ЛАС ВЕГАСЫН АЛУУРЧНЫ ТАРХИЙГ ШИНЖИЛНЭ

АНУ-ын Лас Вегас хотод 58 хүнийг буудан хөнөөж, 500 гаруй хүнийг шархдуулан, эцэст нь амиа хорлосон Степен Пэддок гэгчийн тархийг эрдэмтэд судлахаар болжээ.  Америкийн түүхэн дэх хамгийн олон хүний амийг хохироосон аллага энэ болсон билээ. 

Гэмт этгээдийн цогцост шинжилгээ хийсэн шүүхийн шинжээчид ямар нэгэн хэвийн бус зүйл олоогүй тул тархийг нь Стэнфордын их сургууль руу шинжлүүлэхээр илгээсэн байна.

Стэнфордын эрдэмтэд 64 настай эрийн тархины эд эсийг микроскопоор дурандаж, неврологийн ямар нэгэн гажиг бий эсэхийг судлах гэнэ.

Эрдэмтэд түүний тархины эд эсээс тархины судасны өвчин, хавдар, зарим төрлийн саа, сэтгэцийн өөрчлөлт, эмгэг байсан эсэх шинж тэмдэг хайх ажээ.

Гэвч судалгаа явуулах эрдэмтэд одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм. Мөрдөгчид одоо хүртэл алуурчин яагаад олон хүнийг хөнөөх болсон сэдлийг тодорхойлж чадахгүй байгаа билээ.

Степен Пэддок Мандала Бэй казино-зочид буудлын 32 давхраас мянга гаруй сумаар хөгжмийн наадмын үзэгчид рүү шүршиж, олон хүнийг хөнөөснийхөө дараа цагдаа нарт баривчлагдахын өмнө өөрийгөө хороосон юм.

Степен Пэддокийн аллага үйлдэх болсон шалтгааныг тогтоож чадахгүй байгаа ийм үед түүний тархины эд эс нь энэ талаар мэдээлэл өгнө гэж шинжээчид найдаж байгаа ажээ.

сэтгэгдэл үлдээх