ЦЭДЭНБАЛИЯ ХЭМЭЭН ДИНОЗАВР НЭРЛЭХ ГЭСЭН ПАЯН

Б.РИНЧЕНГИЙН ААВ РАДНАЖАП БИМБАЕВ ГЭЖ ДАЙЧИН КАЗАК БААТАР БАЙВ

Ринченгийн Барсболд монгол үндэстний хамгийн сод эрдэмтний нэг билээ. Монгол судлалаас бусад салбарт дэлхийн хэмжээнд тэргүүлэгчдийн тоонд орж хүлээн зөвшөөрөгдсөн монгол эрдэмтэн түүнээс өөр ховор буй за.

1935 онд мэндэлсэн тэрбээр Монгол, Орос улсуудын академич бөгөөд, палеонтологийн ОУ-н дээд шагнал Ромер-Симпсоны шагналыг хүртсэн. Хэдэн арван динозавр, мөн динозаврын бүхэл бүтэн бүл, дэд бүлийг нээсэн, шинжлэх ухааны олон бүтээл туурвисан. Польшийн эрдэмтэд түүнийг хүндэтгэн, шинээр нээсэн хоёр динозаврыг барсболдия, ринчения гэж нэрлэсэн байдаг. Теропод, мезозой стратиграфийн дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг. Теропод гэж хамгийн алдартай, хойд хоёр хөл дээр явагч, махчин гүрвэлүүдийг хэлнэ. Мезозой бол 252-66 сая жилийн өмнөх хугацааг хамрах галав бол, стратиграфи гэж хурдсын нас тодорхойлохуй юм.

Р. Барсболд 1980-аад оны эхээр тероподоос шувуу үүссэн гэх онолыг дэвшүүлсэн нь, 90-ээд онд өдтэй динозаврууд нээгдсэний дараа ОУ-ын төвшинд ихэд анхаарал татсан. Урд мөч нэн урт оньсоголиг динозавруудыг тэрбээр урд мөч нь өвөг далавчирхуу, өд сөдөөр бүрхэгдэж, сүрийг үзүүлэх зэрэгт ашиглагдаж байсан бололтой гэж тун магадлаллиг таамгийг дэвшүүлсэн.

Социализмын үед польш эрдэмтэн Осмольска нээсэн динозавртаа барсболдия нэр өгсөн нь тойрон хүрээлэгчдийн сонорт хүрч, 1-рт их эрдэмтэнд атаархсандаа хэлмэгдүүлэх, 2-рт төрийн тэргүүнд тал засан ашиг олох бодлыг төрүүлжээ. Улмаар тэд Барсболд өөрийгөө өргөмжлөн, социалист ёс суртахууныг зөрчив, тэрхүү динозаврыг харин цэдэнбалийя юм уу цэдэнбалзавр болговол яасийм гэсэн санаа цухуйлгажээ. Харин Бал дарга үүнийг дуулаад, би ямар динозавр юм уу, юу хэлэх гээд байна гэж дургүйцсэнээр тэрхүү тойрон хамгаалагчдын зүрх хаагдах дөхөж, дахин Барсболд эрдэмтнийг элдэвлэхээ больсон гэдэг. Энэ социализмын үеийн хууч яриа нь өөр бас хувилбартай агаад, яарч бичиж байгаад цэдэнбалийя гэхийг цэдэнбалайя гээд алдаж бичээд нарийн бичигт нь өгч буруудсан ч гэх.

Түүний аав билгүүн номч Б.Ринчен, өвөө нь эрдэмтэн Р. Б. Бимбаев. Аав, эрдэмтэн зохиолч Бямбын Ринченг мэдэхгүй хүн үгүй. Үндэсний үзэл гаргасан гээд их хэлмэгдүүлэлтийн үед 10 жилийн ял авч байсан. Тийм ял юм уу, буудах ял их өгч байсан бөгөөд хоорондоо шилжнэ. Гэнэт орос сургагчид уурлан буудах ял болго гэж байсан байдаг. Гэтэл мөн л орос сургагчид “Танай “Үнэн” сониныг хянана, дугаар бүрийг нь баталгаатай орос орчуулгаар гарга, Ринчен Бимбаев, Дамдинсурен хоёроос өөр чадах хүн байхгүй, ялгүй болгож, тусгай хангамжинд оруул”  гэснээр гаргасан байдаг.

Монгол хэлүүдийн харьцуулсан судалгаагаар тэр Унгарт доктор хамгаалсан. Олон хэл мэддэгийн дотор унгар хэл бас мэдэх билээ. Үзэл суртал, арын хаалгаас ангид, нэлээн шударга чөлөөтэй Унгарт чадлаараа хамгаална гээд тэгжээ. Унгар бараг хөрөнгөт ертөнц болчихсон байсан агаад, удалгүй тэнд коммунизмийн эсрэг хувьсгал гарчээ.

“Цогт тайж” кинонд Гүүш хаан дайсан болж гардаг. Үүнд Бал дарга нар таагүй хандаж байсан гэдэг. Ринчен Ю.Цэдэнбалын үед янз бүрийн шалтгаанаар байнга хэлмэгдэж дарагдаж явсан нэгэн. “Далан настанд даруулга хэрэгтэй” гэж нийтлэл гараад л дарж байв шүү дээ. “Монгол хэлний зүй” гэх алдартай бүтээл нь бас хэлмэгдсэн. Насан туршдаа зүй ёсоор үнэлэгдэхгүй, харин дарагдаж, ЭША гэх даруухан албатай явсаар одсон эмгэнэл буй.

Барсболд эрдэмтний өвөөг тэр бүрийн хүн мэдэхгүй.

Раднажап Будаевич Бимбаев 1876 онд Хаант Оросын Ар Байгал мужийн буриад казак гэр бүлд төрсөн. Ар Байгалийн казак цэргийн бичээчээр хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар орчуулагчийн мэргэжил эзэмшиж, монгол, хятад, түвд хэлүүдийг гаргууд сурчээ. ШУ экспедицүүдэд оролцон аялж байв. Дипломат албанд үе үе зүтгэж байв. 1911 оны монголчуудын эрх чөлөөний хувьсгалыг дэмжин ажилласан. Дэлхийн 1-р дайнд байгалийн казакийн хувьд оролцсон. 1917-18 оны буриадуудын ҮЭЧХ-д идэвхтэй зүтгэсэн. 1921 онд большевикууд түүнийг хөрөнгөтний талын этгээд хэмээн тамлан хороосон байдаг.

Р. Бимбаев Орос, Монгол, Хятадын одонгуудаар дипломат болон цэргийн гавьяа зүтгэлийнхээ төлөө шагнуулсан. Монголын “Эрдэнийн Очир” одонг хүртсэн юм. Толь бичгүүд зохиоход хичээн оролцож байжээ.

сэтгэгдэл үлдээх