Баасан, бямба гарагт номын хорхойтнууд цуглана

Номын хорхойтон, оюунлаг залуусын тэсэн ядан хүлээдэг "Ulaanbaatar Book Fair" номын баяр энэ сарын 22-23-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдахаар боллоо. 20 дахь удаагийн номын баярын үеэр хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд бүх номоо 5-90 хувь хямдруулах бөгөөд хуучин номын асраас олдоц муутай ховор номуудыг ч авах боломжтой юм. Мөн зохиолч, орчуулагч, эрхлэн гаргагч нартай биечлэн уулзаж, гарын үсгийг нь зуруулан номоо хямдруулан авч болно. 

Өдөрлөгийн хүрээнд гэр бүлийн уншлагыг дэмжсэн уулзалт, ярилцлага, “Эх хэл, өв соёлоо дээдлэхүй” зөвлөгөө, Тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн, уран уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Хүүхдүүдээ дэлгэцнээс аваръя” аяны үйл ажиллагаа, номын хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, эцэг эх, хүүхдүүдийг оролцуулсан хөгжөөнт тоглоом “Номын сангийн тухай хууль”-ийн танилцуулга болон номын бэлэг, урамшуулалтай тэмцээн уралдаанууд болно.

Баасан гарагт 11:40 цагт нээлтийн үйл ажиллагаа болж баасан, бямба гарагт 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Энэ жилийн номын баяр “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор Ерөнхийлөгчийн Тамгын Газар, БСШУСЯ, Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж байна. 

сэтгэгдэл үлдээх