У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Ардын засгийн газарт орж ажиллах сайдууд тодорч эхэллээ

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад дэвшээд буй У.Хүрэлсүх МАН-ын бага хурлын үеэр, 16 сайд, ерөнхий чиг үүргийн 5, чиглэлийн 8, нийт 13 яам бүхий Засгийн газрын бүтцийг хэвээр хадгалж үлдэх бодолтой байгаагаа дуулгасан байдаг. Олон нийтийн зүгээс энэ удаад дэд сайдгүй Засгийн газрыг хүсэж байгаа. Гэтэл Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх өмнөх засгийн бүтцийг хэвээр хадгалж ажиллана хэмээсэн нь дэд сайдтайгаар ажиллана гэснээс ялгаагүй сонсогдож байгаа юм. 

Мөн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Бага хурлынхаа гишүүдэд хандаж “Бид хэлсэндээ хүрч, сайд болохгүй” хэмээн ам өчигөө өгсөн гэх мэдээлэл хэвлэлд бичигдсэн.

Тэгвэл эх сурвалжуудаас авсан мэдээллээр сайд болохгүй хэмээж байсан Ж.Энхбаяр, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ч.Хүрэлбаатар  нарын нэрс хэдийнэ сайдад яригдаад эхэлсэн байна. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайдад Т.Аюурсайхан, Шадар сайдад Ж.Энхбаяр, Байгаль орчины сайдад Ц.Гарамжав, Хууль зүй дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж, Боловсролын сайдад Н.Учрал, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар нар нэр дэвших тохироо хийж У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Ардын засгийн газарт орж ажиллахаар болсон гэх яриа саарал ордноор тархаад байгаа нь оргүй биш бололтой. 
 

сэтгэгдэл үлдээх