МАН-ынхан Ерөнхий сайдын "эрэлд" буюу..........................

МАН-ынхан засгийн  газраа байгуулах ажилдаа ороод байна. Энэ нам дахь бүлэглэлүүд тус тусдаа цуглаж, Ерөнхий сайдад хэнийг томилуулахаа ярьж байна. Үүнийг эцэслэж байж, Бага хурлаа товлохгүй бол улс төрийн ийм нөхцөлд улам том зодоон үүснэ гэдгийг хаана хаанаа ойлгож байгаа аж. МАН-ын хамгийн том бүлэглэл буюу М.Энхболдыг тойрсон Хотын фракци уржигдрас цуглаж эхэлсэн байна. Энэ фракцыг МАНАН буюу ХАР ХҮЧ-ний гол цөм болдог гэж хэлж болно. Энэ бүлэглэлийн төлөөллүүд болох УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд экс Ерөгхийлөгч Ц.Элбэгдорж нар уржигдар уулзжээ. Ингээд элчин сайд асан С. Баярыг ир гэмээн дуудуулжээ.С.Баяр уржигдар оройдоо иржээ. Мөн сайд асан Т.Бадамжунайг ч бас дуудсан байна.Тэрээр өчигдөр үдээс хойш ирсэн байна. Ингээд энэ фракцын  удирдлагууд бүрдэж, өчигдөрхөн уулзалдсан аж. Тэд Ерөнхий сайдад хэнийг зүтгүүлэх вэ гэдгээ эхний ээлжинд шийдэх юм. Үүнээс өмнө С.Баяр, Т.Бадамжунай нар уулзаж, энэ талаар ярилцсан бололтой. МАНАН буюу ХАР ХҮЧ-гийхэн шинэ засгийн газрын тэргүүнээр хоёр хүний аль нэгийг зүтгүүлэхээр ярьж буй аж.   Нэг нь УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт нөгөөх нь УИХ-ын гишүүн Н.Энхболд юм байна.   Гэхдээ  С.Бямбацогт  нь нөгөөдүүлийнхээ дэмжлэгийг авах магадлалтай гэнэ.

Ямартай ч ойрын өдрүүдэд  М.Энхболд, Ц.Элбэгдорж, С.Баяр, Т. Бадамжунай , С.Бямбацогт, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй энэ ХАР ХҮЧ-нийхэн уулзалдаж асуудлаа шийднэ гэсэн үг.

Харин нөгөө талд нь  У.Хүрэлсүх, Ц. Нямдорж, Сү. Батболд, Ч.Хүрэлбаатар нар уулзалдаж хэнийгээ Ерөнхий сайдад зүтгүүлэхээр шийдэх бололтой. Учир нь У.Хүрэлсүх бол эргэлт буцалтгүй зүтгэнэ гэдгээ мэдэгдчихсэн. Гарын үсэг зурсан 30 гишүүн ч түүнийг дэмжихээ илэрхийлсэн байна. Дээрээс нь 5-6  гишүүн Засгийн газар унаснаас хойш нэмэгджээ.Гэхдээ У.Хүрэлсүх нөгөө нөхдүүдээс Ерөнхий сайдын албан тушаалд очих дэмжлэгийг авчихлаа гэсэн гэж ойлгож болохгүй. Одоо Ц.Нямдоржоос ихээхэн зүйл хамаарах нөхцөл үүсээд байна. Яагаад гэвэл Л.Энх-амгалан, Б. Чойжилсүрэн, Ц. Мөнх-Оргил нар Ц.Нямдоржийг Ерөнхий сайд болооч гэмээн шахаад эхэлсэн. Энэ нь "Эм Си Эс" фракц гэсэн үг л дээ. Ц.Нямдоржийн хувьд энэ саналд тийм ч дургүй биш байгаа аж. "...... Ч.Хүрэлбаатарыг  Ерөнхий сайд болгохгүй бол би зүтгэсэн ч яахав" гэсэн дуулдаж байна. Тэгэхээр Ц.Нямдорж бол У.Хүрэлсүх, Сү.Батболд нараас салж, нутаг ус бас нөгөөх компаниа дагаж магадгүй.

Эндээс үзэхэд МАН-ын лидерүүд гурван томоохон бүлэглэлд хуваагджээ. МАНАН буюу хар хүчнийхэн "Яадаг ч байсан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгож болохгүй. Ямар ч үнээр хамаагүй У.Хүрэлсүхийг энэ томилгооноос зайлуулах нь зүйтэй." гэсэн зарчмаар ажиллаж байна. Дээрээс нь Ц.Нямдорж өөрөө эсвэл Ч.Хүрэлбаатарыг Ерөнхий сайд болгоно гэчих гээд байдаг. Энэ нь У.Хүрэлсүхэд нэлээд саад байнаа гэсэн үг. Гэвч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, МАН-ын дарга болох хамгийн  боломжтой  нэр дэвшигч бөгөөд МАН-ын олон нийтэд алдагдсан нэр хүндийг авчирч чадах хүн гэмээн ард түмэн ч бас хүлээлттэй харж байгаа.  Түүнд УИХ-ын гишүүдийн 50 хувь, дээрээс нь олон нийтийн дэмжлэг их байгаа нь давуу тал нь болж байна. 

Гэхдээ Ц.Нямдорж Ерөнхий сайд болно гэмээн зүтгэчихвэл асуудал өөрөөр эргэнэ гэсэн үг. МАНАН буюу ХАР ХҮЧ-ний хувьд У.Хүрэлсүхээс аюултай хүн бол Ц.Нямдорж юм. Ингээд Ц.Нямдоржийг Ерөнхий сайдад зүтгэнэ гэвэл өөдөөснь тавих хүчтэй өрсөлдөгч хэрэгтэй. Тэгээд ч Ц.Нямдоржтой өрсөлдөөд ялах хүн бол У.Хүрэлсүхээс өөр  харагдахгүй байна. Бусад горилогчид нь Ц. Нямдоржийг дийлэхгүй. Тиймээс М.Энхболд нар У.Хүрэлсүх дээр  "хадаг барьж" очихоос өөр аргагүйд хүрнэ. Харин У.Хүрэлсүх тэдэнтэй нийлэх  нь юу л бол. 

Ингэхээр өнөө маргаашдаа МАНАН буюу ХАР ХҮЧ-нийхэн У. Хүрэлсүх, Ц.Нямдорж, Сү. Батболд нар тусдаа уулзаж дараагийн Ерөнхий сайдын ярьцгаах болж байна. Харин дараа нь  М.Энхболд  У.Хүрэлсүх  Т.Бадамжунай  С.Баяр нар уулзаж  эцсийн тохироонд хүрч магадгүй. Энэ бүхний дараа МАН-ын бага хурал зарлагдана гэсэн үг.  Эндээс үзэхэд ийнхүү Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, С.Бямбацогт, Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар нарын нэг болохнээ. Гэхдээ МАН-ынхан  ард түмний хүлээлтийг  шийдвэртээ тусгана гэдэгт   л найдах үлдлээ.

  

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 9 Сар

Nyamaa Enkhbold iluu buuri suuritai

Зочин

  • [192.168.1.1]
  • 9 Сар

Ч.Х