Ерөнхий сайдыг ирэх сарын 7-ны дотор томилно

МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд хуралдсан билээ. Энэ талаар МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдээлэл хийлээ. 

Юун түрүүнд Бага  хурлаас гарсан шийдвэр ёсоор шинэ Засгийн газрын тэргүүнээр У.Хүрэлсүхийг томилуулахаар болсон. Тиймээс өнөөдөр У.Хүрэлсүхийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн барина гэдгийг хэллээ. Улмаар ирэх сарын 7-ны дотор Ерөнхий сайдыг томилох юм.

Шинэ Засгийн газрын үйл ажиллагаа хэр тогтвортой байх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад МАН-ын генсек Д.Амарбаясгалан, “У.Хүрэлсүх нэр дэвшигч 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд анхаарна. Шударга ёс, хариуцлагыг баримталж ажиллахаа ч илэрхийлсэн байгаа. Өмнө нь байгуулсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй” хэмээн ярьжээ. 

Түүнэлчэн шиэн Засгийн газарт "давхар дээлтэй" сайд байх эсэхийг Удирдах зөвлөл шийднэ гэв. Хамгийн гол нь салбараа удирдаж, бодлогоо тодорхойлоод явах чадвартай хүмүүсийг Засгийн газрын гишүүнээр томилно хэмээн МАН-ын удирдах зөвлөлөөс үзэж байгааг онцлов. 

Мөн МАН-ын бага хурлын зарим гишүүд төрийн албанд шилжиж байгаатай холбоотойгоор өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш төрийн албанд шилжсэн 10 бага хурлын гишүүнийг чөлөөлж, шинээр сонгожээ. Ирэх сард болох МАН-ын Их хурал 1309 төлөөлөгчтэйгээр хуралдахаар болж байна. Одоогоор намын даргыг солих тухай асуудал нам дээр яригдаагүй байна. МАН үүнийг Их хурлаараа шийдэж, дүрмээ шинэчилснээр Ерөнхий сайд нь намын дарга байх эсэхийг шийдэх аж.

сэтгэгдэл үлдээх