Г.ОТГОНЖАРГАЛ ЦЭРГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Бөхийн төрлүүдийн цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр (2017.09.20) Литвийн Клайпеда хотод эхэллээ. 32 дахь удаагийн тэмцээнд 26 орны тамирчин өрсөлдөж байна.

Өчигдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, эмэгтэйчүүдийн 48, 53, 55 кг-ын жингийн барилдаан болов.

Монгол Улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин тэмцээнд оролцож буйгаас эхний өдөр гурван тамирчин өрсөлдөж, бүгд медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд барилдсан өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, “Монголиа Опен” олон улсын тэмцээн болон насанд хүрэгчдийн улсын аварга, ОУХМ Г.Отгонжаргал алтан медаль хүртэв.

Тэрбээр чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон тав дахь тамирчин болж байна. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 65 кг-д барилдсан спортын мастер Г.Ханбүргэд, эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд өрсөлдсөн, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Болор-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн. 

Өнөөдөр тэмцээн эрэгтэйчүүдийн 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 58, 60, 63 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ.

сэтгэгдэл үлдээх