Исламын улс бүлэглэл 40 мянга гаруй дайнаар эгнээгээ өргөтгөв

Исламын улс бүлэглэл 40 мянга гаруй дайнаар эгнээгээ өргөтгөв

2014 онд Ирак, Сирийн томоохон газар нутгийг эзлэн аваад Исламын халифатын вант улсыг байгуулснаа зарласан Исламын улс бүлэглэлд дэлхийн 100 гаруй орны 40 мянга гаруй иргэн элссэн гэсэн статистик баримт байна. 

Тэгвэл Исламын улс бүлэглэлд элссэн олон мянган хүн нутагтаа буцсаар байгаа тухай эх сурвалж мэдээлж байна. Исламын улс бүлэглэл стратегийн чухал ач холбогдолтой бэхлэлтүүдээ алдаж, хүнд байдалд орсноор энэ бүлэглэлд  элссэн дэлхийн 33 орны 5600 орчим иргэн нутаг руугаа буцсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Ирак, Сири дэх Исламын улс бүлэглэлийн хяналтанд байгаа газар нутгуудад Орос болоод Саудын Арабаас хамгийн олон хүн ирсэн байна. Тодруулбал, Оросоос 3417 хүн ирсэн бол Саудын Арабаас 3244 хүн иржээ. Эдгээр Оросуудын 10 хувь нь эргэн ирсэн бол Саудын Арабчуудаас 760 хүн эргэн ирсэн байна. Харин ЕХ-ны орнуудын 5000 гаруй хүн Ирак, Сирид очиж Исламын улс бүлэглэлд нэгдсэн байна. Тэдний 1200 нь эргэн иржээ. Мөн Туркийн 900 иргэн, Тунисын 800 иргэн эргэн ирсэн байна. Засгийн газрын албан ёсны бүртгэл дээр үндэслэн гаргасан тоо бүртгэлд эмэгтэйчүүд, хүүхдүүд ч байсан гэдгийг албаны хүн хэллээ.

Дэлхийн улс орнууд  Исламын улс бүлэглэлд элссэн иргэдийн асуудлыг шийдэхэд бэлэн биш байгаа энэ үед, Исламын улс бүлэглэлийг орхин ирж байгаа иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх тухай асуудал хөндөгдөж байна. Хамгийн гол нь, энэ хүмүүс эх орондоо ирээд дайн халдлагыг үргэлжлүүлж болзошгүй юм. Исламын улс бүлэглэлд элсээд эргэж ирж байгаа эдгээр хүмүүс нь янз бүрийн төвшний хүмүүс байгаа. Хэрвээ эмэгтэйчүүдийг нөхрүүд нь хүчээр авч явсан, буюу өнгөрсөн хугацаанд тэнд төрсөн хүүхдүүдийн асуудал бол өөр хэрэг. Иймээс улс орнуудын засгийн газрууд эх орондоо эргэн ирж байгаа эмэгтэйчүүд болоод хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, болоод бусад асуудлыг нь зөв тогтоох ёстой гэдгийг шинжээчид хэлж байна. Мөн энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай улс орнууд илүү их судалгаа хийж, мэдээллээ солилцох нь чухал байна. 

сэтгэгдэл үлдээх