Хойд Солонгосын талаарх Хятадын бодлого өөрчлөгдсөн байж магадгүй боллоо

Өнөөдөр өглөө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Японы ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай тус тус утсаар ярьж Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцсэн юм.

Энэхүү ярилцлагын дараа Синьхуа агентлаг мэдээлэхдээ Ши Жиньпин хямралыг гүнзгийрэхээс сэргийлэхэд Вашингтонтой ойртон хамтарч ажиллахаар тохиролцсон гэжээ. Хойд Солонгосын Ардын Армийн 85 жилийн ой маргааш тохиож байгаа бөгөөд энэ өдөр тэд ямар нэг зэвсгийн туршилт зохион байгуулах магадлал өндөр байгаа юм.

Ши Жиньпин Трамптай ярихдаа “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн ямар ч тохиолдлыг Хятад улс эрс эсэргүүцэх ба Солонгосын хойгийн зөрчлийг өргөжүүлэх ямар ч алхмаас бүх талууд зайлсхийхийг уриалж байна” гэж хэлснийг Синьхуа эш татжээ.

Харин энэ удаа тэр Хойд Солонгосын асуудлаар байр суурь илэрхийлэх болгондоо хэрэглэдэг “Солонгосын хойгийн хурцадмал байдлыг энх тайванч арга замаар зохицуулах” хэмээх үгээ дурдсангүй. Үүний оронд Ши Жиньпин бүх талууд “үүрэг хариуцлагаа ухамсарлаж”, хойгийг цөмийн аюулаас сэргийлж, тогтвортой байдал бий болгоход хамтран ажиллахын чухлыг онцолжээ.

Ши Жиньпиний үгийг Хойд Солонгосын асуудлаар Бээжингийн эрх баригчдын бодлогод өөрчлөлт орж, тэвчээр нь барагдсаны шинж тэмдэг гэж үзэж байгаагаа ажиглагчид илэрхийлж байна.

Солонгосын хойгийн асуудлыг хариуцсан Хятадын төлөөлөгч У Давэй Пьёньянд айлчлахаар хөөцөлдөж байгаа ч Хойд Солонгос зөвшөөрөл өгөхгүй байгаа тухай Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлж байв. АНУ-ын тэнгисийн цэргийн цохилтын бүлэглэл Солонгосын хойгт ойртож байгаа ба зам зуураа Японы зэвсэгт хүчинтэй хамтарсан бэлтгэл эхлээд байна. Ням гарагт Хойд Солонгосын төрийн хэвлэлд батлан хамгаалах хүчин чадлаа харуулахын тулд Пьёньян Америкийн нисэх онгоц тээвэрлэгч хөлгийг живүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Мөн хоёрдугаар сарын 26-нд Хятадын тал Хойд Солонгосын нүүрсний экспортыг хүлээж авахаа бүрэн зогсоосон нь хоёр коммунист орны харилцааг хамгийн доод түвшинд хүргээд байна.

сэтгэгдэл үлдээх