтвортой байдал ийм бололцоог хэсэгтээ л өгөх болов уу. Гол нь гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг урт удаан хугацаанд тогтвортойгоор өөртөө байршуулах хууль эрхзүйн орчноо төгөлдөржүүлэх, томоохон бүтээн байгуулалтад бондын хөрөнгийг цацахгүй байх, богино хугацаанд эргэн төлөгдөх зээл тэр дундаа дотоодын жижиг дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийж эдийн засгаа солонгоруулахад л хөрөнгө мөнгөө зарцуулмаар байна. Нэгэнт тавьсан өрөө эдийн засагт дарамтгүйгээр яаж хариуцлагатай төлөх вэ. Ямар өр төлөх яам байгуулалттай нь биш дээ. Өрийн сан байгуулах нь чухал гэж олон эдийн засагч санал дэвшүүлсэн. Энэ ч үнэний хувьтай. Өр зээл тавьчихаад мартчихдагаас болоод хуримтлагдсан өр зээл ингэж ДНБ-ний 60 хувьд хүрч эргээд биднийгээ багалзуурдах хэмжээнд хүрчихээд байгаа юм. Салбар болгоноос жаалхан мөнгө цуглуулж хүрэхгүй болохоор нь татвар төлөгчдийн мөнгөнд хуруугаа дүрж баймааж нь төлдөг зуршлаасаа салж Өрийн сангаас төлчихдөг бол маньд л ашигтай. Сан мэдээж хөдөлгөөнтэй байх ёстой. Цугласан мөнгөөрөө богино хугааны үечлэлттэй зээл гаргаж хүүгээр нь урган төлжиж байх шаардлагатай. Гол нь жилд хэчнээн ашиг олж, хэчнээнийг нь ямар зээлийн өр төлсөн зэрэг нь нийтэд ил тод байвал аль алиных нь хар сэжиг арилна. Өрнөөс айх биш өрийг арвижуулж ашиг олж сурах нь чухал байна. Эс тэгвэл өр, зээл хадны мангаа байсаар байх болно. 

Н.Бадамжав

сэтгэгдэл үлдээх