ТЕГ-ЫН ДАРГА Б.ХУРЦ ДИВАНГАРЫН ДАРГА Ж.БААТАРААР ЮУ Ч ЗААЛГАХГҮЙ

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг Хятадын тагнуул гэж генерал Ж.Баатар гэнэтхэн зарлаж эхлэв. Энэ эрхэм ямар цаг үед Ц.Нямдоржийгоо Хятадын тагнуул болгодог нь ихээхэн сонирхол татдаг. Ц.Нямдоржийг өндөр албан тушаалд томилогдох буюу өөр нэгэн өндөр албан тушаалтнаас илүү гарч нэр хүнд нь цойлохоор л Ж.Баатар гэдэг хүний эх орончийн зүрх нь илүүтэй цохилж Ц.Нямдоржийн харийн тагнуул болохыг илчлэхгүй байхын аргагүй болдог. Түүгээр барахгүй ийм аймшигтай тагнуул төрийн өндөр албан тушаалд тухалчихсан монгол төрийг дотроос нь эвдрэлцүүлээд явж байхад хууль хяналтын байгууллага яах ч үгүй байгаад бас л гайхдаг. 2003 онд Ц.Нямдорж Хууль зүйн сайд байсан. АН-ын нүүрэн дээр бараг л төрийн толгойд гарахдаа хүрдэг эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг дарсан Центр Поинтын хэрэг гэгчийг нэг тийш нь болгочихоод бүтэн амьсгаа авч байсан үед түүнийг Хятадын тагнуул болох талаарх 48 хуудас баримтыг Л.Гүндалай тэврээд гүйж явсан билээ. Уг баримтыг АН-ын дарга асан М.Энхсайхан намынхаа нүүр царай болсон шинэ цогт тэмцэгч болох Л.Гүндалайд өгснөөр од болох, зүгээр л тэмцэхийн дон туссан тэрбээр хэрэг мандуулсан байдаг юм.

 “Ил товчоо” зэрэг сонин дээр 1990-ээд оны дундуур Ц.Нямдоржийг хятадад очиж тагнуулын байгууллагад нь элсэгдээд амаараа гартлаа ууж наргиж яваад ирсэн талаар материал гарч сенсааци болж байсан нь үнэн. Ц.Нямдоржийг тагнуул болгох хүсэл хэнд байв? ТЕГ-ын дарга асан генерал Ж.Баатарт уу. Эсхүл энэ нь хэн нэгний захиалгатай зохиомжтой ажиллагаа байв уу? Үнэхээр Ц.Нямдорж гэх хүн Хятадын тагнуулын байгууллагад хорь гаруй жилийн өмнө элсэгдсэн мөртлөө мөн төчнөөн жил Монголын төрд өндөр алба хашсаар байгаа хэрэг үү? 2003 онд түүнийг хятадын тагнуул болохыг нэлээд хүчтэй зарлаж, сенсаацлаж байв. Түүнээс хойш арав гаруй жил таг чиг болчихсон. Энэ хэргийг хамгийн сайн мэддэг, баримт бүхнийх нь учир шалтгаан тайлбарыг гаргаж ирж чадна гэх Ж.Баатар гэх хүн энэ хугацаанд шоронд хоригдож байснаас энэ асуудал нам гүм болсон уу? Гэхдээ Ж.Баатар бол 7 жилийн ял шийтгүүлсэн хүн. Ялын хугацааг шоронд бүрэн эдэлж өнгөрүүлсэн гэвэл 2010 он гээд л мань хашир суллагдсан байж таарна. Түүнээс хойшхи 7 жилд Ц.Нямдоржийн тагнуулын хэргийг энэ эрхэм яагаад сөхсөнгүй вэ? Яагаад 7 жилийн дараа, бас Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр ингэж сөхөх болов? Эх орноосоо урвасан этгээдийн хэргийг шалгахгүй байгаа нь ТЕГ-ын дарга Б.Хурц Ц.Нямдоржтой нэг нутгийнх учраас...гэдэг тайлбарыг генерал хүн ярьж тайлбарлаад явж байгаа нь бас ямар учиртай юм бол оо?

Ерөннхийлөгчид Ц.Нямдоржийг нэр дэвших вий гэхээс илүүтэй хэн нэгэн хүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байгаатай холбоотой ажиллагаа биш биз? Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэн өгсний дараа түүнтэй ноцолдоод байх чинээтэй хүн улс төрийн хүрээнээс, эрх мэдэлтнүүдийн хүрээнээс хэн байх билээ? Ц.Элбэгдоржтой Ц.Нямдорж жаахан тооцоо бодож, байцаа чанах учраас түүнийг Хятадын тагнуул болгож санаа амрах В төлөвлөгөө дахин сэргэж, бүр үсээ будуулж, гонжоом цагаан цамц өмсч, зангиа зүүгээд явж байгаа юм биш байгаа даа. Ц.Нямдорж буусан Ерөнхийлөгчтэй ноцолдож үхсэн элэнцгээ хийдэг байна аа гэж үү? Эрдэнэтийн 49 хувь гэж нэг юм бий дээ. Түүнийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн шууд оролцоотойгоор хийгдсэн хуйвалдаан гэж зарлаж байсан билээ. УИХ-аар оруулахгүй Засгийн газрын хэмжээнд нууц байдалтай хийсэн нь Ц.Элбэгдорж тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн жаал зугаа юмаар хуурч айлгаж байгаад хийлгэчихсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Үгүй ч юм болов уу? Бас С.Зоригийн хэргийн талаар Ц.Нямдорж “Энэ хэргийг хэн үйлдсэн нь хэргийг гүйцэтгэгчдийн гэх Шүүх хурлаас улам тодорхой болж байна” гэдэг. Энэ мөн аймшигтай үг шүү. Бас 25 жилийн дараа жинхэнэ захиалагч, жинхэнэ гүйцэтгэгч, гэрчийн хэн нь ч амьд байхгүй учраас гэм буруугүй хүмүүст хэргийг хүчээр үүрүүлж шийтгэж байна гэсэн логиктой үгийг эрхэм гишүүн сүүлийн үед илэрхий хэлэх болсон.

Н.Энхбаярыг олон зуун цагдаа хүчнийхэн гэрийг нь бүсэлж байгаад оймсыг нь гозойлгон авч одоход тухайн үеийн Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж “унтаж” байсан билээ. Тэгвэл тэнгэрээс хэзээ мөдгүй бууж ирэх гэж байгаа Ц.Элбэгдоржийг тэрбээр арзайтал инээгээд тосч байхыг хэн байг гэхэв. Ж.Баатар генерал Б.Хурцад баахан бичиг цаас хүргүүлжээ. Ц.Нямдоржийг барьж шалгахыг хүссэн юм байна. Хэн нэгний хувийн ч юм уу, захиалгат ч юм уу хонзонгийн ул мөрөөр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг эвдэж өгөөч шалгамаар байна гэж ТЕГ-ын дарга Б.Хурц хэлэхийг хүссэнгүй. Хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Ж.Баатарын ард нуугдаж байхаа магадгүй Ерөнхийлөгч түүнийг “одоо нөгөөхөө хий” гэж чихнээс нь мушгиад ч нэмэр болохгүй болж. Германаас нэг онгоцонд хамт ирж байсан уярам дурсамжаа сануулаад ч нэмэргүй болсон бололтой.

сэтгэгдэл үлдээх