АНХААР: ЦАГ АГААР ЭРС ХҮЙТЭРНЭ

Ойрын өдрүүдийн цаг агаарын талаар Ус, цаг уур, орчны хүрээлэнгийн цаг уурч Ч.Сарантуяагаас тодруулсан юм. Тэрбээр энэ сарын 21-ний өдрөөс эхлэн нийт нутгаар цочир хүйтэрнэ. Цаашдаа энэ сарын 26-нд дахин хүйтрэх төлөвтэй байгааг санууллаа. Тиймээс тариаланчдад хандан өнөө маргаашдаа амжиж ногоогоо хураахыг зөвлөж байна.


-Ойрын өдрүүдэд намрын налгар өдрүүд үргэлжилж дулаан байлаа. Долоо хоногийн сүүлчээр нийт нутгаар цочир хүйтэрнэ гэсэн мэдээлэл байна?

-Төв болон Зүүн аймгуудын нутгаар энэ сарын 15, 16-нд бага зэргийн хур тунадас орсон. Үүнийг  эс тооцвол есдүгээр сарын дунд арав хоногт намрын налгар өдрүүд үргэлжилж, цаг агаар тогтуун байлаа. Харин маргаашаас эхлэн нийт нутгаар цаг агаар хүйтрэх төлөвтэй байна. Тодруулбал, энэ сарын 20-нд Төвийн аймгуудын баруун хагас, энэ сарын 21-нд Төвийн ихэнх нутгаар, говийн болон Зүүн аймгуудын бүс нутгаар бороо орж, уулархаг нутгуудаар нойтон цас орно. Мөн салхи ихэсч, энэ сарын 20-нд Алтайн салбар уулс болон энэ сарын 21-нд нийт нутгаар салхины хүч 16-18 м/секунд хүрнэ. Говь, талын нутгаар зарим үед салхины хүч 20-24 м/секунд хүрч, шороон болон цасан шуурга шуурах болозошгүй төлөв гараад байна.

-Цочир хүйтэрнэ гэхээр цаг агаар нэмэх хэмээс хасах хэм рүү шилжихийг хэлэх үү. Ихэнх нутгаар хэдэн хэм хүрч хүйтрэх бол?

-Агаарын температур шөнөдөө ажиглагдаж буй дундаж температур тогтвортой нэмэх байж байгаад хасах хэм рүү орохыг цочир хүйтрэлт гэдэг. Энэ өдрүүдэд агаарын хэм доошилж, сэрүүснэ. Ялангуяа энэ сарын 20-нд Баруун аймгуудынхаа хойд тал, энэ сарын 21-нд Төвийн аймгууд, энэ сарын 22-нд Зүүн аймгуудаар сэрүүснэ. Уулархаг нутгаараа өдөртөө гурван хэмийн дулаанаас -2 хэм хүйтэн байна. Говийн бүс нутгаар 8-13 хэм дулаан, тал хээрийн бүс нутгаар 3-8 хэмийн дулаан байна. Харин шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулс, Хэнтийн ууланд -3 хэмээс -8 хэм хүйтэн хонох бол тал хээрийн бүс нутагт 0-5 хэм дулаан, зарим газраараа -2 хэм хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна. Энэ сарын 22, 23-нд шилжих шөнө хүйтэн хононо.

-Ерөнхийдөө цаг агаар есдүгээр сарын сүүлчийн 10 хоногт хүйтэн байх нь ээ?

Ихэнх нутгаар энэ сарын 24-нд цаг агаар эргээд тогтворгүй болж, хүйтэрнэ. Энэ сарын 25-нд Төвийн нутаг, Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна. Тиймээс энэ сарын 25, 26-нд өмнөх хоногуудаас илүү хүйтэрнэ гэж ойлгож болно. Хангай, Хөвсгөлийн уулс, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -4 хэмээс -9 хэм хүрч хүйтэн хононо. Энэ өдрүүдэд уулархаг нутгуудаар өдөртөө 1-2 хэм дулаан л байна. Төвийн бүс нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн хонож, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

-Одоо ургац хураалт эхэлж байгаа. Тариалангийн бүс нутгаар цаг агаар хэр байх вэ?

-Есдүгээр сарын үлдэж буй хоногуудад улс орон даяар тариа, ногоо хураах ажил өрнөж байгаа. Тариалангийн бүс нутгаар өнөө маргаашдаа дулаан өдрүүд үргэлжилнэ. Энэ сарын 21-нээс эхлэн хур тунадас орно. Цаашдаа энэ сарын 26-нд цаг агаар цочир хүйтэрнэ. Тиймээс тариаланчид маань өнөө маргаашийн цаг агаар тогтуун байгааг ашиглаж, ажлаа амжуулахыг зөвлөж байна. Хур тунадас орж, цочир хүйтэрсэн үед тариа, ногоо цасанд дарагдаж, хөлдөх эрсдэлтэй. Тийм учраас хүнсний ногоогоо ойрын хоёр өдөртөө амжиж хураахыг зөвлөж байна.

сэтгэгдэл үлдээх