Г.Бадамрагчаа: Кино урлагт мэргэжлийн продюсер хэрэгтэй байна

Бид салбар бүрийн тэргүүлэгчдийг “Leaderships forum” буландаа урьж, хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор кино найруулагч Г.Бадамрагчааг урьж ярилцлаа. Тэрбээр Лoc-Анжелесийн кино урлагийн сургуульд суралцаж байгаа бөгөөд эх орондоо түр хугацаанд иржээ.

БАГШ НАР МААНЬ ТАНАЙ ҮЕИЙНХЭН Л КИНО УРЛАГИЙГ БОСГОХ ХЭРЭГТЭЙ ГЭДЭГ БАЙВ

-Багадаа кино урлагт орно гэж бодсонгүй явлаа. Тулааны урлагаар олон жил хичээллэсэн. Гэхдээ одоогийнх шиг тив дэлхийн аваргын тэмцээнд орох боломж 1990-ээд оны үед байсангүй. Манай тулааныхан цагдаа, цэргийн байгууллага руу их орсон. Нэг хэсэг нь хамгаалагч хүртэл боллоо. Тухайн үед Жаки Чан, Брюс Лигийн тулаант кино хүмүүсийн сонирхлыг их татдаг байв. Тэгээд энэ чиглэл рүү явах нь зүйтэй юм байна гэж бодсон.

Ах нар маань зураач учраас миний энэ сонголтод нөлөөлсөн байх. 1995 онд Монголын анхны киноны сургууль болох “Харцага” кино урлагийн дээд сургууль гэж байгуулагдсан. Тэнд манай алтан үеийн уран бүтээлчид багшилж байв. Би Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сумхүү хэмээх гайхалтай найруулагчийн шавь болсон. Оператор Н.Хуяг-Очир, Г.Баттулга гээд нэгэн цаг үед Монголын кино урлагийн нүүрийг тахалж явсан уран бүтээлчдээс бүхнийг сурсан даа.

сэтгэгдэл үлдээх