Тэр МОНГОЛ чадлаа

Их Британийн Кардифф хотноо 2017 оны “BBC Cardiff Singer of the World” уралдаан болж өндөрлөхөд монголл түмэн огшихгүй байхын аргагүй байлаа. Британийн “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын энэхүү  уралдааны шилдэг 20-д УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, ОХУ-ын "Марийнский" театрын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар нар шалгаран үлдэж,  шилдгийн төлөө өрсөлдсөн. МУГЖ Г.Ариунбаатар тус тэмцээнд хоёр төрлөөр оролцсон. Тэрбээр романс  төрлийн эхний шатанд төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Л.Жанцанноровын “Чиний минь нулимс” романсийг дэлхийн бусад хөгжмийн  зохиолчдын  бүтээлтэй хамтатган дуулж финалд шалгараад байсан. Тэрбээр “BBC Cardiff Singer of the World” тэмцээний романсын төрөлд тэргүүн байр эзэлжээ. Харин ари төрөлд шилдэг таван дуучны нэгээр шалгарсан байна. Тэрбээр “Намайг үргэлж дэмждэг Монгол, Буриадын ард түмэндээ, багш нартаа маш их баярлалаа. Бүр илүү ихээр хичээх болноо. Эх орондоо дөрвөн цомтой харих байсан нэгийг нь нутгийн бүсгүйд алдчихлаа” гэжээ. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уралдаанд Итали, Америк, Англиа, Норвеги зэрэг орны дуурийн дуучин өрсөлдсөн. Дашрамд сонирхуулахад хоёр жилийн өмнө энэхүү тэмцээнд УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин оролцож, үзэгчдын нэрэмжит шагнал буюу тусгай байранд шалгарч байсан билээ. Өрсөлдөж байсан дуучид нь түүний хоолойн гайхамшигийг мэдэж байсан ч эцсийн мөчид Тэр МОНГОЛ чадлаа гэж хашгиран Браво... браво гэж тайзны ард алгаа ташиж байсан гэнэ.     

сэтгэгдэл үлдээх