С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Олимпийн Хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж төр барьж байх үед Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгуулах тухай хүсэлт гарган, хандаж байсан ч тодорхой шийдэлд хүрээгүй юм. Шинэхэн Ерөнхийлөгч Х.Баттулга спортод элэгтэй гэсэндээ ажлаа авсан даруйдаа МУГТ С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгох захирамж гаргалаа. 

МУГТ С.Батцэцэг 1990 оны гуравдугаар сарын 3-нд төрсөн өдгөө 27 настай. Хөдөлмөрийн баатар цол түүнд ахадхаар залуухан санагдаж болох ч тэрбээр тив дэлхийд эх орныхоо нэрийг олон удаа дуурсгасан гавьяатан.Тэрбээр 2006 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд зургаан жилийн дараа буюу 2012 онд Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртэж, монгол түмнийг баярлуулсан. Тэртээ 1980 оны Москвагийн олимпоос хойш Монголын чөлөөт бөхийнхөн медаль хүртээгүй бөгөөд 32 жилийн дараа эргэн ирсэн үнэтэй медалийн эзэн С.Батцэцэг байлаа. Тэрбээр 63 кг-ын жинд дэлхийн гурван удаагийн аварга Канадын Мартин Дугрьетэй хүрлийн төлөө барилдаж ялснаар ийн Лондоны олимпоос манай гурав дахь медалийг авчирч байв. Найман олимп дараалан тасраад байсан медаль Лондонгоос ирэх, түүнийг нь гавьяат С.Батцэцэг авчрах хувьтай байж.

Дараа нь 2015 онд Лас-Вегасын тэнгэрт Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаа мандаж, сүр жавхлант төрийн дуулал эгшиглэж, Монголын тамирчин Соронзонболдын Батцэцэг нүдэндээ баярын нулимстай, эх орныхоо төрийн дууллыг даган дуулсаар зогсоо торгон агшныг одоо ч олон нийт санаж буй байх.

АНУ-ын Лас-Вегас хотноо болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг-ын жинд Монгол Улсын  гавьяат тамирчин С.Батцэцэг Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медальт Японы тамирчин Рисако Кавайг 36-хан секундэд цэвэр ялж, дэлхийн хошой аваргын алдрыг хүртсэн юм. Үүнээс таван жилийн өмнө Москвагийн тэнгэрт эх орны төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот төрийн далбаагаа өргүүлэн, ДАШТ-ний алтан медалийн тавцанд зогсож байсан бол ийнхүү хошой аварга болж байв.

Харин 2016 оны Риогийн олимпод амжилт тааруухан барилдсан ч энэ онд Энэтхэгийн нийслэл Дели хотноо болсон Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-нд амжилттай барилдаж, Ази тивийн 22 дахь аварга болж, ард түмнээ дахин баярлуулсан.

Тэмцээнийг нэхэн санавал МУГТ С.Батцэцэг БНСУ-ын Хан Жин Йоныг оноогоор цэвэр ялж, хагас шигшээд эзэн орны Риту Ритуг цэвэр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Японы залуучуудын дэлхийн аварга, Азийн гурван удаагийн аварга, Бакугийн “Алтан Гранпри” болон Дэйв Шульцийн нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт Японы Аяана Женпейг цаг дуусахаас 10 секундын өмнө  цэвэр ялж, Монгол Улсын төрийн далбаагаа Делигийн тэнгэрт мандуулсан.

Ингэснээр С.Батцэцэг долоон жилийн өмнө Шинэ Делид  болсон Азийн АШТ-ий мөнгөн медалийнхаа өнгийн хувиргаж, Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 22 дахь, эмэгтэйчүүдээс зургаа дахь тамирчин болсон юм.

Ингэж л тэр цөс ихтэй монголчуудыг хэдэнтээ баясгасан тамирчин. Амжилт гаргасан тэмцээн бүрийг нь дурдвал олон доо..Удахгүй тэрбээр Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаана. Одоогоор гадаадад бэлтгэл хийж байгаа тул түүнийг эх орондоо хүрэлцэн ирмэгц нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг нь гардуулан өгөх юм.

 

сэтгэгдэл үлдээх