Баялагаа хэн маань бүтээгээд байна вэ

Тунгалаг ухаалаг төр, шилэн данс, нийгэм эдийн засгийн чөлөөт байдлын тухай ёстой амаа чилтэл ярилаа. Эдийн засгаа огт мартсан. Эдийн засаг гэхээр л улс төртэй холбож ойлгоно. Энэ улс гэр яаж хөгжих гээд байгаа нь намуудад нэг их сонин биш бололтой. Нэг нь засгийн эрхэнд гарч ирээд л нөгөөхөө үгүйсгэнэ. Нөгөөх нь зөрж гараад л өмнөхөө үгүйсгэнэ. Үндэсний хөгжлийнхөө цогц бодлого дээрээ намууд ойлголцолд хүрч чадахгүй 24 жилийн нүүрийг үзэж байгаагийн гор нь импортоос нэн хараат өнөөгийн Монгол. Мангасууд хаалгаа барихад л энэ өчүүхэн диваажин маань тамтаг болно.

Бид соц нийгмээс ардчилсан нийгэм рүү амжилттай шилжсэн. Бахархал мөн үү мөн. Бүс нутагтаа ийм шилжилт ард түмнүүдийг хошуучилж байгаа нь ч үнэн. Гагцхүү улс төрийг хэтэрхий зоргонд нь тавьснаар хэн дуртай нь баялаг үйлдвэрлэгчдийг өөрийнхөө эрх ашгийн төлөөнөөс дарамтлах бололцоог нээж өгсөн юм. 20-иодхон жилийн хугацааанд иргэдийн улс төр нийгэм эдийн засгийн боловсрол тэгтлээ дээшилнэ гэж бодохгүй байна.

Соц нийгмээр хүмүүжиж шинэ цагийн мөнгөний амтанд орсон улстөрчдөөсөө залуу ардчилал салахыг чармайж байгаа. Амаргүй даваа. Баялгийн 80 шахам хувийг хяналтадаа байгаа энэ “хаант” засаглалыг нураах амаргүй. Сонгууль хийнэ. Аль нэг нь л дийлнэ. Өөр сонголтууд туйлын ховор. Талцаж хэрэлдсэн, талцаж хувааж идсэн энэ нийгмээс слах сонирхол бидэнд алга бололтой. Цөөхөн монголчууд ах дүү амраг саднаа л гэнэ.

“Тэр нөхөр тэр намаас нэр дэвшиж байгаа гэнэ. Яахав манай удмын, найз нөхдийн, хамаатан садны угшилтай гэнэ...” гэсхийгээд л сонголтоо хийнэ. Эцэст нь баахан хараана даа. Гэтэл цаана чинь цэнхэр дэлхий эргэдгээрээ эргэж цаг хугацаа урсан өнгөрч байна. Яахав амжилтад дуртай хүн олон л бий байх.1990 онд манай дундаж цалин 5 ам.доллар байсан бол өнөөдөр 400 ам.долларт хүрлээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 ам.долларт хүрэв. ДНБ-ний 80 хувийг хувийн сектор босгож байгаа. Нэг хүнд ноогдох нь сүүлийн арван жилд 10 дахин өслөө.

Гадныхан ангайж байна. Ялангуяа манайх шиг нийгэм эдийн засгийн шилжилт хийсэн 40 гаруй орон бүр гайхаж байна. Харин бидний сэтгэл цадсангүй. Мөнөөх л өнөө маргаашийн хоолоо бодон санааширч суугаагийн гол буруутанг хайсаар. Болж л өгвөл үнэгүй хоол идчих санаатай нийгмийн сэтгэлзүй хэвээр. Төрийн толгойд гарсан болгон идэж уух өмсөх зүүх мөнгийг нь өгнө гээд байхаар өөр яах ч билээ дээ.

Баялаг бүтээгчид нь хүн амын гуравны нэгийг бүрдүүлнэ. Нэг хүн гурвыг тэжээнэ. Цалингаа авна, иргэдийг ажлын байраар хангана, ар гэрээ тэжээнэ, эцэст төрийн том татварыг төлнө. Лизингийнхээ мөнгийг тушаах гэж хурааж хуримтлуулсан эд хөрөнгөө бултаар нь банкинд хураалгаж байгаа жишээ мундахгүй олон. Энэ нийгэмд хөдлөж байгаа нь хохирно гэсэн саарал дүр зургийг эндээс харж болно. Дээрээс нь жил тусам хэдэн мянгаар нэмэгдээд байгаа ажлын байрыг эс сонирхогч 100 мянга гаруй ажил хийх сонирхолгүйчүүд. Дээрээс нь мэдлэг олж авч байгаагийнхаа төлөөнөөс сарын цалин авч, автобусанд үнэгүй зорчих оюунтаны 170 гаруй мянган арми бий. /Дээд боловсрол эзэмшигчдийн 60 орчим хувь нь шууд л ажилгүйдлийн эгнээнд шилжиж байгаа. Хөдөдмөрийн зах зээлийн багтаамж ийм/ Ингээд л орж ирж байгаа баялгийг тасар татаад хаячихаж байгаа юм. Төр улам данхайгаад баялаг бүтээгч нөхдийн мөнгийг баруун солгойгүй цацах мөртөө хамгийн харгис хатуу татварын, олон төрлийн лиценз зөвшөөрөл, үйлчилгээнүүдийн дарамт үзүүлнэ. Энэ тооны харьцааг ойртуулах арга чарга байна уу. Нийгмийн халамжинд ихэнхийг нь зарцуулах уу, аль эсвэл баялаг бүтээгчидээ дэмжээд хөгжих үү.

Төрийн бодлого юун түрүүн сэтгэлгээний өөрчлөлтийг хийгээгүйн гор эдийн засагт томоохон чөдөр тушаа болж байна. Хүссэн ч хүсээгүй бид капиталист нийгмийг сонгосон. 300 гаруй жил хөгжиж өнөөг хүрч ардчиллын амин сүнсийг агуулсан энэ систем соёл, ёс суртахуун, хуулийн орчин, төрийн болон нийгмийн байгууламж, төрийн институдын харилцаа холбоо, техник технологийн бүхэл бүтэн байгууламж бий болгосныг бодох учиртай. Дэлхий хавтгайрсан нь зүгээр л хүмүүс хоорондоо ямар ч хориг саадгүй нэвтрэлцэх болсныг хэлж байгаа шүү дээ. Ололттойг нь аваад олиггүйг нь савныхаа гадуур асгачих монгол ухаан бидэнд бий. Засаглалаас бид үндсэн хуулиараа тунхагласан эрхээ нэхэх эрхтэй. Энэ эрхүүдийг төрийн толгой дахь аль нам эвсэл биелүүлэх учиртай. Чадвал сууж л байг, чадахгүй бол дараагийнхад нь зайгаа тавиад өг. Үндэсний хөгжлийн цогц бодлого энэ утгаараа нийгэм эдийн засгийн бүхий л салбарыг хамарсан нарийн тооцоо судалгаа дээр үндэслэсэн гол нь баялаг бүтээгчдээ дэмжсэн хэтийн санаархал байх ёстой. Мэдээж засгийн жолоог ээлжлэн жолоодсон МАН, АН-ын нөхдүүдийн л амбицаас шалтгаална даа.

Өнөөдрийн нийгэм бэхжихгүй байгаа нь юун түрүүн хариуцлагатай төр гарч ирж нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг эмхлээгүйтэй шууд холбоотой. Хууль сайтай ч түүнийг хэрэгжүүлэх төрийн институци нь сул, төрийн бүх шатанд иргэд рүүгээ шууд хандсан үйлчилгээгүйтэй холбоотой. Эцсийн бүлэгт асуудал мөнгөндөө биш зохицуулалтандаа л байгаа юм шүү дээ.

Н.Бадамжав

сэтгэгдэл үлдээх