Эх хэлээ хайрлахуй

Аливаа улс үндэстэн оршин тогтнож буйг хэл, соёлоор нь хэмждэг гэдэг. Дэлхий дээр зургаан мянга гаруй хэл байдаг гэсэн эрдэмтдийн судалгаа байна. Эдгээрийн ерэн хувиар маш цөөн тооны хүмүүс ярьж, гурван мянга орчим нь мөхөж буй хэлний тоонд оржээ. Хоёр сард нэг хэл мөхөж буй гэх. Хэл соёлын тусгаар тогтнолоо алдсан улс үндэстэнгүүд нь ч түүхийн хуудаснаас арчигдсаар л...  Энэ тоог сонссон эрхэм Монгол хүн таны сэтгэлд юу бодогдоно вэ.

Би хэл шинжээч ч юм уу, судлаач биш л дээ. Эгэл жирийн л нэг сэтгүүлч. Гэхдээ гадаа гараад алхахад ч тэр гэртээ зурагт харж, сонин гарчиглаж суухад ч тэр өөд уруугүй хөврөх гадаад үгийг хараад өөрийн эрхгүй үзэг цаас нийлүүлсэн юм.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл

Чин зоригт өвөг дээдсийн минь өв эх эрдэнэ

Сонсох бүрд яруу сайхныг гайхан баясч

Сод их билэгт түмэн юугаан биширэн магтнам хэмээн Б.Ренчин абугайн бичиж байсан тэр аялгуу сайхан Монгол хэл минь өнөөдөр юу болж хувираад байна даа. Яруу сайхан эх хэл минь ядмагхан гадаад үгээр баяжсаар л байх уу.

Бид лифтээр бууж подьезоор гараад автобусанд сууж асфалтан замаар алхаж интернетэд чатлаад, супермаркетаар шоппинг хийгээд, паб-д стрессээ тайлж кайф аваад, караокед дуу дууллаад... гэж ярьдаг болоод удаж байна.

Энэ хорин нэгэн үгийн арван хоёр нь гадаад үг байна. Энэ бол зүгээр л бидний орой гэртээ суугаад гэрийнхнээсээ өнөөдөр хаагуур юу хийсэн талаарх мэдээг сонсдог товч яриа. Хорин үгийн арав гаруйд нь гадаад үг хэрэглэчихээр бид чинь хаанахын хэн болоод байнаа гэх бодол эрхгүй төрнө. Энэ үндэсний эмгэнэл биш гэж үү. Уг нь аль нэг улсын хараат орон биш хэдэн зуунаар уламжлагдан дамжаад ирсэн хэлтэй, соёлтой тусгаар тогтносон Монгол шүү дээ.

Гараад харахад нэг байшингийн буланд доод тал нь 5-6 гадаад хаяг байхыг, зурагтын сувгуудаар өдөржин сурталчлах хэл ээдрэм үгтэй сурталчилгааг, бүр хэл соёлын өндөр түвшинд ажиллах ёстой хэдэн сэтгүүлчид нь хүртэл  оройжин гадаад, монгол хольж ярихыг хараад гутаж байна. Радио, телевиз сонины нэр хаяг ч тэр доторх нэвтрүүлэг, мэдээлэл нь ч тэр, сэтгүүлчид нь ч гадаад, монгол хольж хазгай мурий ярина, бичнэ. TB-9 телевизийн инфо сэтгүүл, UBS телевизийн ТВ зоне сэтгүүл, Нийслэл таймс, Улаанбаатар таймс гээд уртын урт цуваа цааш үргэлжилнэ. Уг нь эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн захирал эздүүд нь манайдаа л өмнөө барьдаг “том” сэтгүүлчид байлтай. Юманд учир, үгэнд утга бий гэж манай ард түмэн ярьдаг. Тэгвэл тэд мэдээллийн хэрэгслийнхээ нэрийг гадаадаар өгдөг нь учиртай л байлтай.

Бид ад үздэг социализмын үед нутагшсан орос үгтэй байсаан. Жишээ нь шприц, радио, телевиз, кино, кассет, район, градус, шевро, коршонк, конверт, консеров, гэх мэт...

Гэтэл ардчиллын буянаар нээлттэй чөлөөт нийгэм бидэнд үйлчилсэнээр оффис, супер, баар, ресторан, имиж, элит, эко, экологи, мансард, маркет, вакуум, памперс, монопол, схем, такс, анкет, рулет, хаус, хотел, таун, констракшн, энтертайнмент, лизинг, линз, моргеж, меню,  бойлуур, интернет, интерьер, экстерьер, кайф, канон, нотариат, рс ... гээд л нөгөө социализмын үеийн хэдэн орос үгнээсээ хэд дахин давсан гадаад үг хэллэг эх хэлэнд маань чимэг бус согог нэмсээр байгааг юу гэх вэ. Бас солонгос, хятад хаяг нэрүүд ханз энэ тэр үсгээрээ үргэлжилнэ. Монгол хүн ойлгоход бэрх бүр хятад, солонгосын нэг хотод яваа мэт дүр зураг харагдана. Хөдөөний хүн бол хотод дэлгүүр ч олж орж чадахааргүй болж, дэлгүүр гэж хаягаа бичихийн оронд “shop” гээд биччихнэ.

Ардын уран зохиолч Тангадын Галсан нэгэнтээ “Эх орныхоо нийслэлд алхаж явахад дундад зууны үеийн арабт явж байгаа юм шиг л ханз, араб гээд л гадаад хаяг үргэлжилсээр...” хэмээн ярьж байсныг ч санахад буруудахгүй байх.

“...Эх хэлнээ гадны үг орж үгсийн санг баяжуулах нь бүх хэлэнд байдаг үзэгдэл тул харийн үг бүхнийг нүд үзүүрлэн гадуурхаж болохгүй. Тэдгээр үгсийг аль болох утгачлан орчуулж, нэршүүлж заншихын зэрэгцээ яахын аргагүй нутагшсан үгсийг хэл шинжлэлд мөрддөг хуулийн дагуу дуудлагаар нь бичиж мөрдөх нь зөв юм. Харин гадаад үгсийг толилох, нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй оноон тогтоох, баталж мөрдүүлэх, жигдлэн хэвшүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх гээд шийдэж цэгцлэх ажил хэл шинжээч бидэнд байна...” хэмээн хэл шинжлэлийнхэн хэлсэн байх юм.

Эндээс харахад гадны үг орж ирж нутагших нь байдаг ч манайд арай л дэндээд байгааг хэн хүнгүй л харж байна. Иргэд нь чамирхаж гангараад ч юм уу гадаад үгээр ярьдаг байж гэж бодоход нийслэлийн байшин бүрийн буланд буй гадаад хаягийг юу гэх вэ.

Нийслэлийн захирагчийн албанаас ч билүү байгууллагын хаяг, нэрийг заавал монголоор бичих гэсэн нэг захирамж гарч байсныг санаж байна. Энэ захирамж уг нь хэвээрээ л баймаар. Гэвч гадаад нэртэй, юу гэж буйг бүү мэд гадаад үсэгтэй хаяг нэрүүд үргэлжилсээр байгааг харахад цаасан дээр бичигддэг дарга нарын гарын үсэгтэй тушаал зааврын нэг болоод л дарагдсан бололтой.

Хэл шинжээчид, эрдэмтэн багш нар нь дуугүй л суугаад байдаг. Тэд нийлж нэгдээд  эмх замбараагүй энэ гадаад үгийг орчуулан монголоор нь хэлж сургах, гадаад хаяг нэрүүдийг зохих газартай нь хамтарч монголчлох гээд л хийх ажил мундахгүй л баймаар санагдана. Гэтэл дуугүй суугаад гадаад үг хэллэгийг өөгшүүлээд байгаа нь хачирхалтай. Тэдний нүдэнд үзэгдэхгүй, чихэнд сонсдохгүй байна гэж л баймааргүй. Бид чинь эх хэлээ голоод байна уу. Эсвэл...

Эх хэлээ сурах, заах, хайрлах, эх хэлний утга учрыг ойлгуулах гээд хэл соёлоо дээдлэх талаар жаахан ч гэсэн ажил хийхгүй бол чимээгүй тахал эх хэлийг минь, цаашлаад эх орныг минь залгихаар хаалга тогшоод байгаа юм биш биз. Бид эх сайхан монгол хэлээ эвдэж хэл ээдрэм харийн үгэнд найр тавьсаар байх уу.

 

сэтгэгдэл үлдээх