Долдугаар сарын 9-нд явагдах дахин санал хураалтын өртөг 7.2 тэрбум төгрөг

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.  Сонгуульд оролцох эрхтэй нийт иргэдийн 68,27 хувь нь санал хураалтад оролцсон байна. Нэрсийн жагсаалтад 1978268 нэр  бүртгэгдсэнээс гадаадад амьдарч байгаа Монгол Улсын харъяат 7209 хүн саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Дээрх бүртгэл баталгаажсанаас хойш 27 хүн нас барсан байна. Мөн “түр хасав” тэмдэглэгээтэй 44 мянган иргэн байснаас 3388 сонгогч ирж саналаа өгчээ.

Ингээд зургадугаар сарын 26-нд нийт 1988868 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэлтэй байснаас 1357788 сонгогч сонгуульд оролцжээ.

Сонгуулийн ирц 68,27 хувь хүрсэн тул сонгуулийг хүчинтэйд тооцож байгаагаа СЕХ-ноос зарлалаа.

Мөн тус хороо намуудын нэр дэвшигчдийн дүнгийн талаар хэлэлцсэн байна. Хамгийн сүүлийн дүн мэдээ өнөөдөр өглөөний 9.10 цагт Говь Алтайн Цогт сумын 428 дугаар хэсгээс иржээ. Яагаад ингэж удсаныг мэдээлэл технологийнхон болон  тагнуулынхан шалгаж байгаа аж.  Тус хэсгээс тайлбарлаж байгаагаар “Мобиком, Юнителийн сүлжээ тасарсан.  Ингээд өнөө өглөө 09.10-т мэдээгээ авсан” гэжээ. Тиймээс хорлон сүйтгэх ажиллагаа  явагдсан эсэхийг тагнуул, цагдаа шалгаж, нягталж байгаа аж. Өмнө нь ийм асуудал гардаггүй байсан гэдгийг СЕХ онцлов.

Санал хураалтын дүн:

  • М.Энхболд 411748 - 30,32 хувь
  • Х.Баттулга 517478 - 38,11 хувь
  • С.Ганбаатар 409899-30,19 хувь

Үндсэн хууль, Сонгуулийн хуульд зааснаар хэн ч олонхын санал авч чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болсноо СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь санал хураалтыг 2017 оны долдугаар сарын 9-нд болно. Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын харъяат иргэдийн санал хураалтыг долдугаар сарын 4-нд явуулахаар болжээ.

Анхан шатны сонгуульд оролцсон Х.Баттулга, М.Энхболд нарыг хоёр дахь санал хураалтад оруулахаар шийдсэн байна.

Саналын хуудасны загвар, тоо нэгдсэн дугаарыг баталлаа. Өнөөдрөөс бэлтгэл ажилдаа орж байна гэж СЕХ мэдээллээ. Мэдээлэлийн дараа СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сэтгүүлдчийн асуултад хариулсан юм.

-Баян-Өлгий аймгийн санал нэлээд удаж ирсэн. Энэ юунаас болсон бэ?

-Санал хураалтын дүнг дамжуулах зохицуулалтай. Тус аймгийн Сонгуулийн хороо нь техникийн тооллого хийгээд, дараа нь мэдээлэл дамжуулахаар шийдсэн байсан. Үүнээс болж удсан.

-Сонгуулийн санал тоолж байхад намуудын төлөөлөл ирсэн байсан. Ямар учраас СЕХ-нд ирсэн бэ?

-Сонгуулийн ерөнхий хороонд гурван намын төлөөлөл ирж уулзсан. Нэр дэвшигчид өөрийн ажиглагчдаар дамжуулаад санал хураалтын дүнг мэдсэн байсан. Үндсэндээ СЕХ мэдээгээ дамжуулахаас өмнө намууд мэдсэн. Тиймээс дахин санал хураалтыг хэзээ явуулах вэ? гэдэг байдлаар ирсэн.

-Дахин санал хураалтын зардал хэдэн төгрөг болох вэ?

-Зардалд 7,2 тэрбум төгрөгийн тооцоо гарч байна. Энэ талаар СЕХ хуралдаад Засгийн газраас гаргуулах нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан.

сэтгэгдэл үлдээх