Яагаад бид тэдэн шиг байж болохгүй гэж

Бид 2.900.000-уулаа боллоо. Өнгөрсөн зууны эхэнд 600 хүрэхгүй мянган хүн амтай байсан монголчуудыг мөхөж буй үндэстэн гэж гоочилдог байлаа шүү дээ. Тусгаарт тогтнолгүй, тухайн үеийн хөгжил дэвшлээс хэдэн зуунаар хоцрогдсон, харанхуй бүдүүлэг, халдварт болон халдварт бус өвчний нас баралтаар толгой цохьсон харийн гүрнүүдийн ашиг сонирхлын талбар болсон ийм л улс байсан. Зуун жилийн турш дахь эцэг өвгийн уйгагүй тэмцлийн үр дүнд юм юмтай л боллоо. Асар богино хугацааны дотор энэ улс хүний хөгжлийн үзүүлэлтээр хөгжингүй орны төвшинд хэдийн хүрлээ. Дэлхий дахинд хаалга цонхоо нээсэн сүүлийн 20 гаруй жилийн дотор дэлхийн харааг эрхгүй хандуулах хүний эрх, эрх чөлөөг дээдлэсэн ардчилсан нйигэмтэй, гадаад хөрөнгө оруулагчдад таатай эдийн засгийн шим хөрстэй, газрын доорх болон дээрх асар их баялагтай байна. Учир зүггүй дайн тулаан болж, хээл хахуульд нэвт идэгдсэн орнуудтай харьцуулахад тайвнаас тайван орон болов.

Гэхдээ бодох зүйл их байна аа. Баялаг нь байна. Харамсалтай нь баялаг бүтээгчид нь алга. Хэчнээн баялаг байгаад түүнийгээ аривжуулаад хүнтэй адилхан сайн сайхан амьдраад явчих орчин нөхцөл алга байна. Америк мөрөөдөл гэдэг шиг тийм монгол мөрөөдлийг асаачих хэн нэгэн нь алга. Нээрээ яагаад бид тэдэн шиг амьдарч чадахгүй байна вэ. Асуултын хариуг олохыг хичээе.

Хэдийгээр ардчилал хамгийн зөв нийгмийн байгууламж биш ч хүн төрөлхтөн үүнээс илүү тогтолцоог бодож олоогүй гэж нэгэнтээ Черчель хэлсэн нь бий. Үнэн ч биз худал ч биз. Тэртэй тэргүй байн байсаар бүх дэлхийг бүрхсэн үзэл санаа хойно. Ардчилал бидэнд маш олон эрх чөлөөг авчирч өгсөн. Хувь хүний эдлэх эрхийг, заавал биелүүлэх ёстой үүрэг хариуцлага дагалдаж байдаг. Гэхдээ дагалдаад бий болдог үүрэг хариуцлага гэдэг зүйлийг гээчихсэн юм шиг. Буруу буруу бүхэн бусдын буруу гэдэг шиг л бурууг л бүхнээс хайж өөртөө өнчин тоос ч хүргэхгүй.

"Төр бидний төлөө юу ч хийхгүй байна", "Олигтой удирдагч төрөхгүй байна", "Шударга, сайхан сэтгэлтэй байгаад ч нэмэр алга", "Нам нэрээр бөөн луйварчид нэгдээд улс орныг минь сүйрүүлж байна", "Газар нутгаа гадныханд зарж худалдаад, олсон мөнгөөрөө биднийг харж үзсэнгүй", "Амьдрал ийм хэцүү байхад тарааж байгаа бэлэн мөнгөө нэмэхэд яадаг байнаа", "За адилдаа адил, годилдоо годил, хэн ч төр барьсан ялгаа алга". Бидний сэтгэл дотор эргэлдэж байгаа элдэв бухимдлын буруутан нь бид өөрсдөө гэдгээ харин хүлээн зөвшөөрдөггүй. Гол учир нь бид эрхээ маш сайн эдэлдэг хэрнээ, үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээж сураагүйд байгаа юм даа. Тэгээд хэн нь Монголыг хөгжүүлэх гээд байна вэ гэхээр бүгд л мөрөө хавчина.

Зарим хүмүүс Чингис хаан шиг сайн удирдагч төрөөд аугаа их дарангуйллаар Монголыг хөгжүүлж чадна гэж бодох. Нөгөө нэг хэсэг нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтаар л хөгжинө, монголчууд бид өөрсдөө хөгжиж чадахгүй гэдэг. Үнэнийг хэлэхэд, хэн нэгэн биш монгол хүн болгон, та ч, би ч хөгжүүлнэ. Өөр хэн ч хөгжүүлж чадахгүй. Улс орны хөгжил гэдэг маш бага зүйлээс л эхэлдэг. Таны болон таны үр хүүхдүүдийн, таны найз нөхдийн хөгжлөөс л эхэлнэ. Та хогоо хогийн саванд хийж хэвшихээс, хэн нэгэнтэй тааралдаад "Сайн байна уу" гэж мэндлэхээс, тус болсон нэгэндээ чин сэтгэлээсээ "танд баярлалаа" гэж хэлэхээс, гэр орондоо муудалцаж хэрэлдээд орон гэрээ бусниулчихалгүйгээс л эхэлнэ.

Хүн хүндээ хүндэтгэлтэй хандана гэдэг хүн ёсноосоо гадна нийгэм, улс гэрээ тийм болгоно гэсэн үг. Эвтэй байхдаа хүчтэй гэж дээдэс маань зүгээр ч нэг сургаагүй юм шүү. Бахархал омогшил гэхээр бид дэлхийн дайдыг хэмжиж явсан өвөг дээдэс, газар нутаг, наадам, цагаан сар гэсхийгээд дуусна. Энэ цаг үеийн алдар суутнууд, ололт амжилтаараа бахархаж тэднээрээ түүчээлээд урагш давхивал мөн ч алсыг туулна даа.

Үнэндээ бидэнд муу зүйл олон ч бид зөв сэтгэл, зөв эрх чөлөө, зөв үүрэг хариуцлагаараа МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЖ чадна. Боломжгүй зүйл гэж үгүй. Би хувьдаа гадаад дахь 120 мянган монголчууд ирээсэй гэж залбирдаг. Тэд бүгд л хөдөлмөрийн насных. Хөгжилтэй орнуудын хөгжил дэвшлийг биеэрээ мэдэрсэн хүмүүс. Зөв үлгэр дууриал эх нутгийн монголчууддаа үзүүлээд хөтлөвөл ч МОНГОЛ ХӨГЖИНӨ. Яагаад бид тэдэн шиг хөгжиж бусдыг гүр соронзон шиг татаж чадахгүй гэж.

Н.Бадамжав

сэтгэгдэл үлдээх