Хүлэмжийн ТӨР

Төрд аугаа их эрх чөлөөг олгожээ бид. Манкурт боолчууд шиг хөдөлмөрлөж, зүтгээд /хөдөлмөр эрхлэгчид/ олсон бүхнээ төрдөө тушаана. Зах зээлийг төр л хянаж байна. Нөгөө хүний эрх, эрх чөлөөг дээдлэдэг, зах зээлийн зарчимтай төрийн тунхаглал 20-иод жилийн тоосонд замхрав шив. Үг хэлэх эрх чөлөө үлдэвч сонсдоггүй, сонсоод хүлцдэг төр нь хаа байна. Зөндөө л тунгалаг, шилэн, ухаалаг төрийн тухай ярилаа. Үр дүн нь харагдсангүй. Улам л нүсэр болсоор байна. Нүсэр болохын хэрээр буй бүхнийг хамаатуулахыг чармайна. Төр оролцдоггүй бүтээн байгуулалт гэж алга. Төр гэдэг 30 орчим мянган хүний /төрийн дээд, дунд албан тушаалтны/ эрх мэдэл болсоор удлаа. Хэн түүнд нөлөөлж чадаж байна. Тэр бүхнийг бүтээж чадна. Байн байсаар бүх дэлхийг бүрхэх “Улаан туг” гэдэгчлэн улс орны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг ч гэсэн санааныхаа зоргоор засч өөрчилнө. Гудамжинд 100 төгрөгийн үнэтэй бараа нь статистик мэдээгээр 50 төгрөг гээд бичигдэх жишээтэй.

Ганц энэ Төр ч биш, 27 жилийн түүхийн бүхий л Төр ийм л байж ирлээ. Ахиад л хувьсгалын тухай хүмүүс ярьж эхэллээ. Төрийн сүлд минь өршөө гэж наминчилдаг хүчтэй ард түмэн төрөөсөө татгалзахыг шаардаж эхлэв. Хүчээ бид өөрсдөдөө шингээе, та бүү гай бол гэж байна. Хумсаа нуусан муур шиг тэг тэг л гэж байна. Үр дүнг нь өнгөрсөн жилийн турш харлаа. Ашиггүйг нь мэдсээр байж хөрөнгө оруулалт хийж, өөрсдийнхөө мэдлийн аж ахуйн нэгж бүхэнд зээл өглөө. Олсон нь даанч үгүй. Шинэ он гарахын урьд ийм зүйл яримааргүй ч Төр гэдгийг төлөөлөх 30 мянган хүн өөрөө аалз болж гурван сая орчим монголчуудыг идшээ болгож байгаа юм биш үү. Асуудал ярихаар хэрүүл болгоод өнгөрүүлж байна. Уг нь төрд нийтийн эрх ашгийг хамгаалах гэсэн үүрэг л бий. Үндсэн хуульд тов тодорхой бий. Түүнийг санхүүжүүлэх нь иргэн та бид бүгдийн үүрэг. Түүнийгээ ч шударгаар эхийн ургаас дөнгөж нялхсаас авсны тагаа дэрлэн нойрсох өтөл насныхан хэнбугай нь ч татвараар төлдөг. Дээр нь татварын орлгыг бизнес эрхлэгчид нуруундаа үүрнэ. Төрөөс томорсон аж ахуйн нэжүүд, үндэстэн дамнасан корпориациудын хоорондох ашгийн төлөө тэмцэл Монголд ажиглдагдах боллоо. Мөнөөх Төр нь үүнд идэвхтэй харайлгаж явна. Төр гэдэг маань хэдхэн олигархиудын аясаар хөтлөгдсөн “утсан хүмүүс”. Төрийн ажилтан олигтой цалингүй учраас авилгалд өртдгийг бид олонтаа харсан.

1

Мөсөн уулын орой гэсэн үг. Доор нь зөндөө олон юм бий. Яагаад асуудал ингэтлээ хүндрэв. Бүхэл бүтэн механизм буруу ажиллаад байгаа хэрэг. 500 мянган төгрөгийн цалинтай хүнд хуулийн цоорхойн дагуух бүхий л эрх мэдэл байхад мөнөөх хүсэгчдээс авилгал сэмээрхэн авч өрхийн орлогоо хэд дахин давуулахыг хүсэхгүй хэн байх билээ. Хаах хуулийн хаалт алга л байна шүү дээ.

1

Хүлэмжийн “Монгол” гээд байгаагийн учир шалтгаан ердөө л энэ. Төр хүссэн ч хүсээгүй ч бүгдийг өөрийнхөө өвөрт бойжуулахыг хүсч байна. Энэ хүлэмжнээс гарсан хэн ч наранд шарлаж, бороонд шавшуулж, цасанд дарагдах болно. Өөрөөр хэлбэл, үхэл л гэсэн үг. Нэг хүлэмжинд багтаж шингэж, биесээ туулж байхаар Төр танаас бид тусгаарламаар байна. Зөвхөн боломжийг нь нээгээд өгчих. Төрийн нэрийн өмнөөс тавих тунгалаг стандартыг чинь мөрдье, ард иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах эрхэм үүргээ Төр та биелүүл. Энэ алтан зарчмаа хэн нэгэн нь алдаж осолдвол хариуцлагаа бид үүрдэг шиг Төр та ч үүрэх ёстой. Асуудлын гол гарц энэ шүү дээ. Ингэж л Төрийн хүлэмжин дэх ард түмэн гэх цэцэгс эрх чөлөөгө бүрэн утгаараа олж авч чадна.

Н.Бадамжав

сэтгэгдэл үлдээх