Хөх Монгол мандан бадраг

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадам ёслол төгөлдөр  болж өндөрлөлөө.  Улсын баяр наадамд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүлж, улсын арслан цол, Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших үзүүрлэн улсын гарьд цол хүртлээ. 

Хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган, цол тэмдэг гардуулсны дараа баяр наадмыг хааж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 

-Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадам ургах нарнаас шингэх наран хүртэлх уудам их газарт ёслол төгөлдөр сайхан болж, монгол хүн бүрийн сэтгэлийн галыг бадраан өндөрлөж байна. 

Эр бяртай бөхчүүд маань уран хурц мэхийг уралдуулан барилдаж, ид хаваа гайхуулцгаалаа. Уяачийн эрдэм төгс, хүүхдүүдийн золбоо төгөлдөр байж, хүлэг морьд маань иртэй сайхан уралдлаа.  Эрхийдээ эрчтэй харваачид маань цэц мэргэнээ сорилоо. Монголчууд бид нэгдэж, нягтарсан цагтаа ялан дийлж, хөгжин бадарч явдаг агуу түүхтэй ард түмэн. Тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хайрлан хамгаалж, эвийн хүч, эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлж, шударга ёс, үүрэг хариуцлагыг ухамсарлан  улам илүү хичээцгээе. Хүчирхэг Монголыг цогцлоохын төлөө хүн бүр чадахын хэрээр зүтгэж, хөдөлмөр зүтгэлээ өрх гэрийнхээ болоод улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө зориулж,хамтын хүчээр амжилтын төлөө зүтгэцгээе. Монгол хүн бүр эрүүл ухаан, саруул эрдэм,  төгс хийморь, золбоотой  эх орон маань цэцэглэн хөгжихийн ерөөл өргөж, үндэсний баяр наадам маань өндөрлөж байгааг уламжилъя. Хөх Монгол мандан бадраг ээ. 

сэтгэгдэл үлдээх