НИТХ-ын даргын суудлын өрсөлдөөнийг хэн тэргүүлэх вэ.....

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт хуралдаж,  НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Түүний хүсэлтийг энэ сарын 22-нд хэлэлцэн шийдвэрлэж шинээр НИТХ-ын даргыг  сонгоно. 

МАН-ын Удирдах зөвлөлөөр НИТХ-ын даргад горилогчдын  нэрийг оруулж  хэлэлцүүлсний дараа  НИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэх юм байна. НИТХ-ын даргын суудлын төлөөх өрсөлдөөн өрнөөд эхэлсэн байна.   Ингээд та бүхэндээ НИТХ-ын даргын суудалд  горилогчдыг танилцуулья.Засаг даргын орлогч  Ж.Батбаясгалан, төлөөлөгч С.Амарсайхан  нарын нэр дуулдаж буй.

 Ж.Батбаясгалангийн хувьд 2008 – 2012 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, мөн 2008 – 2012 ​Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны зөвлөлийн гишүүн, 2012 – 2016​  НИТХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, 2016 оноос ​Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байгаа. НИТХ-д сүүлийн 10-аад жил ажилласан, нийслэлийн ажлыг сайн мэддэг ажлын туршлагатай нэгэн юм. Засаг даргын орлогчоо өгч НИТХ-ын даргаар очих боломжтой. Харин С.Амарсайхан  нь 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе, 2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер, 2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байгаа.  2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр ажиллаж байгаа юм. байна.  Түүнийг НИТХ-ын даргаар томилох магадлалтай.

Түүнчлэн МАН-ын дарга М.Энхболд өөрийн хүнээ тавих сонирхол бий аж. Нийслэлийн МАН-ын Бүлгийн дарга С.Мөнхчулуун болон тэргүүлэгч Ж.Батсайхан нарыг зүтгүүлж буй юм. С.Мөнхчулууны хувьд өмнө нь СХД-ийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Ажлын туршлагын хувьд НИТХ-ын даргад тэнцэхгүй гэсэн шүүмжлэл байна. Ж.Батсайхан тэргүүлэгчийн хувьд  1998-2013 онд Машин механизм ХК-д дэд захирал, гүйцэтгэх захирал, 2015 онд ИНЕГ-ын Чингис хаан ОУНОБ-д бизнес төлөвлөлтийн газрын дарга, 2016 оны 10 сараас ОСНААУГ-ын даргаар ажиллаж байгаа юм. Эдгээр залуучууд М.Энхболдын дэмжлэгтэйгээр НИТХ-ын даргаар очих боломжтой.

Мөн М.Халиунбат, Ж.Алдаржавхлан нарын нэр ч дуулдаж байна.

Ц.Сандуйг огцруулах бичигт 14 төлөөлөгч гарын үсэг зурсан  байна.   НИТХ-ын 45 төлөөлөгчийн 35 нь МАН-аас сонгогдсон төлөөлөгчид. Өөрөөр хэлбэл НИТХ дахь МАН-ын бүлэг бас хоёр хуваагдаад байгаа. бөгөөд  НИТХ-ын даргыг шинээр сонгож, томилоход АН-ын 10 гишүүний санал ч чухал байж мэдэхээр байна.

 

сэтгэгдэл үлдээх