Э.Анхбаяр: Урлаг миний амьдралд олон боломж нээж өгсөн

Мөнгөн мод” наадмын шилдэг дуучин, “Морин хуур” наадмын тэргүүн байр гээд та саяхан олон шагналын эзэн боллоо. Энэ цаг үеийг амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлж байна даа?

-Тийм шүү. Урлагийн буянд залуу нас минь үр бүтээлтэй өнгөрч байна. Энэ тайз надад их олон зүйл өгч байгаа. Өдөр бүр талархаж явдаг.  Хэдхэн хоногийн өмнө “Мөнгөн мод” наадмын шилдэг дуучин боллоо. Мөн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр ахынхаа “Тэнэгэр их тал” хэмээх сайхан дуугаар “Морин хуур” наадамд тэргүүлсэн. Ирээдүйд маань гэрэл гэгээ нэмсэн үйл явдлууд байлаа. Сонгодог урлагийн салбарт олон зүйлийг хийж бүтээх зорилгыг маань улам бадраалаа. Их баяртай байгаа.

- Та  олон улсын томоохон тэмцээнүүдэд Монголынхоо нэрийг гаргаж амжилттай оролцсон. Унгарын Будапешт хотын театрт мөн ажиллахаар болсон. Энэ талаараа тодруулахгүй юу?

- Эва Мартоны нэрэмжит уралдааны тэргүүн байр эзлэх үеэр Унгарын Будапешт хотын театрын захирал жилийн хугацаатай хамтран ажиллах санал тавьсан юм. Энэ хүрээнд 2017-2018 онд Унгарын Будапешт хотын театрт ажил­лахаар боллоо. Ирэх намраас Унгар явж тэнд Ж.Вердийн “Трубадур” дуурийн Ди Луна, “Травиата”-гийн Жермон, “Бал-Маскарад” дуурийн Ренатод дуулна.

 - Удахгүй дуурийн эх орон Италийг зорих гэж байгаа гэсэн. Тэнд бэлтгэл хийх гэж байна уу?

- Хоёр сарын хугацаанд итали багш дээрээ очиж бэлтгэл хийнэ. Энэ жил Австри, Голландад болох Олон улсын тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөөд байна. Мөн томоохон дуурийн дүрүүд дээр ажиллана. Түүнд бэлтгэх хэрэгтэй. Явахаасаа өмнө эх орныхоо хөдөө нутгаар аялж байна. Сүхбаатар, Сэлэнгэ аймгаар яваад ирлээ.  Алтан овоондоо очиж хийморио сэргээлээ. Ерөнхийдөө дараа долоо хоногт нисэхээр болоод байж байна.

-Багшийнхаа тухай ярихгүй юу. Анх яаж холбоо тогтоож байв?

- Цахим ертөнц хөгжиж байгаагийн давуу тал нь урлагийнхан гадаад ертөнцтэй харьцаж чаддаг боллоо. Олон улсын тэмцээнүүдэд оролцож, гадны мастеруудын нүдэнд өртөж байна. Цаашлаад тэдэнтэй хамтран ажиллах боломжтой болж байгаад баярладаг. Манай “Серж Меценат” сан энэхүү боломжийг надад олгосон. Итали багш маань олон улсын дуурийн уралдааны шүүгчээр ажилладаг, Европтоо нэлээд алдартай хүн байгаа.

- Таны дуурийн урлагт орж байсан түүхийг сонирхмоор байна.  Дуртай болгон өөрийн болгож чаддаггүй онцлогтой мэргэжил шүү дээ?

- Миний бага нас Өвөрхангай аймагт өнгөрсөн. Цэцэрлэгт байхаасаа л дуулдаг байлаа. Хажуугийнхаа цэцэрлэг рүү тоглолтоор явна, сургуульд ороод дөрөвдүгээр ангидаа “Улаан бүч” чуулгын  гоцлол дуучин болж байлаа. Олон уралдаан тэмцээнд орсон доо. Дуучин болно гэдэгтээ бат итгэлтэй байсан. Гэхдээ СУИС-д шалгалт өгөөд тэнцээгүй. Тэгээд Хөгжим, бүжгийн коллежид Ардын жүжиг­чин Б.Жавзандулам багш дээрээ очиж дуурийн урлагаар хичээллэж эхэлсэн.

Хүн ер нь өөрийн хүсэл мөрөөдөлдөө үнэнч байвал амжилт ирдэг юм билээ. Жавзаа багшийнхаа удирдлагад таван жил хичээллэсэн. Тэгээд сургуулиа төгсөөд шууд ДБЭТ-ын гоцлол дуучин болж байлаа.  Хүнд байнгын боломж байдаг гэдгийг миний өнгөрсөн амьдрал харуулдаг.   Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж байдаг гэдэг.  Ер нь сонгодог урлаг миний амьдралд маш олон боломж нээж өгсөн. 

-Багш тань маш олон дуучныг Монголын сонгодог урлагт хүлээлгэж өгсөн хүн. Ер нь юу гэж захидаг байв?

- Аль болох “Олон улсын уралдаанд ор”, “Сонгодог тал руугаа өөрийгөө илүү хөгжүүл, сонгодог урлагаар чи хоолоо олж иднэ”, “Миний шавь дэлхийд дуулна” гэж оюутан байхаас хэлдэг байсан. Тухайн үедээ багшийг ингэж хэлэхэд “Би юун дэлхийд дуулах вэ” л гэж боддог байлаа. Гавьяат жүжигчин С.Жавхлан шиг болно гэж сургуульд орсон хүүхдүүдэд төсөөлөгдөхгүй шүү дээ.

Одоо бодоход багш минь бэлгэшээж ч байж, өөрөө ч бас хувь хүнийхээ мэдлэг чадварынхаа хувьд олж харсан байж. Хамгийн анх Улаан-Үдийн театрт дуулсныхаа дараа “Нээрээ ч дэлхийн тайзан дээр дуулах юм болов уу” гэж бодож байлаа. Улаан-Үдийн театр маш сайхан өгөөжтэй газар байдаг. Манай Монголын олон сайхан дуучин тэндээс гараагаа эхлүүлсэн сайхан энергитэй газар.

-Таны үеийн уран бүтээлчид нийтийн дуу руу их орсон байдаг. Танд тийм бодол байв уу. Анхнаасаа л сонгодог урлаг гэж зорьж хичээллэв үү?

- Урлагийн сургуульд орж байгаа хүүхдүүдийн ихэнх нь амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд байдаг. Зарим нь өөрийнхөө амьдралыг энэ салбараас босгоно гэсэн зорилготой орж ирдэг. Түүнээсээ болоод нийтийн дуу руу ороод байна уу даа гэж харах юм. Дуурийн дуу дуулахаар сайхан уран бүтээлчид нийтийн дуу руу орж байна.  Гэхдээ мэдээж тэдний буруу биш л дээ.

Өөрийн хүссэнээр зорьсондоо хүрэхээр яваа залуусаа мэдээж дэмждэг.  Надад ч нэлээд хэдэн бүтээл бий. Өнгөрсөн жил Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Жанцанноров гуайн “Бурхан Халдун” дууг дуулж “Морин хуур” наадмын Гранпри шаг­нал хүртэж байсан. Ц.Эрдэнэбат ахаас эхлээд Монголынхоо хөгжмийн зохиолчидтой хамтарч уран бүтээл хийж байсан.  Мөн энэ жил Ш.Өлзийбаяр ахтайгаа хамтран ажиллалаа. Цаашид дуурь дуулахын зэрэгцээ ард түмнийхээ сэтгэл зүрхэнд үлдэх бүтээл дээр ажиллана гэж бодож байгаа.

-Монголын сонгодог урлагийг дэлхийн бусад оронтой харьцуулахад ямар дүгнэлтэд хүрдэг вэ?

-Үнэнийг хэлэхэд Монголын сонгодог урлагт шинэчлэл хийх цаг нь болсон юм. Олон улсын олон уралдаанд оролцлоо. Уран сайхны бодлогоосоо эхлээд шинэчлэл хийх цаг нь хэдийнээ болжээ. Улс орон хямралын бай­далтай байгаа ч багахан хэмжээний төсвийн хөрөнгөөрөө шинэчлэл хийх боломжтой. 1970, 1980-аад оны социализмын үеийн энэ системээрээ цааш явах нь маш буруу. Үүнийг тодотгож хэлмээр байна. Манайд байдаг социализмын үеийн жишиг дэлхийн хаана ч байхгүй.

сэтгэгдэл үлдээх