Гайхамшигт алс, мөрөөдөл миний анхны хайр

Хүн болгон өөрийн өгүүлэх хайрын түүхтэй байдаг шүү дээ. Надад ч бий. Би жаахан байхдаа дунд сургуулийнхаа жижигхэн охинд дурлаж билээ. Спорт урлагийн наадам гэж жил бүр болно. Биеэр өсгөлүүн, биеийн тамирт муугүй байсан болохоор спортын наадмын эхний байруудыг түүчихнэ. Манай ангийн хөвгүүд хэнд ч мөчөөгөө өгөхгүй. Тэр жил манай ангид дүрлэгэр нүдтэй, авсаархан биетэй Сайхнаа гэх охин шилжин ирлээ. Хөвгүүдийн нүд соронзон адил түүнд татагдана. Хэн нь түүнтэй эхэлж үерхэх вэ гэдгээ шодож мөрий тавина. Мэдээж надтай өрсөлдөх хөвгүүн байсангүй. Сагс тоглохдоо дундын биш алсын зайнаас шидэж гурвын оноо түүнэ, гар бөмбөг тоглохдоо эхний тойргоос цохилтын бөмбөг явуулж оноо авна, гүйхдээ эхний гурвын эгнээнээс суга гарах хүч чадал нь чухам түүнийг хараасай гэх ид шидээр магнайлна. Гэхдээ л халдаж чадахгүй. Нүүр тулаад үг хэлэх гэхээр тэр дорхноо л ээрч муурна.

Спортын наадмын наадмын дараа урлагийн наадам боллоо. Надад шүлэг хэлхэх байтугай, дуу дуулах ч хоолой байхгүй. Хэл уран зохиолын хичээл дээр адгаасаа хоёрт жагсдаг хүн яаж ч хүний хайрыг татах ид шидтэй байх билээ. Гэсэн ч зориглоод ангийнхаа хоор дуунд зогсох боллоо. Яг Сайхнаагийнхаа ард. Түүний ойр зэргэлдээ байхын тулд би юу ч хийхээс ч бэлэн байсан юм шүү дээ. Дуулах дуу минь Прекрасне далёко... шүү дээ. 80-аад оны хүүхэд багачуулын хувьд энэ олон ангит кино жинхэнэ сэтгэл зүрхний дуудлага байлаа.

Слышу голос из прекрасного далека,
Голос утренний в серебряной росе.
Слышу голос, и манящая дорога
Кружит голову, как в детстве карусель гээд гартаа барьсан цаасаа барьж байгаад л амандаа үглэж эхэллээ. Хэн ч анзаарсангүй. Найрал дуунд хэн ч манийгаа анзаарах билээ. Тэгээд ч тэрний сайхан үнэр өмнөөс анхилаад л би гэдэг хүн хорвоо ертөнцийн альхан хязгаарт яваагаа мэдэхгүй байсан юм чинь. Түүнээс анхилах үнэр намайг хоромхон зуур хайр мөрөөдлийн орон зайд тэмүүлүүлж цаг хугацаа байгаа орчноос минь салгаж билээ. Чухамдаа ингээд мөнхийн юм шиг амьдрахсан гэж мөрөөдөж зогслоо. Хэзээ ч ийм сайхан зүйлийг мөрөөдөж санаж байсангүй.

Дахилтын үг эхлэхэд би аль хэдийн дууны үгээ газарт унагачихаад ахиад л эхнээс нь эхлэж байлаа.  -Слышу голос из прекрасного далека гээд л… Найрал дууны багш маань жигтэйхэн муухай хараад дохиураа дохиж байна. Мэдээж шүү дээ. Царай улайгаад, зүрх минь түргэн түргэн цохилоод шууд л газар дээрээ алга болчихмоор санагдав. Ангийн багш миаань орос хэлний багш байсан болохоор өөрөө дуулаад л   

Прекрасное далеко
Не будь ко мне жестоко,
Не будь ко мне жестоко,
Жестоко не будь… гээд л дохиураараа дохино. Ангийнхан маань дуулна. Нөгөө хоолой гаргах хүн нь таг. Бүүр уйлмаар санагдана. Гэхдээ спортын хүн уйлж болохгүй гэж өөрөө бодно. Сайхнаагийн дэргэд яг ард нь зогсч байж хамраа шуухитнуулж бүүр ч болохгүй. Анхилам үнэр анхилам, дотносолыг хэзээ ч мартахгүйгээр мэдэрч зогсоход цаг хугацаа зогсоно. Хайр ингэж л анхных байж, хайр ингэж л ариухан байж, хайр ингэж л үргэлж л нандинаараа байдаг юм бол уу. Энэ сайхан дууны сүүлийн -От чистого истока
В прекрасное далеко,
В прекрасное далеко,
Я начинаю путь гэсэн үгс толгойд хангинаад л байдаг найрал дууны дараагаар... Сайхнааг харахаас ч ичмээр. Найрал дууг сүйтгэсэн нөхөр, ангийн нэр хүндийг унагасан, багшийнхаа хөдөлмөрийг сүйтгэсэн гэхчлэн гэсэн шүүмжлэлээс илүү түүнийхээ өмнө мундраа хутгасан маань л ичгүүртэй. Дурлалтай анх учирсан өдрүүд ингэж л эхэлсэн юм. Хичээл эхлэхээс тарах хүртэл харц минь байнгын дагаастай. Боломж л байвал ойрхон ширээнд суухыг хичээнэ. Ангийн багшаасаа гуйж байгаад арайхийж хамтдаа гурвуулаа шахцалдаад суух эрх олж авлаа. Хаа нэгхэн ганц нэгхэн чихэр дэвтрийн завсраар шургуулна. Инээмсэглээд л авах нь дэндүү аз жаргал.

Нэг л намар Сайхнаа өөр сургууль руу шилжиж билээ. Тэр энэ сайхан дуугаа, надад өгсөн сайхан дурсамж, мөрөөдөл тэрхүү сайхан үнэрээ үлдээгээд явсан юм. Энэ сайхан дуу, үнэр үе үе сэрхийх тусамд бага насныхаа тэрхүү сайхан ертөнцдөө эргэн очих шиг санагддаг юм. Анхны хайр гэж энэ юм болов уу.

Н.Бадамжав                 

сэтгэгдэл үлдээх