Г.Өсөхбаяр К2 оргилыг эзлэж чадсангүй

Монгол улсын гавьяат тамирчин, ОУХМ, Готовдоржийн Өсөхбаяр К2 ууланд  авиралт хийхээр өнгөрсөн тавдугаар сард эх орноосоо мордсон. Гэвч тэрбээр уулын оргилд гарч чадаагүй байна.

 

Энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Маш их хичээлээ. Оргилд хүрэх гэж би авиралтын замаа л тооцоолж байснаас Пакистан хүний аймхай, өөдгүй занг огт тооцоолсонгүй. Авиралтын эцсийн мөчид хоёр хамтрагчийн нэг нь мухар олгой ургасан юм шиг байна гэж хэлээд буцаж, маргааш нөгөөх нь крампоноо өөрөө эвдчихээд ийм юмтай авирч чадахгүй гэж хэлээд доош бууснаар би 6450 дээрээ ганцаараа бүх ачаатайгаа үлдснээр авиралтаа цааш үргэжлүүлж чадсангүй бууж ирлээ. Энэ жил долоон шэрпаа, нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй оргилд гарсан байж магадгүй. Би чадсангүй ээ уучлаарай”  гэжээ.

Тэрбээр  Пакистаны нутаг дэвсгэр, Каракарум нуруунд орших Дэлхийн хоёр дахь ноён оргил “K2” ууланд авирахаар төлөвлөж өнгөрсөн хоёрдугаар сараас бэлтгэлээ базаасан. Одоогоор К2 ууланд Монгол хүн авиралт хийгээгүй бөгөөд МУГТ Г.Өсөхбаяр оргилд нь гарсан бол анхны монгол уулчин болох байв.

сэтгэгдэл үлдээх