Уул уурхайгаас цутгасан мөнгө улс төр, эдийн засгийн хэм хэмжээг эвдэж байна

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэв. Дараагаар нь  Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ:

-Улс орны өмнө тулгамдсан асуудлыг хамтдаа шийдэх хэрэгтэй байна. Ирэх жил төлөгдөх өрийг шийдэх хэрэгтэй. Үндэсний эрх ашигт нийцүүлэх шийдэх хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг халамжтай зүйрлэж байна. Хүн амаа өсгөх тууштай бодлогоо барьж ажиллах хэрэгтэй. 

2015 онд үйлдвэрлэлээ дэмжих хуулийг баталснаас хойш бодитой хэрэгжсэнгүй. Энэ хууль дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг дэмжих байлаа. Дотооддоо үйлдвэрлэж болох барааг гадаадаас худалдаж авсан албан хаагчдад хариуцлага тооцдог болъё. Ажлын хувцсыг дотооддоо үйлдвэрлэдэг болвол арьс ширний үйлдвэр, гутлын, оёдлын үйлдвэр сэргэнэ. Саяхан өнөөдөр хонины нэхий 500 төгрөг боллоо. Гэтэл гадны бэлэн гоймонг 500 төгрөгөөр худалдан авлаа.

Шинээр байгуулагдах Засгийн газар уул уурхайн өрөөсгөл хамаарал, түүнийг дагасан эрдслийг бууруулна гэдэгт бага боловч итгэл төрж байна.

Монголын ард түмэн Үндсэн хуулиараа тэгш эрхтэй. Гэтэл лиценз нэрээр газрын баялгийг эзэмшиж, гадаадынханд хүрч байгааг зогсооё. Уул уурхайд өнгөрсөн хугацаанд асар их найдвар тавьсан ч баялгаа олборлож эхэлснээр 3 их наяд төгрөгийн өртэй болжээ. Тийм учраас уул уурхайн бодлогоо эргэн харж, Үндсэн хуулиндаа нийцүүлэх хэрэгтэй. Өөрийн мөнгөн тэмдэгтээ өндөр байлгахын тулд алтанд анхаарах цаг боллоо. Монголчууд баялгийнхаа эзэн нь бус  хохирогч нь болж үлдсэнд анхаарах цаг болжээ.

Нийт монголчуудын санхүүгийн амин чухал асуудал учраас төр алтаа бүрэн хэмжээгээр хянадаг болох нь амин чухал шаардлага байна. Багш, эмч нар цалингаа нэмэх шаардлага тавьж байгаа нь байж боломгүй зүйл биш, байж болох шаардлага. Багш, эмч нарын цалин үе шаттай нэмэх шаардлагатай. Байгалийн баялгийг ногдол ашгаар өртэй нь өрөө дарж, өргүй нь нэмэлт орлого орох ёстой. Байгалийн баялаг ард түмний мэдэлд гэсэн Үндсэн хуулийн заалтад нийцүүлэх хэрэгтэй.

Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн хүн Тамхины хяналтын хуулиас  өөрийн компаниа чөлөөлсөн нь байж болохгүй зүйл юм.  Энэ бол ашиг  сонирхлын зөрчил юм. Одоо байгуулагдах Засгийн газар нь энэ мэт  зүйлээс ангид байх ёстой. Уул уурхайгаас цутгасан мөнгө улс төр, эдийн засгийн хэмж хэмжээг эвдэж байна. Хамгийн том авлига уул уурхайгаас орж ирж байна.

Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр зах дээр гараад зардаг болсон гэх зэргээр  энэ салбарт шударга ёс алдагдсан байна. 60 тэрбум дээр дахиад хэлэхэд эзэн нь тодорхой хэргийг яагаад хууль, шүүхийн байгууллага хэлэлцэхгүй байна вэ.

С.Зоригийг бүрэлгэсэн хэргийг шүүх хурлыг олон улсын байгууллага ч шударга бус шүүсэн гэж үзэж байна. Ард түмний захиалга, нийгмийн захиалгыг биелүүлэх гэж би сонгогдсон. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө ажиллана.

Улстөржилтийг таягдан хаяж, эв эеийг эрхэмлэн зүтгэхийг уриалж байна.

Мөнх тэнгэр биднийг ивээх болтугай хэмээлээ. 

Ийнүү намрын чуулганы нээлт өндөрлөв. 

сэтгэгдэл үлдээх