Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд саналаа өглөө.

Тэрээр Чингэлтэй дүүргийн 23-р сургууль саналаа өгсөн юм. Тэрээр саналаа өгснийхөө дараа “Би иргэнийхээ хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд оролцож, саналаа өглөө. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль урт сонгууль болж байна гэж бодогдож байна. Анх удаа дахин сонгуультай Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Энэ урт удаан хугацааны явцад иргэдээ талцуулж, хуваах, элдэв хар бор сурталчилгаа явуулах,  хууль бус үйл ажиллагаа явуулах нь дэндүү их байлаа. Энэ бүхний ард иргэд талцсан, хуваагдсан байдалтай байгаад би их харамсч байгаа. Би бол эв нэгдлийг эрхэмлэдэг хүн гэдгийг сонгогчид мэднэ. Би эв нэгдлийг ямар нэг албан тушаалаас илүүд эрхэмлэдэг хүн. Иргэдийнхээ талцал хуваалцал бий болгож байгааг хараад сонгуулийн ажиллагаагаа дуусгах ёстой гэж харж байгаа.  Нөгөө талаар,  Монгол Улсын Үндсэн хуульд иргэн сонгох эрхээ эдлэх ёстой. Зарим улс төрийн хүчний зүгээс иргэдийн сонгох эрхэнд халдах оролдлого хийж байна.  Жишээлбэл, “би М.Энхболд намайг сонгоорой” гэж сонгуулийн сурталчилгаа дууссан хойно хэлбэл хууль зөрчсөн хэрэгболно. Гэтэл зарим улс төрийн хүчин цагаан хуудсаар санал өгөөрэй гэж иргэдийн сонгох эрхэнд халдсан зохимжгүй үйлдэл гэж болж байна. Тиймээс иргэд хуулиар олгогдсон эрхээ өөрийнхөө хүсч байгаагаар, бодож сэтгэж байгаагаар эдлэх нь зүйтэй.

Мөн энэ сонгууль ирц бүрэн дүүрэн болж, өнөөдөр өндөрлөөсэй гэж би хүсч байна. Монголчууд наадмын дараа намар гэдэг. Зун эхэлсэн сонгууль намартай залгаж сунжрах нь зохимжгүй. Тиймээс наадмын наана сонгуулиа сайхан өндөрлүүлэхийн тулд сонгогч олон маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Ингээд сайхан наадам болохын ерөөл дэвшүүлж, Монгол түмэндээ морь нь хурдан, бөх нь бяртай, харвасан сум онц мэргэн байхын ерөөл дэвшүүлж, дэлгэр сайхан наадахыг хүсэн ерөөж байна” гэлээ.

сэтгэгдэл үлдээх