“One World -One Khuvsgul”фестивал болно

“Хөвсгөл -Нэг үе”  клуб санаачлан Хөвсгөл аймгийн Засаг даргын ивээл дор “One World-One Khuvsgul” фестивалийг   долоодугаар сарын 21-нд Мөрөн хотод зохион байгуулна. “Хөвсгөл -Нэг үе”  клуб  үүсэн байгуулагдсны 10 жилийнхээ ойгоор Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төвийн хөгжлийг дэмжих, гадаад, дотоодын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх,байгууллага, иргэдийн  орлогыг өсгөх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор энэхүү цогц арга хэмжээг  хийхээр төлөвлөжээ.  Цаашид Хөвсгөлийг сурталчлах уламжлалт арга хэмжээ  болгон зохион байгуулагддаг олон улсын фестиваль болгох зорилго  өвөрлөсөн  гэж зохион байгуулагчид нь мэдээллээ. 

Анх удаа зохион байгуулагдах “One World -One Khuvsgul” фестивал нь “Монгол брэнд”, “Авьяаслаг жуулчин”, “Night market” зэрэг  хэд хэдэн хэсгүүдтэй.  Үзэсгэлэн худалдаанд  сум бүр зохион байгуулалттай оролцож орон нутгийнхаа онцлог, уламжлалд суурилсан дотоод, гадаадын жуулчдад эрэлттэй бараа бүтээгдэхүүнээ сурталчилан таниулж, худалдаална. Мөн бусад  аймгуудын бизнес эрхлэгчдэд ч  бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг санал болгожээ. Бүтээгдэхүүний  үнийн онцгой хямдрал, сугалаат болон дуудлага  худалдаа ч болно. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, сумдын үзэсгэлэн худалдаа явуулах талбай болон тусгай зориулалтын  асрыг аймгийн ЗДТГ,  “Хөвсгөл-Нэг Үе” клуб үнэ төлбөргүйгээр хангаж өгөхөөр шийджээ.   Энэ нь аялал жуулчлалын салбарыг  түшиглэн иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн хөгжлийг дэмжихэд  бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Зөвхөн гадаад жуулчдад зориулан анх удаагаа “Авьяаслаг жуулчин” шоу уралдааныг зохион байгуулна. Уралдаанд гадаадын жуулчид урлагийн чөлөөт төрлүүдээр авъяасаа сорьж эхний 3 байрт шалгарсан оролцогчдод 1000 долларын мөнгөн шагнал, “Нэг Дэлхий-Нэг Хөвсгөл”фестивалийн нэгдсэн шоунд  оролцох урилга гардуулна. 

Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ 20 гаруй жилийн дараа хөдөө орон нутагт буюу Чингүнжавын талбайд тоглоно. Задгай талбайд сүрт хөгжмийн аялгуунд цэнгээнт бүжиг болно. 

Монголын урлагт өөрийн гэсэн  давтагдашгүй өнгө, эгшгээр дархлагдсан Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од төгөлдөр хуураа эгшиглүүлнэ.   Рок поп, урлагийн  оддын үе үеийн шилдэг дууны тоглолт, чадварлаг DJ-гийн содон  үзүүлбэр, Чоно хамтлагийн амьд тоглолтыг үзэж   нэгэн үдшийг найз нөхөд, анги хамт олон, гэр бүлээрээ дурсамжтай өнгөрүүлэх боломж бүрдүүлжээ. Мөн анх удаагаа   олон улсын аялал жуулчлалын төвийн жишгээр “Night market” худалдаа үйлчилгээгээр үүрийн 04 цаг хүртэл үйлчлэх юм байна. 

сэтгэгдэл үлдээх