УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН: МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ХАЯНХЯРВАА ЗАВСАРЛАГА АВАХ ЭРХГҮЙ.

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Уг асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм.  Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ нь УИХ Үндсэн хуулийн зөрчил рүү явж байна гэж харж байгаа. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 38.2-т “Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах эсэх санал дүгнэлт гаргаснаас хойш 7 хоногийн дотор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргана” гэж заасан. 7 хоногийн хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болж байна.   

Мөн ээлжит бус чуулганыг зөвхөн тодорхой асуудлаар зарлаж, үүнээс өөр асуудлыг хэлэлцэхгүй гэсэн заалттай. УИХ-ын 30 гишүүний гаргасан саналын дагуу Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр байгаа.

 Ерөнхий сайд Шадар сайд нарын бие биенээ тагнасан, чагнасан асуудал бол 30 гишүүний гаргасан Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлд огт байхгүй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлд “Хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. Нэгдүгээр Концессийн гэрээ. Энэ концессийг өмнөх Засгийн газрын үед гэж байгаа. Гэтэл нэгдмэл ашиг сонирхолтой Засгийн газрын гишүүдийн аж ахуйн нэгжүүдэд концессийг өгсөн. Өмнө нь өөр аж ахуйн нэгжүүд олгосон байсан концессийг нэр бүхий сайд нар өөрийнхөө компанид булааж аваад зогсохгүй төсөвт өртгийг нь олон тэрбум төгрөгөөр  өсгөсөн асуудал байгаа.

Юуны өмнө ХНХ-ийн сайд Н.Номтойбаярын “МАК”  компанитай 78 тэрбум 758 сая 800 мянган төгрөг, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын хамаарал бүхий “Засагт чандмань майнз” компанитай 162 тэрбум  869 сая 200 мянган төгрөгийн дүнтэй концессийн гэрээ байгуулсан нь  Ашиг сонирхлын хуулийг ноцтой зөрчиж байна.  Мөн  Засгийн газар анх байгуулагдахдаа хүүхдийн мөнгийг босго тогтоож олгоно гэсэн. Гэтэл энэ шийдвэрээ цуцлаад зөвхөн тодорхой хэсэгт олгосон. Гэтэл сонгуулийн үеэр бүх хүүхдэдээ олгохоор болсон. Үүний үр дүнд хүүхдийн мөнгийг санхүүжилт байхгүй болоод байна.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” эдийн засгийн өсөлтийг хангаж байгаа гол объект.  Засгийн газар 7 төрлийн татвар нэмсэн. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой”-н 49 хувийг гадаадын  этгээдэд худалдахыг завдсаныг УИХ тогтоосон. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хоёр удаа олон улсын зээлжих зэрэглэл буурсан.

Үүний зэрэгцээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар МАН-ын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн, ард түмний эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй. Нам дамнасан бүлэглэлийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж, үүнийгээ улайран хамгаалж байгаад  л нэр бүхий 31 гишүүн эсэргүүцэж байгаа.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. Үүнийг  МАН-ын бүлэг дээр санал хураалтаар  шийдэж, олонхийн саналаар завсарлага авахгүй гэдэг шийдэлд хүрсэн байгаа. Зөвхөн энэ асуудлаар чуулган хуралдаж, өнөөдөртөө багтаж шийдэх ёстой. Өмнөх парламентын үед энэ хугацаанд багтаж шийдэж байгаагүй гэсэн хариулт өгч байна.  Бусдын алдааг давтах шаардлагагүй. Дэгийн тухай хуулийг барьж, өнөөдөртөө багтаж энэ асуудлыг хэлэлцэн шийдэх ёстой.  УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн асуудал үүсч байна.  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа бүлгийн шийдвэрээ зөрчсөн  үйлдэл гаргалаа гэв.

сэтгэгдэл үлдээх