ХУУРАМЧ МӨНГӨНИЙ МАСТЕРУУД

Сонирхолтой нь хуурамч мөнгөн зоос, цаасан мөнгийг зөвхөн хувь хүмүүс төдийгүй луйврын боллолн улстөрийн зорилгоор Засгийн газрууд ч хийхийг оролддог байжээ

Хуурамчаар мөнгө хийж эхэлсэн анхны хүний нэрийг түүх хөдгөлж үлдэж чадсангүй. Цорын ганц тодорхой хэлж чадах зүйл бол тэр хүн хоёр мянга гаруй жилийн өмнө амьдарч байжээ. Тэр цагаас хойш энэ ажлыг олон хүн хийхийг оролдож байсан боловч үүнийхээ төлөө тэдний олонхи нь хатуу ширүүн цээрлэл хүлээсэн юм.

Тусгүй ажил

Эртний Грек, Ромын цуутай хүмүүсийн дотроос Диоген /мэө 412-323/ хуурамч мөнгө хийдэг байжээ. Домог яриагаар бол Синонд мөнгө хүүлэгч, мөнгө задлагч байсан түүний эцэг нь хүүгээ “хөнгө мөнгө” хийх ажилд татан оролцуулдаг байсан гэдэг. Баригдсан хуурамч мөнгө үйлдвэрлэгчдийг тэр үед цаазладаг байсан болоохоор Диоген ядуу амьдардагаа харуулах гэж зориудаар торхонд амьдрахыг илүүд үздэг байж болох юм.

Дундад зуунд хуурамч зоос үйлдвэрлэгчдийг цаазын тавцан, түүдэг гал эсвэл дүүжлүүр хүлээдэг байжээ. Английн хаан 1-дүгээр Генрих 1125 оны зул сарын баярын үдэш Винчестерийн цайзад өөрийнхөө зооснуудын цэвэр шударга гэдгийг нотлон харуулах ёстой бүх л зоосны үйлдвэрийн эздийг цуглуулсан байна. 94 зочин нь Винчестерээс өрөөсөн гартай гарсан гэдэг. Тэдний олонхи нь харин ч хөнгөн ялаар шийтгүүллээ гэж үзсэн байх магадлалтай, учир нь хааны зарлигийн дагуу хуурамч мөнгөн зоос үйлдвэрлээд баригдсан уран дархчуулын баруун гарыг тас цавчаад зогсохгүй эр хүний эрхтэнг нь тасддаг ёстой байсан аж.

Хуурамч зоос үйлдвэрлэгчидтэй Оросод дээрхээс ч дутуугүй хатуу ширүүн ханддаг байжээ. Алексей Михайлович хааны захирч байх үед, 17-дугаар зуунд зөвхөн ганцхан жилийн дотор л хуурамч зэс зоос хийгээд баригдсан 7 мянган гэмт этгээдийг цаазласны дээр бас 1,5 мянган этгээдийн гарыг нь тас цавчжээ. Домог, цуу яриагаар бол хуурамч зоос үйлдвэрлэн зүггүйтснийхээ төлөө алдартай үйлдвэр эрхлэгч Акинфий Демидов хатуу ширүүн ялаас азаар мултарсан гэдэг. Нэг удаа хатан 2-дугаар Екатерина түүнтэй хөзөр тоглон сууж байхдаа ширээн дээр байсан мөнгөн зоосноос атгаж аваад “Энэ хэний ажил вэ? Чинийх үү, минийх үү” хэмээн гэнэт асуусан байна. Үйлдвэр эрхлэгч ч сандарсангүй хурцадмал байдлыг намжааж “Бүгд таных аа ээж минь. Бид ч таных, бидний ажил ч таных” гэж хариулжээ. Төн дараа нь Демидовынхон “Аугаа Петр хаан” кинонд гэдэг кинонд гардаг домгийн дагуу нүглээс хол байхын тулд Невьяны цамхгийн суурийн давхруудад хуурамч зоос үйлдвэрлэдэг дархны газраа болон тэнд ажилладаг байсан хүмүүсээ живүүлж алсан байдаг юм.

Өндөр албаны “гурилдагчид”

Ял шийтгэлгүйгээр хуурамч мөнгө үйлдвэрлэх онцгой эрх зөвхөн эрх мэдэлтнүүдэд байсан бөгөөд тэдний зарим нь үүнийг ашиглаж чадсан байдаг. Гэхдээ хэрэв алдарт Марк Антоний, эзэн хаан Нерон, Францын хаан, Сайхан бас хуурамч мөнгөчин хочит 4-дүгээр Филипп нар төр улсынхаа эдийн засгийг зохицуулахын тулд зоосон дахь үнэт металлынхаа орц, жинг багасгадаг байсан бол Напелеон, Гитлер нар дайсагнагч орнуудынхаа эдийн засгийг сүйрүүлэхийн тулд цаасан мөнгийг хуурамчаар үйлдвэрлэж байжээ.

Напелеон жишээ нь Монружед үйлдвэр байгуулж тэндээ Венийн банкны мөнгөн тэмдэгт, Оросын цаасан мөнгийг хуурамчаар үйлдвэрлэх ажил явуулж байлаа. Францууд Москваг эзлэж авсныхаа дараа энэ үйлдвэрийнхээ нэг салбарыг Преобратенскийн оршуулгын газарт байдаг нэг хагас нурсан байшинд байгуулж, харин нөгөөг нь Москвад нээжээ. Оросын армийн офицер К.Мартене бичихдээ “Биднийг Оросын хоёрдугаар нийслэлийн гудамжаар явж байхад хагас нь шатсан нэгэн байшинд маш сайн тоноглогдсон, машин багаж хэрэгсэл гээд шаардлагатай бүх зүйлээр хангагдсан хуурамч мөнгө хийдэг үйлдвэр байхыг олсон. Бас бөөн бэлэн мөнгө байсан. Тэдгээрийг маш чадварлаг хийсэн байсан болохоор жинхэнэ мөнгөнөөс ялгах ямар ч аргагүй байсан” гэжээ.

Тагнуулчид зориулсан гэнэтийн бэлэг

Нацист Г?ерман СС болон СД зэрэг нууц албадууд Англи, АНУ, ЗХУ-ын эдийн засгийг бусниулах зорилгоор эдгээр орнуудын мөнгөн тэмдэгтийг хуурамчаал үйлдвэрлэх “Андреас”, “Бернхард” хэмээх өргөн хүрээтэй хоёр ажиллагаа боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн байна. Хуурамч мөнгө үйлдвэрлэх эхний цехийг 1939 оны 9-дүгээр сард Грюнвальдад байгуулжээ. Цааш нь хорих лагериудаас мэргэжилтнүүдийг сонгож авснаар энэ үйлдвэрлэл өргөжиж олширсон боловч фронт дахь Германы ялагдал энэ хэргээ гүйцээх боломжийг олгоогүй юм. Гитлерийн эсрэг эвслийн орнуудын эдийн засаг ч хохирсонгүй. Харин “Цицерон”  гэгдэх тагнуулч Эльпс Базна л хохирчээ. Туркт суугаа Британий элчин сайдын үйлчлэгч хиа байсан Цицерон германчуудад үнэлж баршгүй мэдээлэл өгч байв. Өөрийнхөө ажлын хөлсөнд 300 мянган фунт стерлинг аваад элбэг хангалуун амьдрахаар өмнөд Америк руу явсан боловч мөрөөдөл нь биелэх учиргүй байжээ. Учир германчууд түүнтэй хуурамч мөнгөөр тооцоо хийчихсэн байжээ.

ЗХУ-ын ардын аж ахуйг сэргээхийн тулд “ард түмнүүдийн эцэг” нөхөр Сталин ч хуурамч мөнгө хийж байхаас буцаагүй юм. Түүний ивээл доор тэр үеийн КГБ буюу Улстөрийн газар нь АНУ-ын хуурамч одлларыг “Сассунд Мартини” банкаар дамжуулан борлуулах ажлыг хийдэг байсан байна. Үүнийг нь илрүүлсний дараа олон улсын маш том хэрүүл шуугиан дэгдсэн билээ.

Алтан гартнууд

ЗХУ-д хуурамчаар мөнгө үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ нь энэ ажил бол тун тусгүй үйл гэсэн туйлын тодорхой дүгнэлт хийх боломж олгосон байна. Дайны дараах бүх л цаг үеийн туршид энэ ажлаар цорын ганц хүн, Ставрополийн уран гартан Виктор Баранов л бодитойгоор баяжиж чадсан юм. Энэ бол тун сонирхолтой хүн бөгөөд гэрийн нөхцөлд мөнгө үйлдвэрлэдэг хосгүй хэвлэх машин бүтээгч, ганцаараа ажилладаг суутан хэмээн нэрлэж болох юм. Бас дашрамд дурдахад тэр бол Михиал Горбачёвыг Сваврополийн хязгаарын Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга байхад нь жолооч нь байсан сонин түүхтэй хүн. Тэрээр 1970-аад онуудад тун адилхан 25 рублийн дэвсгэрийг хийдэг байсан бөгөөд үүнийхээ төлөө шүүхээс 12 жилийн ял авсан байна. Хэсэг хугацааны дараа төрөөс Барановын толгойг агаар салхинд ой мод унагаахад дэндүү үнэтэй гэж үзээд Улсын мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх ажилд татан оролцуулахаар болсон аж. Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдвэрлэхээс хамгаалах зарим аргууд нь түүний бүтээл гэнэ. Түүний тухай болон түүнийг илрүүлсэн талаарх сургалтын кино бүтээж, мэргэжлийн сургууль төгсөгчид ч цөөнгүй курсын ажил бичсэн байна.

Таслал байхгүй карбованец

Зөвлөлтийн үед баригдаагүй хуурамч мөнгө үйлдвэрлэгчдээс хоёрыг нь л нэрлэх боломжтой. Нэг нь “1964 онд гаргасан” гэж нэрлэгдсэн зуу орчим төмөр рублийг үйлдвэрлэж, борлуулсан нэгэн этгээд, харин хоёрдахь нь “Уралын хувилбар”-ын зохиогч нар юм. Сэргийлэх болон худалдааны салбарт ажиллаж байсан ахмад хүмүүс, ЗХУ-ын ард түмнүүдийн хэл дээр улаан 10 рублийн дэвсгэр дээр бичсэн урт жагсаалтын дотроос укрианы “корбованец” гэдэг үгийн өмнө таслал байгаа эсэхийг хайж олох гэж хичээж байснаа санаж л байх ёстой. Энэ таслал байхгүй байгаа нь хуурамч мөнгөний жинхэнээсээ ялгагдах цорын ганц ялгаа нь байсан юм. Ийм хуурамч 10-тын дэвсгэртүүд ихэнхдээ Пермь, Свердловск, Челябинскт гарч ирж байсан болоохоор тэдгээрийг “уралын хувилбар” гэж нэрлэж байсан билээ. Үүнийг хийсэн этгээдийг бүх талаас нь бүслэсэн байсан болохоор тэр үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй байдалд хүрч улмаар ял шийтгэлээс зайлсхийж мэдэгдээгүй хэвээр үлдсэн юм.

Өөрчлөн байгуулалтын болон түүний дараах үед ганцаараа үйлдвэрлэгчдийг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд арын эгнээ рүү шахан гаргасан бөгөөд тэд өндөр чадалтай техник хэрэгслээр хангагдаж байсан билээ. Жиүээ нь: Орос орон руу хуурамч орос мөнгөн тэмдэгтүүд асар ихээр урсан орж ирэх болсон юм. Польшид 50 мянган рублийн мөнгөн тэмдэгт 4 тонныг хэвлэсэн байсныг бид мэднэ. 1994 онд Улс ардын аж ахуйн үзэсгэлэн дээр 11 сая рублийг доллароор солих гэж оролдох үедээ Солнечногорскийн хоёр оршин суугч баригдсан юм. Тэдний мөнгө яг л жинхэнэ юм шиг онцгой сайн хийгдсэн байсан ч бүгд ганцхан ижил сери, дугаартай байсан гэдэг. Интерполоор дамжуулан үйлдвэрлэсэн газрыг нь олсон бөгөөд Германд үйлдвэрлэсэн байж таарчээ.

Илүү тэгүүдийн эрин

Хэдийгээр хачирхалтай ч гэсэн өөрчлөн байгуулагдсан ЗХУ-ын 1991 оны Павловын шинэчлэлээс эхлээд дараа нь хуучин зөвлөлтийн орнуудын мөнгөний байнгын өөрчлөлт нь хуурамч мөнгө үйлдвэрлэгчдийн хувьд ёстой сэтгэл татах зүйл нь байлаа.

Онолын хувьд мөнгөн дэвсгэртийн дүр төрхийг хуурамч мөнгөнөөс хамгаалахын тулд л өөрчилдөг. Гэтэл амьдрал дээрээ ийм өөрчлөлтүүд харин ч хуурамч мөнгөчингүүдэд тус болдог ажээ.

Хуурамч мөнгө үйлдвэрлэгчид нь шинэ төрхтэй цаасан мөнгөнд ард иргэдээс илүү хурдан дасан зохицдог байсан учраас ердөө л мөнгөн дэвсгэртийн нэрийтгэл үнийг өсгөхийн тулд нэмэлт тэгүүдийг наах замаар буюу хамгийн энгийн аргаар өөрчилсөн мөнгөө амжилттай борлуулах нь цөөнгүй байсан юм. Харин мөнгөний ханшны байнгын уналтын улмаас хүмүүс гарт арав дахин үнэтэй цаасан мөнгө ороод ирэхээр огт гайхахаа больчихсон байдаг гэдэг юм.

1990-ээд оны эцсээр нөхцөл байдал тогтворжив. Мөнгөний гадаад төрх байдал ч өөрчлөгдөхөө больж, иргэд ч үүнд дассан бөгөөд хуурамч мөнгө борлуулах нь улам л хэцүү болсон байна. Хуурамч мөнгө үйлдвэрлэгчид цөөрөөгүй байж магадгүй л юм, харин Баранов маягийн уран гартнууд гараагүй л байна.

сэтгэгдэл үлдээх