Москвагаас Бээжин хүртэл...

Аялал жуулчлал нэмэгдэх мөн эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд БНХАУ-ыг зорих гадныхны тоо улам ихсэх хандлагатай байгаа билээ. Иймдээ ч манай урд хөрш зам тээврийн асуудлыг чухалчлан авч үздэг болоод байгаа. Тэд сүүлийн жилүүдэд орон нутгийн жижиг нислэгтэй адил хурдаар, гэхдээ үүнтэй харьцуулахад бага зардлаар зам туулах тал дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Энд бид хурдны буюу суман галт тэрэг үйлдвэрлэх талаар ярьж байна. Энэ хөгжлийн явцад БНХАУ-ын галт тэрэг үйлдвэрлэгчид цагт 600 км хүртэл хурдлах боломжтой “маглев” галт тэрэг бүтээж, Чингдаод явуулж байна.

 

Мөн энгийн хурдан галт тэрэгний хөгжүүлэлтэндээ ч ихээхэн анхаарсны дүнд 400 км/цаг хүртэл хурдлах боломжтой галт тэргийг 2020 он гэхэд зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. БНХАУ-ын дотоодын төмөр зам нь хэдийнэ 22340 км-т хүрсэн бөгөөд өнгөрөгч онд 1 тэрбум хүн хурдны галт тэргээр зорчсон судалгааг гаргасан байна.

 

Ийм боломж бололцоо байгаан дээр олон улсын тавцанд ОХУ-тай тун боломжийн харилцаатай БНХАУ 2014 оноос эхлэн “Нэг бүс, нэг зам” нэртэй хоёр орны хамтарсан төслийг ажил хэрэг болгох талаар мэр сэр дурсаж эхэлсэн. Тэгвэл Германд болсон Жи-20-ын уулзалтыг зорихынхоо өмнөхөн БНХАУ-ын ерөнхийлөгч Си Зиньпин ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзахаар хоёр хоногийн төрийн айчлал хийсэн. Уулзалтын үеэр хоёр орны харилцааг улам өргөжүүлэх талаар нухацтай ярилцаад, 2014 оноос ярьж эхэлсэн Москва Бээжингийн хурдны галт тэрэг зорчих замтай холбоотой асуудлыг сөхсөн байна. ОХУ-ын талаас 2020 он гэхэд Москва-Казан чиглэлийн хурдны галт тэргийн замыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа юм. Харин БНХАУ-ын тал энэхүү ажлыг аль болох хурдан явуулахыг хүсэж байгаа билээ. Нийт 772 км-ийн уг зам ашиглалтанд орсноор Москва-Казан чиглэлд 3 цаг 17 минут зорчих боломжтой болох юм. Харин энэ нь Москва Бээжин чиглэлийн 7000 гаран км замын нэг хэсэг болох ёстой ажээ. Ойрын ирээдүйд хоёр орны засгийн газрын хүрээнд хамтран явуулж байгаа уг төсөл ашиглалтанд орсноор дунджаар 350-400 км/цаг хурдтайгаар зорчих боломжтой болох бөгөөд судлаачдын тооцоолж байгаагаар манай орны хоёр хөршийн нийслэл хооронд зорчиход 48 цаг л зарцуулах юм байна.

сэтгэгдэл үлдээх