МАН ч мундраа хутгаж байна даа

Монгол улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх сонгогдсон УИХ-ын өчигдрийн чуулган МАН хоёр хуваагдсныг албан бусаар зарласан гэж хэлж болно. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй МАН-ы гишүүд чуулганд орохоосоо татгалзаж өрөө өрөөндөө бүгж чуулганы ирц хүргэх аргагүй болсон ч АН, МАХН, бие даагч гишүүд 47 хүргэж арайхийн шинэ Ерөнхий сайдаа батламжлав. Тэд байгаагүй бол чуулган ирц хүрээгүй шалтгаанаар завсарлах байлаа. Улс орны нийгэм эдийн засгийн шийдвэрлэвэл зохих олон асуудлууд байгаа ч МАН мөнөөх л сандал ширээний маргаан, дотоод хагаралдаа автаад төрийн ажлыг гацаахыг шахав. Халуун дулааны цагт бол яая гэхсэн хөхөө өвлийн хайруу цаг хаалга тогшоод байхад ингэж санаархахыг бодоход ард түмэн, улс орноо гэсэн сэтгэл бий эсэхэд эргэлзэхэд хүрч байна. УИХ-д тэд үнэмлэхүй олонхиороо сууж нийгэм эдийн засгаа сэргээ гэсэн сонгогчдын итгэл уландаа гишгэгдэхийг өчигдөр бултаараа харлаа.

Чуулганы дараах тэдний авир бүүр ч сонирхол татна. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ж.Мөнхбат, Ж.Батэрдэнэ, Ц.Цогзолмаа, Б.Чойжилсүрэн, Ё.Баатарбилэг, Н.Номтойбаяр тэргүүтэн хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдийн өмнө уйлан дуугарч, хоёр яс хэдийн салснаа зарлалаа. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, -МАН-ын Ерөнхий сайдад нэр дэвшигч МАН-ы 65 гишүүнтэй бүлэг дээр ирж бүлгийн эв нэгдлийг хангах ямар бодлого барих, зарчим баримтлахаа ярих ёстой байлаа. Тэгсэн тийм зүйл огт болсонгүй. Бидний асуултанд тодорхойгүй хариултуудыг өгсөн. Тэгсэн хэрнээ есөн хүнтэй АН-ын бүлгийн хуралдаан дээр очоод бүх бодлогоо ярьсан. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, -Бид У.Хүрэлсүх болон түүний багийг бүрэн дүүрэн дэмжинэ гээд хэлчихэж байна лээ. Гэтэл бид Засгийн газар ямар бүтэцтэй байх, хэн тэнд орох талаар ямар ч мэдээлэлгүй байна. Үүнээс л асуудал үүсээд байна гэж хэлж байсан.

МАН хоёр хуваагдсны цөөнх болоод байгаа эдгээр гишүүд шинэ Засгийн газрын цаашдын ажилд маш том саад тээг болно. Тэрнийгээ ч шулуухан мэдэгдэж байгаа нь энэ. У.Хүрэлсүх тэдэнд эрх мэдэл, албан тушаал өгөхгүй нь ойлгомжтой болохоор эрслэн эсэргүүцэж байгаагаа ийнхүү тодоор илэрхийлээд байгаа юм. Бүтэц бүрэлдэхүүн ямар байх нь сонин биш гэж үг хэлэх болгон дээрээ хэлж байгаа ч хэн нь хэнийгээ сайд болгох вэ гэдэг дээр МАН дотроо ширүүхэн толхилцож байгаагийн шинж. Үйл явдлын өрнөлөөс ч тэгж харагдаад байгаа юм. Хоёрдугаар ээлжийнхний ширүүн тэмцэл дотроос хожигсод бас байна аа. Тэд бол гуравдугаар ээлжийнхэн. У.Хүрэлсүхийн талд идэвхтэй зогсч ар талд нь нууцгайхан зогсч энэ үл анзаарагдах фракцийнхан томхон бялуу хүртэж таарна. Өнөөхөндөө хүч тэнцээд буй МАН-ы хоёр бүлэглэлийн аль алиных нь эрх ашигийг хэрхэн тэнцүү хангахаас У.Хүрэлсүхийн Засгийн газарын оршин тогтнол шалтгаална.

Ө.Энхтүвшин, Ж.Мөнхбатын толгойлж буй бүлэглэлийн У.Хүрэлсүхийн бас нэг далим нь У.Хүрэлсүхийн АН-д элэгтэй хандсан гэх хардлага. Хэдий АН 9-хөн суудалтай ч МАН-ын хагаралыг ашиглан МАН-ын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг чамгүй хойш нь татаж чадна. МАН-ын тэртээ 1996 онд ашиглаж байсан стратегийг өөр дээр нь эргүүлээд туршчих ухаан тэдэнд бий. Нөгөө талаар Ерөнхийлөгч гэх том түшиг тэдэнд бий.

Эцсийн бүлэгт улстөрийн явцуу эрх ашгийн төлөөх зөрчилдөөнөөс монголчууд хохирооод үлдэнэ. У.Хүрэлсүх хэчнээн тэлчлээд ч зорьсон зорилтыг нь хангуулахгүй байх улстөрийн нөхцөл байдал нэгэнт үүсчээ. Олон чубхал асуудлууд шил шилээ дараад хүлээж байгаа юмсан. Даанч шийдвэрлүүлэх замууд буданд хучаастай байна даа.

Н.Бадамжав            

сэтгэгдэл үлдээх

Иргэн

  • [192.168.1.1]
  • 1 Жил

ЗӨВ Ш ДЭЭ. АРД ТҮМЭН МАН-Д ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН. ГЭТЭЛ МАН ХАГАРАЛДАЖ АН САНААЧИЛГЫГ ГАРТАА АВЧ ШИНЭ МАНАН ҮҮСГЭЖ БАЙНА. ОДОО ЕРӨНХИЙ САЙД ӨӨРИЙН НАМЫН БҮЛЭГТЭЙ ОЙЛГОЛЦОХГҮЙГЭЭР ЦААШАА НЭГ Ч АЛХАХГҮЙ!