НАМГҮЙ ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ НАМХАН ХАРАГДАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА

Намгүй ерөнхий сайдын Засгийн газар нь насгүй байдаг. Энэ бол бараг л хууль. Намын дарга Ерөнхий сайд байна гэж дүрэмдээ тусгаагүй нам бараг л үгүй. Улс төрийн намын тухай хуулинд ч энэ заалт шигтгээ мэт гялалзаж байдаг. Намаа удирдаж сонгуульд ороод ялалт байгуулсан учраас л намын дарга нь Засгийн газрыг тэргүүлэх ёстой гэсэн үзэл санаа хэтээсээ зөв. Энэ зарчим өмнө нь алдагдаж байсан. Энэ алдааг хоёр хувааж үзэж болох мэт. Нэг нь коммунизмаас ардчилалд шилжих явц, олон намын системгүй явж ирснээс болж учраа олохгүй байснаас үүдсэн гэж болно. Хоёр дахь нь улс төрийн гажуудлыг зориудаар бий болгож, засаглалын хямралыг гааруулж, улс орон улс төрийн хямрал бий болгох, тэгээд хувь улс төрч хонжоо гаргах гэсэн зориудын арга хэмжээ гэж болно. Дээхэндээ Намын дарга гэдэг нэр ч байсангүй. МАХН-ын Ерөнхийы нарийн бичгийн даргаар л чиг баримжаа, жишиг хийж байсан хэрэг. Тиймээс 1992 онд үнэмлэхүй ялалт байгуулсан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даш-Ёндон биш эдийн засагч П.Жасрай Ерөнхий сайд болж байх жишээтэй. 1996 онд МҮАН-ын дарга Ц.Элбэгдорж биш “Ардчилсан Холбоо” эвслийн ерөнхий менежэр М.Энхсайхан Ерөнхий сайд болж байв. Намын дарга Ерөнхий сайд болох ёстой гэсэн шинэ цонхоор ертөнцийг Н.Энхбаярын хамт харж М.Энхсайханы Засгийн газрыг унагаж МҮАН-ын дарга Ц.Элбэгдорж  Ерөнхий сайд боллоо.

Түүнээс хойшоо гуянд хүзүү дагуулдаг шиг Ерөнхий сайд болох хүнд намын даргыг дагуулж МҮАН-ын намын дарга жил болгон солигдож байвн. Түүнээс хойш намын дарга Ерөнхий сайд байх эрхэм ёсон нэг хэсэг тогтож Н.Энхбаяр арга буюу Ерөнхий сайд болон пээдэлзэж үзэв. Дараа нь бас л бага хаадын бужигнаан шиг юм болж аль нь ч олонхи болоогүй МАХН, АН-ын дарга нарын хэн нэг нь бус, Нүүх үү суух уу, нүцгэлэх үү хэвтэх үү гэх маягийн лекц уншиж явсан Ц.Элбэгдоржид Засгийг өгчихсөн. Үүнээс болж юу юу ч болов доо. Баахан намын дарга нарын амбийц ёстой ёроолдоо тултал хөдөлж М.Энхболд МАН-ын дарга болсныхоо дараа Элбэгийг дэлсэж эцэст нь Эх орон намын Б.Эрдэнэбат, БНН-ын  Б.Жаргалсайхан, АН-ын М.Энхсайхан, ИЗН-ын С.Оюун зэрэг дандаа намын даргуудаас бүрдсэн Засгийн газар байгуулагдаж байсан бишрэм түүх байна. Дахиад л гэнэт ухаан орсон юм шиг С.Баяр намын дарга болмогц ялыг нь ч үүрмээр, ямбыг нь ч эдэлмээр байгаагаа хэлснээр М.Энхболдыг Ерөнхий сайдаас нь огцруулж байв. Үүнээс хойш Н.Алтанхуягйиг хүртэл намын дарга Ерөнхий сайд болох ёстойг мөрдсөөр ирсэн. 

Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасныхаа дараа З.Энхболд Засгийн ажил бол засгийн ажлаараа явах ёстой. Тиймээс намын дарга нар Засагт орж яахым гэсэн шинэ үзэл баримтлал гаргаж ирээд өөрөө намын дарга болсон атлаа УИХ-ын даргынхаа суудал дээр сампин зангидсан товч шиг тожийгоод үлдэв. Эрх баригч намын дарга нь УИХ-ын дарга, Засагт хамтарсан намын дарга нь УИХ-ын дэд дарга ч болж байх шиг. Чоно оо чоно. 2016 онд намаа удирдаж яг 2000 оны Н.Энхбаяр шиг бахдам ялалт байгуулсан М.Энхболд Ерөнхий сайд болохгүй УИХ-ын дарга болоод хадуураад яваад өгчихөв. Энэ нь Энхболд нэртэй нөхдүүдийн заль, хариуцлагаас зугтаж эрсдлээс эмээсэн арга мэх төдий юм. Сэлэнгэ аймгийн ня-бо гэж намынхаа залуус дотор шоолуулж явсан Худалдааны техникумын төгсөгч Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болов. Тэр намгүй Ерөнхий сайд. Намхан, хөнгөн, амрахан, цохиод унагачихмаар бядгүй харагдаж байгаа нь  намын нь гомдогсодыг жаахан жаахан тайвшруулдаг байж магадгүй. Түүнийг хэзээ ч аваад хаячихаж болно гэсэн сайхан бодлоор л цээжээ дүүргэж, санаа амардаг хэдэн хүн бий. Тэд бол УИХ-ын гишүүд. Ж.Энхбаяр, Д.Тэрбишдагва, Ч.Хүрэлбаатар, Ө.Энхтүвшин, Х.Болорчулуун гээд олон бий.

Ж.Эрдэнэбат намгүй Ерөнхий сайдын зовлонг эдлэж байгаа ч намынхаа гишүүдийн шүүмжлэлийн халуун дулаанаар хүлээж аваад харин АН-ын гишүүдийн шүүмжлэл дээр ёстой бяр гаргаж подхийсэн хариултыг өгчихөж байна. С.Эрдэнэ тэтэгэврийн насыг “хойшоо чангаасан” саарал илжиг шиг хууль гаргалаа гэж шүүмжлэхэд “С.Эрдэнэ та Нийгмийн даатгалын санг хоосолсон биз дээ” хэмээн тасхийтэл хариулж байна. Гэхдээ намынх нь тэрслүү гишүүд түүний хариултад байрлаж уярахгүй, төдийлөн тоохгүй, шогтой нүдээр харан шорвог үгээр довтолсоор байна. Ч.Хүрэлбаатар гишүүн ч эрхийн дагуу Сангийн сайдыг амлаад авчихаж. Нэг нутаг усны, нэг адил сонгогчдод мөнгө тараасан ялд унаж явсан энэ тэр гэж нялуурахгүй нь бололтой. Одоо Х.Болорчулууны концессын гэрээнд 800 тэрбум төгрөг зоосны учир Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавина гэсэн ууртай мэдэгдэл гарч ирлээ. Д.Тэрбишдагвын төсвийн тодотголд сэтгэл дундуур байгаагаа ч хэлээд авсан нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар жертва болох цаг болжээ гэхэд болохоор байна. Гэхдээ намгүй ч гэсэн Ж.Эрдэнэбат намхан харагдахгүйг хичээж, зоригтой зүрхтэйгээ харуулах ганц талбар, зодуурын мишек болох АН-ын 9 нөхрийн суудал руу хялам хялам харж суух болов.

сэтгэгдэл үлдээх