Хэн боломжийг ашиглана, тэр хожно

Эдийн засагт хамгийн их дарамт учруулж түүгээрээ хөгжлийн брометрийг тодорхойлж байдаг зүйл бол цахилгаан дулаан, түлш шатахуун. Томоохон бүтээн байгуулалт, аж үйлдвэржилт, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны хэвийн байдал гээд нийгэм эдийн засгийн ач холбогдолтой бүхий л арга хэмжээ чухам үүнээс л хамаарна. Харин бидний хэрэглээ өөрөөсөө хэдийн давсан. Жил бүр эрчим хүчний хэрэглээ 10-15 хувиар, түлш шатахуун 20 орчим хувиар өсч байна. Энэ их хэрэглээний дийлэнхийг гаднаас тэр дундаа хойд хөршөөсөө бүрэн хамааралтайгаар нөхөж байна. Эдийн засаг томрох тусам эрчим хүч, түлш шатахууны хэмжээ геометр прогрессоор өсч байгаагийн тод жишээ. Эцэстээ энэ хамаарал хөгжлийн жинхэнэ ган төмөр чөдөр тушаа болно. Хангачих боломж их байсан. Ямагт алдсаар ирлээ. Бид их сонин хүмүүс. Аль хэдийнэ л УЦС-уудаа барьж, япончуудын санал болгоод байсан сэргээгдэх эрчим хүчний станцуудыг говь цөлдөө барих ажлыг эхлүүлж байсан бол хоёр ч цахилгаан станц барьчих хөрөнгө оруулалтыг улс төржүүлсээр салхинд хийсгээгүй бол боломж бидэнд байлаа. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөлтэй нь ч биш. Хойдохоо харж санаж сэдэх нь чухал.

Эрчим хүчээр яаж өөрсдийнхөө хэрэгцээг хангах вэ. Хямралын хамгийн ноцтой шалтгаан эрчим хүчний хомсдолоос үүсч болно. Удаан хугацаанд татгалзсан хариу, бид өгсөөр ирсэн нэг төсөл бий. Япон, солонгосчууд манай говийн түйрэнгээс улс дамжин электрон техникийн микро схемийг жинхэнэ сүйтгэж байгааг олон жилийн өмнө тогтоочихоод элсний нүүдлийг чинь зогсооход хувь нэмрээ оруулаад зогсохгүй тэр бүтээн байгуулалтыг дэмжих сэргээгдэх эрчим хүчний станцууд барьж өгье гэсэн. Биднээс сохор улаан зоос ч авахгүйгээр шүү. Энэ боломжийг сэргээе. Тооцоогоор говийн бүсийн эрчим хүчний хэрэглээг (уул уурхайг оролцуулахгүйгээр) хангаад зогсохгүй төв болон баруун бүсийн шугамаар дамжуулаад (үйлдвэрлэлийн бус) энгийн хэрэглэгчдийн хэрэглээг элбэгхэн хангаж болох боломжтой гэсэн. Салхи савир ихтэй уудам хөндий, эргэх дөрвөн жилийн туршид нартай байдаг Монголд хамгийн тохиромжтой нь нар, салхины эрчим хүч байгаа юм.

Нүүрсээ шүтэж дөтийг харж дөрөв хонолоо. Баригдахаар төлөвлөсөн ажлуудад улс төр гэгч зэсэн хошуут шувуу шургалж өндөглөчихөөд амар заяа үзүүлэх юм биш. Шинэ Засгийн газрын хямралыг хазаарлах гол ерөндөг энэ зэсэн хошуутуудыг хөөж гаргаад гадаадын хөрөнгө оруулалтыг татах энэ мэт арга хэмжээг дорвитойхон авах нь эхний алхам. Мэдээж цаг хугацаа шаардана л даа. Гэхдээ нэн тэргүүнд эрчим хүчнийхээ боломж бололцоог найдвартай болгох хэрэгтэй. ОХУ-аас импортын эрчим хүчнийхээ 80 орчим хувийг авч байгаа. Тэд өгөхөө больж шантаажилбал баруун бүс тэр нэгэн жил шиг ээлж дараалаад л хөлдөнө. Баруун бүст байгаа нүүрсний уурхайнуудаа хамтарч эзэмших нөхцөлтэйгөөр хамтарсан дулааны цахилгаан станц барьж импортоо тэглэж чадвал үргэлжийн татаас нэхэж байдаг бүс нутаг хөл дээрээ тун амархан босно. Ийм зоримог алхам шинэ Засгийн газраар хаяглагдах учиртай. Тэртэй тэргүй муу нэр зүүхээс яах вэ. Муу амьд явахаар сайн үх гэдэг дээ. Арвай буудайн үр суулгасан хүн мөнхийн алдрыг хүртдэг гэж өрнө дахинд ярьдагчлан золионы биш хожим дуурсагдах Засгийн газар У.Хүрэлсүхээр овоглогдвол аштай юу.

Гадна ертөнцөд газрын тосны үнэ ханш байнгын уналттай байна. АПЕК-ийн өнгөрсөн сарын хуралдааны гол асуудал газрын тосны үнийн бууралтын асуудал байлаа. Нефтийн үнийн бууралтын үед зонхилон авдаг арга хэмжээ олборлолтыг бууруулж үнийг тогтворжуулдаг шийдэл байлаа. Энэ удаад тийм арга хэмжээ авсангүй. Харин ч олборолтоо нэмэгдүүлэх нь. АНУ, Барууны ертөнцийнхөн нефть олборлогч зонхилох орнууд нэгдэн ОХУ-д шахалт үзүүлэхээр шийдсний илрэл энэ. Оросын газрын тос, байгалийн хийгээрээ далайлган барууны ертөнцийг буулгах гэсэн боловч бүтэлгүйтэж эцэстээ шахаанд орж байгаа нь энэ. Оросын үнэтэй түлш шатахуун, байгалийн хийг хэн ч худалдаж авахгүй. Харин бид худалдаж авсаар байх болно. Монгол ухаан энд л сийлэгдэх учиртай. Яагаад газрын тосны үнэ ханш буураад байхад мөнөөх л үнэ ханшаар нь түлш шатахууныхаа 80 хувийг Оросоос хангаад байх гэж. Тэр тусмаа дээшээ өсөөд байхаас биш доошоо эс унах үнэ ханшийн дэргэд амаа хамхиад чимээгүй сууж болохгүй. Тэр тусмаа зүүн хязгаарт газрын тос олборлож байгаа гадныхан үйл ажиллагаагаа багасгаж бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу дусал төдий түлш шатахуун нийлүүлдэг болсоор цөөнгүй хугацаа өнгөрөөд байхад шүү. Тоглолт хийх хожлын бооцоо У.Хүрэлсүхийн гадаад дахь харилцаанд бий. Гадаад харилцаагаа Ерөнхийлөгчийн “тоглолтоор” арвижуулбал асуудлын дийлэнх нь шийдэгдэнэ. ОХУ-аас ирэх газрын тос, байгалийн хийн үнэ дэлхийн зах зээлийн үнээс өндөр эсвэл ангид байхад Хятад дуртай байхгүй. Нөгөө хүсээд байсан хийн болон газрын тосны хоолой утга ач холбогдлоо алдана. Хамгийн хямдаар тэрбум илүү хүнээ сайхан амьдруулахыг хичээнэ. Манайхыг бодвол ганц цахилгаан станц байгуулах гэж 20 жил зарцуулдаг ард түмэн биш.

Гэхдээ энэ хэтийн асуудал. Одоо л шатрын тавилаар бол уран бэрийн нүүдэл хийх нь У.Хүрэлсүхт жинхэнэ боломж. Бөмбөрцгийг эргүүлдэггүй л юм бол бөмбөр эдийн засгаас хавтгай эдийн засаг нь илүү. Бөмбөрөөс юу ч олж чадахгүй гэдгийг хашир мэдэж байгаа. Хямрал хаанаас эхэлж юунд төгсөх нь гадаад орчноос хамааралтай. Хэн боломжийг ашиглана тэр хожно. Юунд бид хэтэрхий хамааралтай вэ тэр хамааралаас яаж гарах вэ гэдэг нь л хөгжлийн түлхүүр юм шиг. Холоос биш өөрсдийнхөө, өөрийнхөө тэр тусмаа ухаанаасаа хайвал МОНГОЛ хөгжинө.

 

Н.Бадамжав

сэтгэгдэл үлдээх