Хойд Солонгостой дайн хийх санаанаасаа Трампын баг ухарлаа

Өчигдөр Цагаан ордонд ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд Найрамдах болон Ардчилсан Намын сенаторуудыг урьж өөрийн багтай хамт уулзалт хийсэн байна. Трампын багт батлан хамгаалахын сайд, төрийн нарийн бичгийн дарга, армийн генералууд, тагнуулын албаныхан багтаж, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг авах арга хэмжээнийхээ талаар танилцуулжээ.

Сүүлийн хэдэн долоо хоног үргэлжилсэн сүрдүүлэг, заналхийллийн дараа Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд Трамп эдийн засгийн хориг, дипломат шахалт үзүүлэх аргуудыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцуулсан байна. Эдгээр арга хэмжээг авахдаа өөрийн холбоотнууд, бүс нутгийн түншүүдтэй хамтран ажиллах гэнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд цэрэг, зэвсгийн ажиллагаа огт дурдагдаагүй боловч АНУ өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалахаа илэрхийлсэн байна.

Номхон Далайн командлагч, адмирал Харри Харрис хэлэхдээ Ким Жон Уныг “өвдөг сөхрүүлэх” нь гол зорилго биш, харин “мэдрүүлэх”-ийг хүсэж байгаагаа хэлжээ.

Тэрээр Пьёньян-Вашингтоны хооронд үүссэн сөргөлдөөнийг намжаахын тулд Бээжингийн гаргасан зүтгэлийг өндрөөр үнэлж, цэрэг дайны бус шийдэл цаашдаа голлоно гэсэн байна. Хойд Солонгост дарамт шахалт үзүүлэхээр илгээсэн гэгддэг USS Carl Vinson тэргүүтэй цохилтын бүлэглэл одоогоор Окинава арлын зүүн хэсэгт, Филиппиний тэнгист байрлаж байгаа ба шаардлага гарвал Хойд Солонгост цохилт өгөх хэмжээний зайд ойртоход бэлэн байгаа гэжээ.

Уг бүлэглэлтэй хамтарсан сургуулилалт хийх Японы тэнгисийн хүчний төлөвлөгөө ч цуцлагдсан байна.

сэтгэгдэл үлдээх