Х.Баттулгыг сайд байх үед малын вакцин, ивомекны хулгай буурч, зогссон юм шүү

1990 оноос Монгол ардчилсан улс болсон гэдэгт итгэж ихээхэн эндүүрсэн. Сонгууль ардчилсан зарчмаар явагддаг хийгээд Монголын ард түмэн бид төрийн эрх барихад оролцож төлөөллөөрөө хэнийг сонгохоо би өөрөө шийддэг болсон гэдэгт итгэж зөндөө хууртсан. Хуулийн өмнө бүх хүн тэгш эрхтэй гэдэгт итгэж бишгүй их хулхидуулсан. Улс орон, салбар, байгууллага, хувь хүний хөгжилд мэдлэг, мэргэшил чухал бөгөөд илүү өндөр мэдлэг, мэргэшилтэй нь илүү өндөр мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадвар шаарддаг ажлын байран дээр ажиллана гэдэгт итгэж явсаар байнга алдсан. Хуурамч буюу худалдаж авсан бакалавр, магистр, докторын диплом нь мэдлэг, мэргэшлийн илэрхийлэл биш бөгөөд тэр нь ажлын байран дээр өрсөлдөх батламж, баталгаа болохгүй гэж найдаж явсаар олон боломж алдсан. Цүнх барих, бөгс хонго долоох нь мэргэжил, мэргэшил биш гэж бодож явсан ч нүдний өмнө маш ашигтай мэргэжил, мэргэшил  болж хувирсантай өдөр бүр тааралддаг болсон. Төрийн албан тушаал, мэдээлэлд ойрхон байсан нь нийтийн өмчийг хулгайлж, луйвардаж, авлигадаж  өөрийн болгочихоод ичих ч үгүй, түүнийг нь хүмүүс мэдэхгүй байгаа юм шиг, оюун ухаан болон булчингаа ажиллуулан ариун цагаан хөдөлмөрөөрөө хөрөнгөжсөн мэт хаахалзаж, хээхэлзэх нь нүдний дасал болсонтой эвлэрсэн. Бусдад нэг ч удаа бараа, ажил, үйлчилгээ нийлүүлж байгаагүй, нэг ч төгрөгний татвар төлж үзээгүй бөгөөд зөвхөн төрд ажиллаж, албан тушаалын цалингаа авч явж байгаад ид шидээр тэрбумтангууд бологсдыг ядуу ард түмэн нь дахин дахин төрийн албанд шат дэвшүүлэн залж өргөмжлөн, азтай одтой, амны хишигтэйг нь шагшин магтаж тахин шүтэхдээ дөхдөг болсныг харж зогссоор хол хоцорсон. Манай нийгмийн олонхи нь тэдгээр олигархи, хулгайч, луйварчин бүлгийн гишүүдээрээ бахархаж, тэдэнтэй гар барьсандаа баясан гараа угаахгүй хонож, тэднийг үзэн ядах бус хүндэтгэн харьцаж, яавал тэдэнтэй ойртож “ач буян”-ыг нь хүртэх талаар өдрийн бодол, шөнийн зүүд болцгоож явааг шимтэн харцгаах болсон. Яг л Жоорж Орвеллийн “Амьтны ферм” номонд гардагчлан “Бүх амьтан тэгш эрхтэй, гэхдээ зарим амьтан бусдаас илүү эрхтэй” гэдэгт бүрэн итгээд л “амандаа ус балгасан мэт” сажилж явцгаана даа.

Улс орны, нийтийн эрх ашгийг хамгаалах ёстой хууль сахиулагчдыг удирдлагынх нь хамт худалдаад авчихсан тохиолдолд  гэмт хэрэг үйлдэгчид, рекетчид, танхай балмад этгээдүүд болон янз бүрийн аргаар мөнгөжсөн луйварчид нь хүн дарамтлах, хүрээ талахдаа тулж  төрийн, нийтийн, хэсэг бүлгийн, хувь хүний эрх ашгийг маш ноцтойгоор зөрчсөн гэмт үйлдэл хийж байхад ч нөгөө татвар төлөгч бидний мөнгөөр цалинжаад, хангамж эдлээд гэмт хэргээс сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтнүүд маань ямар ч чимээгүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг, дэргэдээс нь харж зогсоод, гэмт хэрэгтэнгүүдтэйгээ нийлээд хөтлөлцөөд явах нь хэвийн үзэгдэл болсныг тод томруунаар харж баясацгааж байна. Хамгийн том гэмт хэрэгтнүүдээ халдашгүй дархан эрхтэй төрийн албанд байршуулахад нийгмээрээ хүлээн зөвшөөрч дуугүй суудаг болсныг харцгааж л байна.

Бараг бүгдээрээ л эрх мэдэлтэн, албан тушаалтанг нүднээс далд шүүмжилж, муу хэлж байснаа нүүрийг нь харчихаад тал засаж, малилзаж, гар барьж, бөхөлзөж, урд хойно нь орж эрх гөлөг шиг далдаганана. Тэгснээ эрх мэдэл, албан тушаалаас буунгуут нь нүүр буруулж, албан тушаалтай бөгөөд эрх мэдэлтэй байх үед нь нүүр лүү нь харж байгаад ганц ч удаа шударга шаардлага тавьж, алдаа оноог нь засаж залруулж чадаагүй байж ямар ч нөлөөлөл үзүүлэх чадамжгүй буюу албан тушаал, эрх мэдэлгүй болсон хойно нь шүүмжилж “баатар болох” гэж оролддог зэрэг зүй бус үйлдлүүд нийтийн дунд хэвийн бөгөөд байдаг л зүй ёсны үйл явц юм шиг болсныг харцгааж л байна.

Өнөөдөр манай нийгэмд энэ мэт ёс зүйгүй, ёс суртахуунгүй байдал ялангуяа дээд түвшиндээ хавтгайрч ард түмний үзэн ядалт нэмэгдсээр л байгааг юман чинээ тоохгүй л нэг талаас “намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав”, нөгөө талаас  “ноёнтой өрсөлдвөл толгойгүй, нохойтой өрсөлдвөл хормойгүй” гэгч болно гэж бодсоор л явцгааж буй бололтой. Доод түвшингийнхэн нь сайндаа л фейсбуук, твитер зэргээр ганц хоёр шүүмжлэх аядсан өгүүлбэр чулуудахаас цаашгүй л байцгаана. Бүр доод түвшингийнхэн нь зудтай хатуухан өвлийг даваад хавартай золгох үед арай ядан онд орсон төлөгнүүд нүдээ аньчихсан өвс тэжээл идэж байдаг шиг хаана юу болж буйг үл огоорон зөвхөн амь зогоох өдөр өнгөрөөх хоолноос цаадахыг бодох сэхээгүй явцгаана.

Дээр дурдсан олон олон ёс зүйгүй, ёс суртахуунгүй байдлын нэгэн жишээ яг одоо явагдаж буй Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн эргэн тойронд тохиогоод байна. Түүнд нь миний нэр ямар нэгэн хэмжээгээр холбогдсон байна. Тэр талаар телевизийн мэдээ, цахим сүлжээний мэдээлэлээс олж мэдэв. Тэгээд тэр ёс зүйгүй үйлдлийн талаархи үнэн зөв зарим мэдээллийг нийтэд хүргэх нь зүйтэй гэж үзэв. Монгол ардын намаас нэр дэвшигч Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн Миеэгомбын Энхболдыг дэмжих сурталчилгааны хүрээнд Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн, манлай уяач  Дамбын Хишигжаргал гэгч этгээд нь Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа мал эмнэлгийн зориулалттай, бүр тодруулбал, шүлхийгээс сэргийлэх вакцины хууль бус тендерт оролцож, муу чанартай, хөлдүү вакцин төсөвт шахсан мэтээр гүтгэлэг тараажээ. Хөдөө аж ахуйн яамныхан болон мал эмнэлэг-үржлийн газрынханаас асуугаад үзэх хэрэгтэй. Тэд сайд асан Халтмаагийн Баттулга вакцины хууль бус наймаачин уу, эсвэл  ямар мэдлэг, мэргэжилтэй бөгөөд ямар ажил, албан тушаал эрхлэдэг нь тодорхой бус, бусдыг айлгадаг, заналхийлдэг, хөлсний зодоончдоор зодуулдаг гэх тодотголтой, тэдгээрийг нь хүмүүс сонсох төдийд л айж дарамтанд ордог, эдгээр “мэргэшлийн ур чадвараа” ашиглан хууль бус голдуу бизнес эрхэлдэг гэх Дамбын Хишигжаргал гэгч этгээд шүлхий, мялзангийн вакцины хууль бус наймаачин уу гэдгийг товч тодорхой хариулаад өгөх байх гэж бодож байна. Хулгайч нь хулгайчыг бариарай гэж чанга орилдог гэдэг шиг л юм болж байна. Ардчилсан намаас нэр дэвшигчийн сонгуулийн штабынхан  Дамбын Хишигжаргал гэдэг этгээдийг Халтмаагийн Баттулгыг гүтгэснийх нь төлөө шүүхэд өгнө гэж мэдэгдэх шиг боллоо. Дамбын Хишигжаргалын үйлдсэн малын вакцины эргэн тойрны гэмт үйлдлүүдтэй харьцуулахад  гүтгэлэг бол өчүүхэн асуудал. АН-ынханд хандаж хүсэхэд шүлхий ба мялзангийн вакцинаар Дамбын Хишигжаргалын хийсэн хууль бус наймааны эргэн тойрон дахь гэмт үйлдлүүдийг илрүүлж хууль хяналтын байгууллагаар шалгуулж тогтоолгох нь хамгийн гол асуудал. Миний зүгээс шүлхий, мялзангаар далимдуулж Дамбын Хишигжаргалын үйлдсэн хууль бус үйлдлийн баримт, нотолгоог гаргуулахаар Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн нарт өдөр тутмын сонингоор дамжуулан хэдэнтээ хандсан байгаа.

Зодолдож буй хоёрын дээрэлхүүлж буй талыг нь хамгаалж, дэмждэг олонхи монгол хүний жишгээр, би ч бага насандаа тиймэрхүү “ажил” олонтаа эрхлэж байснаа санагалзаад энэхүү бичвэрийг бичиж байна. Би Х.Баттулга болон АН-аас хэдэн төгрөг авчихаад ч юм уу, урьд өмнө нь түүнийг таньж мэддэг байгаад, харамж тэтгэмж дэмжлэг авдаг байгаад ч юм уу үүнийг бичээгүй. Би эх орон, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, мэдлэг, чадвар, мэргэшил, ардчилал, соёлт хүн төрөлхтний бүтээсэн сайн сайхан бүхнийг эрхэмлэн дээдэлдэг, хүндэтгэн үздэг хүнийхээ хувьд энэ талаар бичих ёстой. Энэ бол би дуугарах ёстой талбар. Өмнө нь олон жилийн турш манай мэргэжлийн салбарт бугласан хууль бус, бусармаг, ёс бус үйлдлүүд, идээ бээр, буглаатай тэмцэж ирсэн хүнийхээ хувьд, мэддэг зүйлсээр маань мэддэггүйгээ мэддэггүй этгээдүүд оролдоод байхаар хариу үйлдэл үзүүлж байна. Х.Баттулга нь УИХ-ын гишүүн, сайдын албан тушаалд ажиллаж байхдаа манай улсын хөдөө аж ахуй түүний дотроос мал эмнэлгийн мэргэжлийн салбартай холбоотой хэд хэдэн шийдвэрүүд гаргаж, тэдгээр нь тухайн салбартаа дэвшилтэт өөрчлөлтийн эхлэлийг тавьж, тухайн асуудлын шийдлийг холбогдох шинжлэх ухааны зарчим, хууль, журамд нь нийцүүлэхэд ихээхэн нааштай түлхэц болсныг  баримт түшиж хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үнэнийг хэлэх, шударга хандах нь хэн нэгэнд тал зассан эсвэл гэмт үйлдэл болохгүй гэдэгт итгэлтэй байна. Миний анзаарснаар Х.Баттулга манай мэргэжлийн салбарынханд хаяа сайтай байсаан. Түүний илэрхийлэл болсон хэдэн жишээг дор дурдая.

Баримт 1: Бидний хэдэн мэргэжилтэн  Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын техник, технологийн бүрэлдэхүүн хэсгийг шинэчлэх төсөл боловсруулж БНУУ-аас 25 сая долларын хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл авах боломжыг олов. Тухайн ажлыг албажуулан хэрэгжүүлэх эхлэлийг тавих хэлэлцээрийг 2010 оны 01 сарын 13-ны өдөр батлахад Монгол-Унгарын засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга нь Х.Баттулга байж гарын үсэг зурав. Энэ бол маш чухал ач холбогдолтой үндэсний үйлдвэрлэлийг төр, засгийн түвшинд анхаарч дэмжиж хөгжүүлэх эхлэлийг тавьсан шийдвэр байв.

Баримт 2.: 2012 онд Х.Баттулга ХХААХҮЯаманд сайд болсон үеэс эхлэн олон жил үргэлжилсэн хулгайн зорилготой ивомекны хууль бус наймаа зогссон. Өмнө нь ХХААХҮЯ төсвийн олон тэрбум төгрөгөөр дуураймал, хуурамч ивомекийг их хэмжээгээр хууль бусаар худалдаж авч тараадаг байсныг хүмүүс мартаагүй байлгүй дээ. 2000-аад оны үеэс ХХААЯаманд амилж эхлэсэн ивомекны хууль бус наймаа хамгийн сүүлд Т.Бадамжунайг ХХААЯ-ны сайдаар ажиллаж байх үед засгийн газраар 2011 оны 06 сарын 22-ны өдөр 192 дугаар тогтоол гаргуулж байгаад 2.7 тэрбум орчим төгрөгөөр “Цагаан залаа агвет” ХХК-аас тухайн үед Нарантуул зах дээр 1 литр нь 30000 орчим төгрөгийн үнэтэй байсан ивомек эмийг 1 литрийг нь 57000 гаруй төгрөгөөр нийтдээ 45000 гаруй литрийг худалдаж авснаар төгссөн түүхтэй. Нэг хэсэг саарч байсан малын эм, вакцины хууль бус наймаа нь Монголын морин спорт уяачдын холбооны Ерөнхийлөгч, Монгол улсын манлай уяач, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд, Монголын морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын алдарт уяач, ХХААХҮ-ийн сайд Пүрэвийн Сэргэлэн, Монгол улсын Манлай уяач Дамбын Хишигжаргал нарын “их гурвал”-ын үед дахин сэргээд байгаа юм байна гэж бодогдох болов.

Баримт 3: 1970-аад оны дунд үеэс эхлэж 2013 он хүртэл 40-өөд жилийн турш үргэлжилсэн үхэр, хонь, ямааны бруцеллёзоос сэргийлэх буруу онол, буруу номын вакцинжуулалт нь 2013-2014 оны үеэс эхлэн засарч залруулагдан зөвхөн тэдгээр зүйлийн малын эм төлийг вакцинжуулдаг заавартай болсон доо. Энэ шийдвэрийг гаргаж өмнөх алдааг нь засаж залруулахад Х.Баттулгаар удирдуулсан ХХААХҮЯамныханы оролцоо чухал нөлөөтэй байсан шүү. Одоо нэг л алхам нэмчихвэл бараг л зөв болчих гээд байгаа.

Баримт 4: Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар анхны хэлэлцүүлэг нь хийгдсэн “малын генетик нөөцийн тухай хууль” “мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийг боловсруулах “ажлын хэсэг”-үүдийг 2013 оны 02 сард ХХААХҮ-ийн сайд Х.Баттулгын гарын үсгээр байгуулж байлаа. 1993 онд анх батлагдаад хоёр өөр мэргэжлийн салбарыг хольж бантагнуулсан “малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийг өөрчлөн зөвтгөж сайжруулан олон улстай хөл нийлүүлэх нь зүйтэйг зөвлөмж болгосон мэргэжлийн салбарынханы саналыг Х.Баттулга л дэмжиж, хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг эхлүүлсэн юм.

Баримт 5: 2014 оны 02 сард Х.Баттулгасайдынгарын үсэгтэй тушаалаар байгуулагдсан “ажлын хэсэг” салаа туруутан мал, амьтдыг өвчлүүлдэг шүлхий өвчинтэй  тэмцэх зааварт өөрчлөлт оруулж шүлхийгээр хөнгөн өвчилсөн болон эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлсэн төдий бүх үхрийг “ялгаж бууддаг” явдлыг зогсоож, зөвхөн эмчилгээ авах найдлагагүй бөгөөд хоёрдогч халдварын улмаас хүндэрсэн үхэр, хонь, ямааг устгаад, харин  хөнгөн өвчилсөн, халдвар авсан ч эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлээгүйг нь устгахгүйгээр эмчилж эдгэрүүлээд тодорхой хугацааны дараа хэрэгцээлэх заавартай болгосноор манай орны бэлчээрийн мал аж ахуйн өвөрмөц онцлог, малчин хүний сэтгэхүй, мал амьтантай зүй бусаар харьцахгүй байх зэргийг харгалзсан бөгөөд олон улсын жишиг зааврыг оромдож дагах гэсэн оролдолт,  шинжлэх ухааны үндэслэл муутай буудаж устгалт, устгасан малын нөхөн олговор зэргийн улмаас бараг л жил дараалан улсын төсвөөс олон тэрбум төгрөг үргүй зарцуулж байсныг зогсоох эхлэлийг тавьсан болно. Гэх мэтээр баримттай, гэрчтэй, нотолгоотой үнэн зөв мэдээллийг олноор гаргаж тавьж болохоор байна.

Бодит байдал иймэрхүү байхад 2014 онд “Цагаан залаа агвет” ХХК, 2015 онд “Эмийн үйлдвэр” ХХК, 2016 онд мөн “Эмийн үйлдвэр” ХХК-ий ард нуугдаж, эдгээр компаниудыг хууль бус үйлдэлдээ ашиглаж  малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй буюу Монгол улсад худалдан борлуулах зөвшөөрөлгүй, дархлаа тогтоох идэвхит чанаргүй шүлхийн вакциныг хэдэн зуун саяас хэдэн тэрбум төгрөгөөр, 2016 онд мөн л “Мон оол вэт” ХХК-ий ард нуугдаж ямар ч чанарын баталгаагүй бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакцин гэгчийг Хятад улсаас авчирч ХХААХҮЯ болон ЗГХАМЭҮГ-т ажилладаг хамсаатнуудтайгаа хуйвалдан 4 тэрбум орчим төгрөгөөр зах зээлийн бодит үнээс хэд дахин өндөр үнээр улсын төсөвт шахан борлуулж мал эмнэлгийн мэргэжлийн салбар болон улсын төсвийн сан хөмрөгийг самарч, хорлон сүйтгэж, тэрхүү луйврын мөнгөөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг худалдан авч  яваа Дамбын Хишигжаргал гэдэг этгээд нь өөрийнхөө хууль бус үйлдлүүдээ булзайруулах хаацайлах зорилгоор илт худал хуурмаг мэдээллийг улс орон даяар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тараагаад сууж байгаа нь эрх зүйт ардчилсан орны зарчимд нийцэх үү?.

Ийм хууль бус, худал хуурмаг үйл ажиллагаа явагдаж байхад манай салбарынхан, Х.Баттулгыг сайд байх үед  болон одоо ч ХХААХҮЯ болон ЗГХАМЭҮГ-т үүрлэсэн байгаа, түүний нөмөр нөөлөгт нь хоргодож, бөгс хонгыг нь долоох дөхөж  явсан хүн сүрэгнүүд бүгдээрээ мэдэж байгаа ч үнэнийг хэлэх чадваргүй байгаа нь үнэхээр харамсалтай. Үнэн бодит байдлыг хэлэхийг, гаргаж тавихыг санал болгоход Дамбын Хишигжаргалаас айж байна, нөхөр, авгай, хүүхэд, эргэн тойрныхонд нь бүгдээрэнд нь аюул учирдаг гэнэ лээ гэцгээх юм. Ийм ардчилсан, хууль эрх зүйт нийгэм байдаг юм уу?. Монгол улсын мал амьтны эрүүл мэндийн бодлого, түүний дотроос олон улсын худалдааны хорио цээрт гоц халдварт, зооноз өвчнүүдтэй тэмцэх, вакцинжуулах бодлогыг Дамбын Хишигжаргал тэргүүтэй Монголын морин спорт уяачдын холбооныхон тодорхойлдог болсон хэрэг үү?.  Хууль ёсны дагуу, үнэн, шударга үйлдлийн төлөө явж байгаа иргэдээ төр нь, хууль хяналтын байгууллага нь хамгаалдаггүй болсон юм уу?. Тийм болбол Дамбын Хишигжаргалд хууль үйлчлэхгүй гэдгийг цагдаа, прокурор, шүүх, авлигатай тэмцэх газрынхан улс орон даяар зарлачих хэрэгтэй. Магадгүй маргаашаас Дамбын Хишигжаргалыг минь гүтгэсэн байна гээд цагдаа, авлигатай тэмцэхийнхэн намайг дуудаж мэднэ. Тэдэнд хандаж хэлэхэд эхлээд ХХААХҮЯ болон ЗГХАМЭҮГ-аар ороод Дамбын Хишигжаргал гэх ах, дүү, найзынхаа холбогдсон бүх баримтуудыг нь авч ирээд надтай уулзаарай. Илрүүлж, тэмцэж чадахгүй байгаа гэмт хэргийг чинь би илрүүлж зааж өгье.

 

 

 

 

Монголын мал эмнэлгийн холбооны Ерөнхийлөгч, Биокомбинат Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Үйлдвэрлэл-технологийн албаны дарга, Ерөнхий технологич Ц.Өлзийтогтох

 

 

сэтгэгдэл үлдээх

Zochin

  • [192.168.1.1]
  • 1 Жил

Ulziitogtohoo chi yaag unendee emiin zuvluluus huugduud guigaad yavj bsan biz dee. Chinii huuramch geed bgaagaa ehleed notolchih chi chadahgyi shd