Алуурчин оргилыг Г.Өсөхбаяр байлдан дагуулахаар зэхэж байна

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр өнөөдөр өндрөөрөө Эверестийн дараа ордог ч эрсдэлээрээ дэлхийн хамгийн өндөрт тооцогддог К2 уулыг зорин хөдөлж байна. К2 оргил /Каракарум/ нь далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог. “Алуурчин уул” гэгддэг К2-ын оргилд энэ жил нэг ч хүн гарч чадаагүй байгаа. Дэлхийн хамгийн эрсдэлтэй, хүнд замтай энэ оргилыг гурав, дөрвөн жил дараалан зорьж очоод, гарч чадаагүй уулчид олон. Г.Өсөхбаяр К2-ыг зорьж буй Монголын хоёр дахь уулчин болж байна. Өмнө нь 2013 оны долдугаар сард Гавьяат тамирчин Б.Гангаамаа К2-ыг зорьсон ч түүний багийнхан 7000 метрийн өндөрт хүрээд, авиралтаа зогсоосон юм. Б.Гангаамааг К2-ыг зорих үед тэдний багийнхан тухайн жилд оргил руу дайралт хийсэн 14 дэх экспедици болж очсон ч өмнөх 13 багийн адил байгалийн давагдашгүй бэрхшээлд бууж өгөөд, буцахаас өөр арга байгаагүй гэдэг.

K2 ууланд авирах анхны оролдлогыг 1902 онд Их Британийн уулчин Алейстер Краули, Оскар Экенстейн нар хийжээ. Тэд 68 өдөр буюу хоёр сар гаруйн хугацаанд таван удаагийн дайралт хийж, 6525 метрт хүртэл очиж чаджээ. Тэр 68 хоногт зөвхөн найман өдөр нь л тэнгэр цэлмэг байсан тухай тэмдэглэгдэн үлдсэн байдаг. К2-ын оргилд хүрсэн анхны хүмүүс бол Италийн уулчин Ачиле Компаньони, Лино Лачеделли нар юм. Тэд 1954 оны долдугаар сарын 31-нд “алуурчин” уулыг анх удаа ялжээ. Гэвч тэдний авиралтаас хойш К2 бүхэл бүтэн 23 жил оргилдоо дахин хүн хүргээгүй юм. Олон уулчдын зориг зүрх мохмоор он жилүүдийн дараа 1977 онд Японы уулчин Ичиро Ёшизава К2-ыг эзэлсэн. “Алуурчин” оргилд хоёр дахь авиралтаа амжилттай дуусгасан анхны уулчин Чехийн Жозеф Раконкай. Түүний хоёр дахь авиралт 1986 оны долдугаар сард тохиосон юм. К2-ын оргилд хүрсэн хамгийн өндөр настай уулчин Испанийн иргэн Карлос Сория Фонтн. Тэрээр 2004 онд 65 насандаа догшин уулын оргилд мөрөө үлдээж байжээ. Энэчлэн К2 цөөхөн уулчдыг тэргүүндээ хүргэсэн догшин, хатуу, харгис уул. Тийм ч болохоор оргилыг “алуурчин уул” хэмээн нэрлэдэг. Эверестэд гарсан уулчин мундаг. К2-ын оргилыг эзэлсэн бол бүр илүү мундаг. Уулчид ингэж зиндаагаа тодорхойлдог. Хүнд хэцүү, амь насаараа дэнчин тавьсан авиралт хийж буй уулчин Г.Өсөхбаярт амжилт хүсье.

УУЛЧИН Г.ӨСӨХБАЯР - ТҮҮХЭН АВИРАЛТУУД

  1. Бялуха, өндөр 4600 м, 2004.06.20
  2. Нинчин Тангла, 2005.02.15
  3. Эверест, өндөр 8850 м, 2005.05.30
  4. Эверест, өндөр 8850 м, 2007.05.14
  5. Хойд Америкийн ноён оргил Маккенли, өндөр 6195 м, 2008.07.08
  6. Африк тивийн ноён оргил Килиманжаро, өндөр 5895 м, 2009.02.22
  7. Европ тивийн ноён оргил Эльбрус, өндөр 5642 м, 2009.05.21
  8. Хойд туйл, Хойд өргөргийн 90 градус, 2013.04.20
  9. Австрали тивийн Костюшко оргил, өндөр 2228 м, 2015.04.19
  10. Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа, өндөр 6962 м, 2017.02.10

сэтгэгдэл үлдээх