Уулын мухрыг биш тэнүүнийг чиглэхсэн

Бид уг нь шинжлэх ухаан технологийн шинэ эрин зуунд амьдарч байгаа юмсан. Хүн болгон давтагдашгүй өөрийн мөн чанартай тэр хэрээр амьдралыг өөрөө жолоодож, гэгээрэх түмэн увидас бий хэмээх Будда гэгээнтний илт гэгээрсэн сургаалийг шинжлэх ухаан бүхий л талаараа нотлож байна. Шинжлэх ухаан шашин хоёр тэс өөр зүйл гэж маргагчид ч эргэлзэж эхэллээ. Их сэтгэгчид дэмий нэг зүйл номлосонгүй. Будда, Лал, Христ ч тэр. Харин тэдний үлдээсэн оюуны бодомжийг нэгээс нөгөө тийш нь савлуулан туйлширснаараа хүний түүх эмгэнэлээр дүүрэн байлаа. Лал, христчүүд олон зуу гаруй жилийн турш ариун дайн гэгчээрээ хэдэн сая хүний аминд хүрч соён гэгээрүүлэгч, эмэгтэйчүүдээ чөтгөр шулмаар нь цоллон түүдэгт шатаан, ертөнцийн нарыг эс харах гивлүүрээр бүтээж ирлээ. Буддын шашинтнууд ч тэр ялгаагүй улаан шараараа талцаад хүйс тэмтрэлцсэн гашуун түүх бий.

Аль ч шашинд ГЭГЭЭР гэсэн үг бий. Харамсалтай нь бид гэгээрсэнгүй. XX зуун гаран гартал шашин гэдэг дайн үүсгэх гол шалтгаан байлаа. Шинжлэх ухаан алив юмс үзэгдлийн зарим учир шалтгааныг нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд нотлох хүртэл хүн төрөлхтөн ийм л замыг тууллаа. Өнөөдөр хүн түүхийнхээ туршид арай ухаанлаг болжээ. Мэдээж нотлогдоогүй юмс үзэгдэл олон л доо. Гэхдээ л баргийн зүйлд духаа тонгойлгоод бодлогошрох нь ховор.

Харин Монголчууд энэ их эрдэм мэдлэгийн далайн хаахна сэлж яваа бол. Дэлхий сөнөнө гээд баахан шуурсан. Лаа шүдэнз, гэр майхны арилжаа ид цэцэглэж, хотоос хөдөө тийш цуварсан их нүүдэл анх удаа болов. Ердөө л Майягийн тооллоор шүү дээ. Олон ч гэгээнтэн тодорсон доо. Харамсалтай нь дэлхий сөнөсөн ч үгүй. Глактикт ямар нэгэн зүйл болсонгүй. Бүх зүйл бурхны өгүүлсэнчлэн жим гольдролоороо нэгэн өдөр өнгөрсөн. Онигоонд орогчид хэсэгтээ л чимээгүй болов. Нөгөө Ромбу гарагтай холбоо тогтоодог, өөрөөсөө гал гаргадаг, Сонгины булангаас тарваган хүн хэдэн арваараа гарч ирснийг харсан нэгэн шиг нам чимээгүй. Хэсэгтээ л шуураад өнгөрсөн. Үүнээс үлдэж байгаа сэтгэгдэл хүн ам нь бичиг үсэгт тайлагдсан, боловсролын төвшингөөрөө байнга л тэргүүлдэг монголчууд яагаад ингэж мухар сүсэгт хуйлраад байна аа гэсэн ганцхан асуудалд гадна ертөнц гайхаж байна. Тэд өөрснөө ингэж хийрхэлд автдаг ч Монгол шиг бултаараа хийрхэж байгаагүйд учир шалтгаан нь /цаашид логик гэе/ оршиж байгаа юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгоноор дорны 12 жил, өрний 12 ордонд тулгуурласан зурхай өдөр бүр цацагдана. Их гоё оо. Дэлхийн 6 тэрбум гаруй хүнийг 12-т хураахад 500 сая гаруй болно. Энэ хүмүүс нэг л өдөр хайр сэтгэлтэйгээ учирч гэр бүл болж, гэнэтийн сайн саар муу учралтай тохиож, мөнгө санхүүгээ дээшлүүлж, ойр дотны хүнээ цаг бусаар алдах юм гэнэ дээ. 500 сая хүн үхэж үрэгдээд, хайрлаж дурлаад, эд хөрөнгө нь салхинд хийсдэг юм бол энэ дэлхий юу болох билээ. Уг нь зурхай гэдэг өөрөө шинжлэх ухааны том салбар. Гараг ертөнцийн хэмнэл, сансар огторгуйг таних ухаан. Эртний улбаа нь шүү дээ. Нар сарны идэвхжил, байгалийн үзэгдлийн давтамж гэхчлэнгээр орчноо танин мэдэхүйн энэ ухаан шинжлэх ухааны олон салбар болон салбарласан байх юм. Мухар сүсгийн элементүүд нь амь бөхтэй оршсоор байдаг юм. Шинжлэх ухаанжсан он тоолол тэднээс аль эрт нүүрээ буруулсан. Яахав сэтгэлзүй гэдэг талаараа хэрэглээнд байгаа ч олон нийтээр хэрэглээд хямраад, сайжраад байх зүйл огтоос биш.

Шашин шүтлэг 70 гаруй жил тасалдсаны харгайгаар мухар сүсэг 90-ээд оноос хойш үлэмж хүчтэй болжээ. Уламжлалт шүтлэг гэдгээрээ бөө мөргөлийг айл бүхэн шүтэх болж. Жалга дов бүхэн цаашлаад айл бүхэн “бөөтэй” болов. Бие нь чилээрхсэн хэн нэгнийг "онгод сахиусаа авахгүй бол..." хэмээн "айлгаж", онгод сахиусаа авах ёс үйл, өмсөх хувцас, зүүсгэлүүд нь хүртэл тус тусдаа үнэ ханштай боллоо. Бултаараа л хэн нэгнээ “бөө, удган” болгох гэж хошуурцгааж байна. Дээд ертөнц болон тэнд орших сүнсний ертөнцтэй харьцдаг  гэх "бөө мөргөл"-ийг  үгүйсгэх аргагүй. Шинжлэх ухааны тайлж чадаагүй олон зүйлийн магад энэ байж болох юм. Гэхдээ ийм олон бөө хэдэн мянгаараа гэнэтхэн төрнө гэдэг бас л юу л бол. Тэгээд хүний ирээдүйн хувь заяаг хэлнэ гэдэг “Ээ дээ бүтэхгүй л болов уу”.

Шашин шүтлэгийн үй түмэн урсгал бий. Хүн мэдээж ядарна, өвдөнө, зовно, үхэж хагацна. Хорвоогийн үнэн. Хэн ч туулах ёстой. "Шашин бол хуулийн заалтаар хэрэгжүүлж чадахгүй байгаа хувь хүний мөн чанарыг нөхөж чаддаг" хэмээх өнөө цагийн хэллэг дэлгэрч эхэлжээ. Мэдээж хүн болгон төгс төгөлдөр бус болохоор буруу мууг хийж үйлдэх нь зөндөө. Түүнийгээ чин сэтгэлээсээ гэмшиж, засч залруулахын оронд сүмд очиж мөргөөд, эсвэл их хэмжээний өргөл барьцаар "аргалж болно" гэж бодогсод олон болж. Ухаандаа хулгай, худал гээд нүгэл бүхнийг үйлдчихээд маань мэгзэм уншуулж, гүрэм засал хийлгээд мань нөхөр буяны мөр лүүгээ орох юм гэнэ дээ. Суварга босгож, бөө удганы тэнгэртэй харьцах зардлыг нь даачихвал нүгэл нь нимгэрэх гэнэ. Шашин шүтлэгийн утга ингэж л алдагдаж байна. Шашнаас гадна хийрхэгч, мэдэмхийрэгчид, цуу яриа... Уур бухимдал биднийг сэтгэлгээний харанхуй руу улам түлхэх юм. Жагсаал цуглааны оройг манлайлагч хэсэг нөхөд мухар сүсгээр далайлгасан лам, бөө нараас ялгаа юу байна аа.

Уг нь хүн хэзээ ч зовохгүйгээр жаргалд хүрдэггүй. Залуу насан дээрээ чи эрдэмд уйгагүй шамдаж, найз нөхөд тань зугаацаж байгаа бол хожим нь найз нөхөд тань эрдэм сурах гэж зовж, чи өөрийнхөө хүссэнээр байж чадах болно. Чи заавал бусдад таалагдах албагүй ч өөрийнхөөрөө амьдрах эрхтэй.  Ер нь энэ ертөнцөд сайн муу бүх л зүйл зэрэгцэн оршиж байдаг шүү дээ. Гол нь өөрөө өөртөө гэгээрлийг бий болгож, аливаа зүйлд учир шалтгаантайгаар хандвал хандах зүг өөрөө л тогтох юм шиг. Мэдлэг уулын мухрыг биш тэнүүнийг сонгож авирахсан даа.

Н.Бадамжав 

сэтгэгдэл үлдээх