Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэргийн мөрдөн байцаалт эцэслэгдээгүй байхад ажлын хэсгийг тараахаар зүтгэж байна

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Б.ХУРЦ:

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сүүлийн үед С.Зоригийн хэргийн талаар нилээд ярьж байна. Тиймээс энэ хэрэгтэй холбоотой зарим  мэдээллийг иргэдэд  өгөх нь зөв гэж үзлээ.

Ц.Нямдорж гуай С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгаж ирсэн. Ямар санаа зорилготойг мэдэхгүй. Одоо тэр дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу С.Зоригийн хэргээр ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай заасан байдаг. Ц.Нямдорж гэж хүн энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан. Улс төрийн зорилгоор. 

Ц.Нямдорж гуай сайд болохоороо дандаа Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг.  Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Одоо тэр нь эхэлж байна. 

Ц.Нямдорж гэж хүн ямар учиртай юм бэ. Тэр Алтанхуяг, Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сайттай. Энэ бүлэглэл 'Эрдэнэт' үйлдвэртэй холбоотой маш их шахаа хийдэг. Баримтууд бий. 

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧИЙГ ЦАГ НЬ БОЛОХООР ДЭЛГЭНЭ

С.Зоригийг хэн захиалж хөнөөлгөснийг тогтоох хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй, үргэлжилж байгаа. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэргийн мөрдөн байцаалт эцэслэгдээгүй байхад ажлын хэсгийг тараахаар зүтгэж байнаа. 

С.Зоригийн аллагын хэргийг илрүүлэхээр шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараалаа. Үүний дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан. Энэ жишгээрээ тэр бас л энэ удаа сайд болонгуутаа С.Зоригийн хэргийг сөхөж байна. 

Ц.НЯМДОРЖИЙН ХҮҮ 'ЭРДЭНЭТ'-Д  ШАХАА ХИЙСЭН НЬ ҮНЭН

Ц.Нямдорж гэж хүн гадны тусгай албатай холбоотой байсан уу, үгүй юу гэдэг хэргийг бид буцааж шалгасан. Энэ хэргийг одоо нууцлалын зэргээс гаргаж болохоор болсон гэж үзэж байгаа. Гадны тагнуултай холбоотой хэрэг мэдээж адармаатай, хэцүү. Бид энэ асуудлаар баримтат кино хийж, гадны тусгай албадаас сэрэмжлүүлэх хэрэгтэй юм байна. С.Зоригийн хэргийн захиалагчид холбогдох хэргийг шалгаж дуусаагүй байхад хэргийн материалыг ил гаргаад тавьчихвал юу болох билээ. Баримтыг одоо гаргаж тавих боломж бидэнд байхгүй. Тодорхой хугацааны дараа бүгд нээлттэй болно. 

Ц.Нямдоржийн хүү, хуурай дүү нь гэж хоёр Анхбаяр байдаг. Хуурай дүү Анхбаяр нь оффшор бүсэд хөрөнгө нуусан асуудал яригдаж эхэлсэн. Харин түүний хүү Н.Анхбаярын “Анлимитед” компани 'Эрдэнэт' үйлдвэрт 2006 онд 255 мянган ам.долларын үнэтэй “Сиблитмаш” үйлдвэрийн хэвлэлийн машин шахсан баримт энэ байна.  Орос хэлээр байгуулсан худалдан авалтын гэрээг Тагнуулын байгууллага өнөөдөр та бүхэнд задалж байна. Хүрэлцэхгүй бол хувилаад аваарай гэж тэрбээр хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн юм.   

сэтгэгдэл үлдээх