Х.Баттулга, М.Энхболд нарын хэн нь ч Ерөнхийлөгч болохгүй буюу УЛС ТӨРИЙН ТОМЪЁО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалтын үр дүнд олон хүний таамаглаагүй нөхцөл байдал үүсээд байна. Гэвч олон хүн таамаглаагүй гэдэг нь энэ нөхцөл байдлыг хэн ч тааварлаагүй гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, энэ нь хэн нэгний хувьд маш нарийн тооцож, хувилбаруудыг нь зурсан төлөвлөгөө байж мэднэ. Урьд өмнө тохиолдож байгаагүй нэн шинэ үйл явдал, улс төрийн оньсоготой тулгарлаа гэж биднийг гайхан дуу алдацгааж байхад  хэн нэгэн нь “Бүх зүйл тооцож төлөвлөсний дагуу явж байна” гээд битүүхэн жуумалзаж байхыг үгүйсгэхгүй. Тийм хэн нэгэн байх боломжтой. Хэрвээ байгаа гэж үзвэл тэр нь хэн байх боломжтой вэ? Нийтлэлч миний санаанд С.Баяр, Н.Энхбаяр гэсэн хоёрхон хүний л нэр бууж байна. Одоохондоо тэднээс өөр энэ хэрээний стратеги боловсруулж, холын нүүдэл хийх улстөрч Монголд байхгүй. Ц.Элбэгдорж байх боломжтой хэдий ч түүнд төлөвлөгөөг ингэж бүтнээр өрнүүлэх шаардлага байхгүй. Түүний хувьд эхний санал хураалтаар л М.Энхболдыг залгамжлагчаараа тодроосой гэж хүсэхийг илүүд бодох байсан. Харин М.Энхболд, Х.Баттулга нарын хэн нь ч хоёр дахь санал хураалтыг хүсээгүй, төлөвлөөгүй нь мэдээж.

Үүнийг үл нуршин улс төрийн нарийн тооцоолол бүхий төлөвлөгөө хэрэгжиж байж мэдэх юм гэсэн таамаглалынхаа тухай яриандаа оръё. Хэрвээ үнэхээр ийм нөхцөл байдлыг тооцож үзсэн улс төрийн тоглогч байгаагүй гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Улс төр бол бүх хувилбаруудыг зурж, дүрсэлж, тооцоолж, төлөвлөж байж нүүдэг том ухаан. Аливаа магадлал, боломж, хувилбаруудыг бүгдийг тооцож үзсэн байгаад зогсохгүй тэдгээр нөхцөлд хийх үйлдэл, шийдлүүдээ нэг бүрчлэн төлөвлөсөн байхыг шаарддаг салбар. Эрх мэдлийн тоглоом буюу улс төрийн өргөөр хэр баргийн хүү наадаад байдаггүй нь ийм учиртай. Тэгвэл тэр хэн нэгэн хувилбаруудаа хэрхэн зурсан байж болох вэ? Хэрвээ одоогийн нөхцөл байдал ямар нэг төлөвлөгөөний биелэл, аль нэг бодлогын хариу байвал яах вэ?

ТОМЪЁО 1:

Ямар ч бодлогыг бодохын тулд томъёо хэрэгтэй. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн одоогийн өрнөж буй бодлогыг урьдчилан бодоход хэд хэдэн томъёо ашигласан байх боломжтой. Сонгуулийн тухай хуулийн 105.1-т “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна”, 148.1-т “Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тохиолдолд анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцно” гэх хоёр заалтыг ашиглаж болохыг хэн нэгэн эрт анзаарчээ. Хэрэв хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын олонхийн санал аваагүй бол дахин сонгууль явуулах юм. Өөрөөр хэлбэл, намууд одоогийн нэр дэвшигчдээс өөр хүнийг нэр дэвшүүлэх бололцоо гарч ирнэ. Аль ч нэр дэвшигч нь ялахгүй байж болдог энэ боломжийг хэрэгжүүлэх санаа сэдэл хэн нэгэнд төрсөн байж тун магадгүй. Анхааралтай эргэн санавал, ийм сэдэл санаатай үйл явдлууд олон өрнөж өнгөрснийг мэдэж болно.

ТОМЪЁО 2:

Нэр дэвшигчид тодорсон эхний өдрөөс эхлэн “Сонголтгүй сонгууль” гэдэг мессеж олны дунд хүчтэй явсан. Өөрөөр хэлбэл, МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд, АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар нарын хэн нь ч дараагийн Ерөнхийлөгч болох ёсгүй гэсэн байр суурь, пиар эхний өдрөөс л цухалзаж, хүчтэй газар авсан. Үүнийг хэн нэгэн зохиомлоор хөөргөдөөгүй юм гэхэд илт бишээр дэмжиж, ийм боломжуудыг санал болгож байсан. Тухайлбал, сонгуулиа өгөхдөө цагаан хуудас буюу хэнийг нь ч дугуйлахгүй байх сонголт бий гэдгийг хэлж, сануулж өгөхөөс энэ ажил эхэлсэн байх магадтай. Хуулийн хүрээнд ийм боломж бас байдаг гэдгийг энгийн иргэд төдийлөн мэддэггүй байсан. Өмнөх сонгуулиудад иргэд баллаж, цохолж, будилснаас саналын хуудас хүчингүй болж байснаас бус цагаан хуудас гэгчийг сонгосноос болж, саналын хуудас аль нэг талд тоологдохгүй үлдэж байсан тохиолдол бараг л байхгүй. Гэтэл энэ удаагийн сонгуульд цагаан хуудсаар санал өгсөн иргэдийн тоо 18 мянга давжээ. Энэ нь санамсаргүй тохиолдлын чанартай үзэгдэл байсан гэж бодох хэцүү. Хоёр дахь өгөгдөл нь сонгуулийн санал хураалтын үеэр цагаан хуудсыг худалдаж авч байсан гэх баримт. Гурван нэр дэвшигчийн хэнийг нь ч сонгоогүйн төлөө мөнгө төлж байсаан гэсэн үг. Энэ нь нэр дэвшигчдийн хэн нэгэн нь олонхийн санал буюу 50-иас дээш хувийн санал авахаас сэргийлсэн, болгоомжилсон алхам байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, анхнаасаа л Ерөнхийлөгчийн сонгуулийг хоёр даваатай болгохыг хүссэн хэн нэгэн хүн, эсвэл бүлэг байсан гэсэн үг л дээ.

ТОМЪЁО 3:

Сонгуулийн хоёр дахь шат руу туун аваачих бас нэг боломж нь МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Нэр дэвшигчид тодорхой болсон эхний өдрөөс л 50-иас дээш хувийн санал авах нэр дэвшигчдийн боломж эрс буурсан. Гурав дахь хүнээр С.Ганбаатар тодорсондоо ч биш юм. Энэ сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон нь л дээрх боломжийг нөхцөлдүүлсэн хэрэг. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 20 хувиас дээш санал авсан тохиолдолд үлдсэн хоёр нэр дэвшигчийн санал нийт сонгогчдын 50 хувийн босго давахгүй байх магадлал байсан. Гэтэл С.Ганбаатар ажиглагч, судлаачдын таамаглаж байснаас ч илүү санал өөртөө татаж чадсанаар хоёр дахь санал хураалт руу шилжлээ. Эхний санал хураалтаар аль ч нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авах ёсгүй гэсэн төлөвлөгөө ийнхүү амжилттай хэрэгжив. Тэгвэл хоёр дахь санал хураалтаар тунаж үлдсэн хоёр нэр дэвшигчийн нэг нь 50-иас дээш хувийн санал авчих боломжтой. Гэтэл энэ төлөвлөгөөг зохиосон хүн үүнийг хүсэх нь юу л бол. Тиймд үүнийг яаж хориглох вэ? Ямар томъёо хэрэглэж болох вэ?

ТОМЪЁО 4:

Ерөнхийлөгчийн сонгуулийг хүчингүй болгох замаар хугацаа хожиж, улмаар өөр нэр дэвшигчид тодруулах зорилготой бодлого улс төрд өрнөж байна гэж хардвал, энэ зорилгыг хангахын тулд хоёр дахь шатны санал хураалт ч мөн хүчингүй болох учиртай. Тэгвэл үүнийг яаж хийх вэ? Хоёр тохиолдолд хоёр дахь санал хураалтаас Ерөнхийлөгч төрөхгүй. Эхнийх нь сонгуулийн ирц хүрэхгүй тохиолдолд. Удаах нь мөн л аль нэг нэр дэвшигч олонхийн санал буюу 50-иас дээш хувийн санал аваагүй тохиолдолд.

Тэгвэл бодлого зохиогчид энэ хоёр боломжийг хоёуланг нь ашиглахыг зорих байх. Юун түрүүнд сонгуулийн ирцийг хүргэхгүй байх арга мэхүүдийг бодолхийлж таарна. Ингэхдээ хэний ч хар төрөхөөргүй зохион байгуулах ёстой. Сонгуулийн тухай хуулийн 105.1-т “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна” гэж заасны дагуу СЕХ-ноос дахин сонгуулийг долдугаар сарын 09-ны өдөр явуулахаар тов зарлав. Энэ үе бол монголчуудын найр наадам, амралт зугаалга тохиосон мөч. Бүх хүний сэрэмж дээд зэргээр алдагдсан байх төдийгүй идэвх, оролцоо илтэд буурсан байхыг тооцоолсон байж болох талтай.

АН-ын зүгээс энэ өдөр хоёр дахь санал хураалтыг зохион байгуулахыг эсэргүүцэж байгаа нь зайлшгүй шалтгаантай. Ирц хүрэхгүй байх магадлал тун өндөр. Сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй байж мэднэ. Энэ тохиолдолд үлдсэн хоёр нэр дэвшигчийн хэн нь ч үнэмлэхүй санал авсан байлаа гээд тусыг олохгүй. Ерөнхийлөгч болохгүй. Яг ийм шалтгаанаар долдугаар сарын 09-ний өдрийг сонгосон байж болзошгүй.

Хоёрдугаарт, мөнөөх цагаан хуудас гэдэг боломжийг улам илүү ашиглаж мэдэх юм. Бүр тодорхой хэлбэл, хоёр нэр дэвшигчийн хэнийг нь ч сонгохгүй гэдэг хувилбарыг сонгох юм уу, дахин саналаа өгөхгүй гэх хүн олон гарч мэднэ. Энэ тохиолдолд ирц 50 хувьд хүрсэн ч аль ч нэр дэвшигчийн санал 50 хувийг давахгүй гэсэн давхар мэх хэрэгжих боломжтой.

Одоогийн нөхцөл байдлаас олон нийт дүгнэхдээ, С.Ганбаатарын санал хоёр нэр дэвшигчийн хэн рүү нь шилжих бол гэж бодож буй. Эхний санал хураалтаар С.Ганбаатарт саналаа өгсөн хүмүүс хоёр дахь санал хураалтаар М.Энхболд, Х.Баттулга хоёрын хэнд нь санал өгөхөөс хамаарч, ялагч тодорно гэж харж байгаа. Гэвч энэ бодлого өөр томъёотой.

ТОМЪЁО 5:

Одоо хэрвээ ийм төлөвлөгөө бий бол, төлөвлөгөөг зохиосон байж болзошгүй эрхмүүдийн талаар таамаг дэвшүүлж үзье. Өмнө хэлсэнчлэн, ийм төлөвлөгөөг сэдэх, хэрэгжүүлэх улстөрч олонгүй. Олон байлаа гэхэд яг тулсан ашиг сонирхолгүй, хэрэгцээ шаардлагагүй. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийг дахиулах хэрэгцээ хэнд байж болох вэ? Эсвэл Х.Баттулга, М.Энхболд хоёрыг дараагийн Ерөнхийлөгч болгохгүй байх ашиг сонирхол хэнд байж болох вэ? Эндээс л энэ бодлогын хариу гарна.

Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин шинээр зарласан тохиолдолд аль аль намаас шинэ хүмүүс нэр дэвшинэ. МАН-аас Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нарт хүрд эргүүлэх боломж олдоно. АН-ын хувьд Х.Баттулгад ялагдсан Н.Алтанхуяг, Лу.Болд, Р.Амаржаргал, Б.Жаргалсайхан нар нэрээ дэвшүүлж таарна. Эндээс хэн нь сугарахыг таахад хэцүү. МАХН-аас Н.Энхбаярт шууд боломж олдоно. Түүний өмнүүр орж нэр дэвших санаархал цухалзуулах хүн мэдээж гарч ирэхгүй. Н.Энхбаярын ялтай байх хугацаа ирэх наймдугаар сард хэдийнэ дуусчихсан байх болно. Эрх баригчдын зүгээс түүний сонгуульд нэр дэвших эрхийг дахин хазаарлах боломж үлдэхгүй. Аль нэг шалтаг олдож, нэр дэвшүүлэхгүй тохиолдолд МАН маш муухай харагдана. Хэрвээ Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл ногоон гэрлээр сонгогдоно гэдэг нь саяхны өдөр С.Ганбаатарын авсан саналаас илэрхий байна.

Ингээд бодвол, Н.Энхбаяр ийм төлөвлөгөө зурсан юм биш биз ээ гэж эрхгүй бодогдож байна. Хэрэв тийм гэж үзвэл С.Ганбаатарын санал хааш одох нь машид тодорхой болно. Х.Баттулга дээр нэмэгдэхгүй, М.Энхболд дээр ч очихгүй. Цагаан хуудас руу шилжих юм уу, сонгуульд санал өгөхгүй байх хэлбэрт шилжинэ. Н.Энхбаярын мэх, алсын хараа, улс төрийн туршлагыг бодолцвол ийм байх магадлал бий. Н.Энхбаяр биш гэхэд, Х.Баттулга, М.Энхболд нарын хэн нь ч дараагийн Ерөнхийлөгч болох ёсгүй гэж үзэх өөр хэн нэгэн заавал бий. МАН-д бий, АН-д бий. МАН-аас гэж хардвал, С.Баяр байх магадтай. С.Баяр гэх аваас У.Хүрэлсүхийн эрх ашгийг бодолцсон нүүдэл байх ч магадгүй ээ.

 

Эх сурвалж. Zindaa.mn

 

 

сэтгэгдэл үлдээх