Нохойноос айдаг Ган хатагтайд Кремлийн эзэн чихмэл нохой бэлэглэж дамшиглажээ

Путиныг “ах” шигээ хүндэтгээд байсан Трамп гэнэтхэн нүүр буруулаад эхлэв. Уулзахаасаа өмнө талархаж дэмжээд сүйд байсан АНУ-ын Ерөнхийлөгчийн түүнтэй уулзаад л буруу харсныг ОХУ-д тавьсан хоригоо Вашингтон дахин илүү хүчтэй тавьсан нь нотлов гэлцэж байна. Герман хэлээр ус цас шиг ярьдаг Путиныг германаар мэргэжсэн зөвлөлтийн тагнуулын ажилтан байсныг трамп мэднэ. Учир нь Дональд Трамп герман хүн. Тэр гэнэтхэн ингэж Путины эсрэг хандах болсныг Германы канцлер Ангелла Меркельтэй холбож буй бололтой. Протестант шашны хуврагийн охин Меркель ч гэсэн бараг германжсан Путинтэй сайн харьцаатай баймаар хүн гэдгийг дэлхий мэднэ. Канцлер Меркель баруун Германд төрсөн ч зүүн Германд өссөн нэгэн.

Тэрээр эхний нөхрөөсөө салсан бол Путин мөн адил анхны эхнэрээсээ салсан. Путин тагнуул бол Меркель физикч. Хэн хэн нь гэнэтийн тохиолдлоор улстөрд орсон. Аль аль нь бусдын дэмжлэгээр өөдөө өгссөн. Меркель тийм ч сахилга баттай бүсгүй байсангүй. Оюутан ахуйдаа далайн эрэг дээр эхээс төрсөн биеэрээ шалдан харайж аальгүйтсэн төдийгүй гэрлээд таван жил болсны дараа салж явсан. Ерөнхийдөө түүнийг эршүүд хүүхэн гэх. Чихэндээ ээмэг, хуруундаа бөлзөг, хүзүүндээ зүүлт, бугуйндаа бугуйвч зүүдэггүй, бараг л банзал өмсдөггүй. Германы канцлераар дөрөвдэх удаагаа сонгогдсон тэр 2005 оноос хойш баруун германы “нэгдүгээр хүн” болсон. Түүнийг “Ган хатагтай” гэж нэрлэдэг. Английн Маргарет Тетчерийг төмөр хатагтай гэдэг байсан билээ. Гэтэл Ган хатагтай Меркель нохойноос үхтлээ айдаг нэгэн гэм бий. Багадаа нохойд уруулснаас хойш айдаг болсон тул айлчлал, уулзалт хийх бүртээ өөрөөсөө нохой хол байлгахыг байнга сануулдаг. Түүнийг муур, нохойтой сатаарахыг үзнэ гэж горьдолтгүй. Гэтэл орос ах Путин түүнийг Хар тэнгис дэх зуны өргөөндөө хүлээж авахдаа лабрадор үүлдрийн нохойтой угтаж канцлер авхайн үнхэлцгийг хагалах шахснаар үл барам чихмэл нохой бэлэглэж дамшиглаж байжээ.

Эдгээр зан аашаас нь болоод Путинд Меркель үргэлж сэтгэл дундуур явсан бололтой бөгөөд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах ажлыг санаачлан Барак Обаматай хавсайдсан. Укрианы асуудал, Крымийг булааснаас нь болоод Путиныг Меркель түрэмгийлэгч гэж нэрлэх болжээ. Өөрийг нь ч айлгаж дамшигласан учраас бүр дургүйцдэг байх талтай. Эдүгээ дэлхийн улстөрд нөлөөлдөг хамгийн их эрх мэдэл, нөлөөтэй эмэгтэй бол гарцаагүй Ангела Меркель мөн.

Тийм учраас Форбс сэтгүүл түүнийг жил бүр дэлхийн хамгийн манлай эмэгтэйгээр тодруулдаг юм. Түүний дэргэд Вашингтоны эзэн Дональд Трамп улстөрд шал ногооноороо нэгэн. Эмэгтэйчүүдэд доромж ханддаг гэсэн утгаараа Трамп эхлээд Меркельд тааламжтай байгаагүй. Гэвч жинэхэнэ ари эмэгтэйнх нь хувьд америкжсан Трамп одоо түүнд эерэгээр хандаж эхэлсэн бололтой юм. Ийм байдал үүсэхэд Путинтэй уулзсны дараагаар Трамп өөрчлөгдсөн байдал шууд холбоотой байж мэднэ.

Оросын эзний дпэргэд хүүхдээрээ шахам гар хуруугаараа оролдож суусан Трампын ааш авир тун сонин санагдсан. Харин Меркель бол Путинтэй ижил тэнцүү харьцах гэж мэрийдэг. Энэ байдал нь ч тэдний улстөрийн чинсааг харуулаад байгаа хэрэг. Хуучин Орос буюу ЗХУ-ын экс удирдагч Н.С.Хрушёв 1961 онд АНУ-д айлчлахдаа Ерөнхийлөгч Ж.Кеннедийг нялхаараа амьтан байж хэмээн гоочилсон шиг Путин бас Трампыг тэгж ддош нь хйигээгүй ч өөрийн зиндаандаа үздэггүй гэлцдэг билээ.

Ерөөсөө Путин өөрөөс нь илүү нэр хүндтэй хүмүүстэй “аархуу” байдал гаргадаг гэсэн тодорхойлолтын эзэн болсон гэх юм билээ. Тэгээд Меркелийг нохойгоор дамшигласан нь Ган хатагтайд таалагдаагүй байж мэдэх юм.

Одоогоор Трампад Путин ямар нэг “ихэрхүү” байдал гаргаагүй боловч тэдний анхны уулзалт Вашингтоны эзэнд сайн сэтгэгдэл үлдээсэнгүй. Тийм болоод л Сенатаас батласан ОХУ, Хойд Солонгос, Иранд тавих хоригоо улам чангатгасныг Трамп нүдээ аниад дэмснээрээ нотоллоо.

Үүнд нь Меркель нөлөөлснийг үгүйсгэхгүй. Яагаад гэхээр АНУ,ХБНГУ-ын харьцаа эргээд сэргэлээ. Ган хатагтай Меркель Цагаан ордны эзнийг өөрийнхөө тал татаж чадсаныг энэ жишээ батлана. Тэгээд ч АНУ-ын хүн амын бараг 33 хувь нь германчууд. Өөрөө герман үндэстэн учраас Трампын хувьд Берлинтэй ойр шадар байх нь зөв гэж үзсэн байх. Кремль бол угаасаа Вашингтонтой онцгой дотно харьцаатай байгаагүй. Хуршёвын үед бүр дайтах шахсан явдал гарч байсан юм.

Дэлхийд АНУ,ОХУ хоёулаа нөлөөгөө баталгаажуулахын төлөө ил далд “дайтдаг” Энэ дайн зогсох болсон хэчнээн урт хугацаа улирахыг төсөөлшгүй. Обамад муу Трамп Кремльд сайнгүй байсан Обамагийн бодлогыг баримтлахаар шийдэв бололтой. Тиймээс өөрийн итгэлтэй шадар болоод буй хүргэн Ж.Кушнирийг ОХУ-тай хандах гол зөвлөхөө болголоо.

Энэ бүхний шалтгааныг улстөрийн мэргэжилтнүүд Ган хатагтай Ангела Меркельд сэтгэл татагдсан Цагаан ордны эзний тэнэг хувиралт зан чанартай холбож байгаа юм.

Путинтэй харьвцах Трампын бодлого хувьссанаар ОХУ-д тавих хориг Меркельтэй хамт төгсөх магадал буй гэсэн таамаглалыг батлаж байгаа бололтой.

сэтгэгдэл үлдээх