Д. Трамп Азийн холбоотнуудаа "эргэж" байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Ази дахь олон өдрийн айлчлал өчигдөр (XI.6) Сөүлд үргэлжилж байна. Солонгосын хойгийн онц нөхцөл байдал дунд АНУ-ын ерөнхийлөгч улс төр, эдийн засаг, цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Сөүлд айлчилсныг Хөх ордон онцолжээ.

Трампыг ирэхийн өмнөх өдөр Сөүлийн тал Хойд Солонгосын санхүүгийн сүлжээтэй холбоотой 18 хүнийг хоригийн хар жагсаалтад нэмжээ. Трамп Азийн айлчлалаа Японоос эхлүүлж, Пхеньяны эсрэг дарамт шахалтыг нэмэгдүүлэхээр ярилцаж тохироод, Сөүлд ирсэн юм. Айлчлалын гол сэдэв Трампын талаас Пхеньяны цөмийн зэвсэг, баллистик пуужингийн заналхийллийн талаар байх бол Сөүл чөлөөт худалдааны гэрээнд гол анхаарлаа хандуулжээ.
Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй хэлэлцээ хийнэ. Энэ үеэр АНУ-тай байгуулсан чөлөөт худалдааны гэрээг ярилцах аж. Уг гэрээг АНУ-д хохиролтой гэж үзсэнээр дахин хэлэлцэж эхэлсэн юм. АНУ нь Өмнөд Солонгостой 2012 онд чөлөөт худалдааны гэрээ байгуулж, тухайн үедээ харилцан ашигтай хэлэлцээ болсныг онцолж байв. Гэвч Трамп үүнийг америкчуудын ажлын байрыг булааж, худалдааны алдагдалд хүргэсэн хохиролтой гэрээ гэж мэдэгджээ.

Эх сурвалжууд Трампыг хоёр Солонгосыг заагласан дундын зэвсэггүй бүсэд очих тухай мэдээлж байсан. Гэвч энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн амь насанд өндөр эрсдэлтэй тул Цагаан ордноос мэдээллийг үгүйсгэжээ.

Трамп айлчлалаа Өмнөд Солонгосын Кёнги аймагт шинээр байгуулсан Хампрейс цэргийн баазаас эхлүүлсэн. Энэ нь Өмнөд Солонгос дахь АНУ-ын найм дахь цэргийн бааз аж. Тус цэргийн баазын зардлын 92 хувь буюу 10 тэрбум орчим ам.долларыг Сөүлээс гаргадаг.

Айлчлалын бүхий л хугацаанд АНУ болон Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн арми хойноос ирж болзошгүй пуужингийн дайралтад бүрэн бэлтгэл хангасан байдалтай байх аж. Учир нь Пхеньяны гол дайсан АНУ-ын төрийн тэргүүн хөрш зэргэлдээ улсад айлчилж байгаа нь онцгой тохиолдол яах аргагүй мөн. Айлчлал эхлэх хүртэл Пхеньяны талаас ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Гэхдээ АНУ-ын тэнгисийн цэргээс хоёр ширхэг “B-1B” стратегийн бөмбөгдөгч онгоцыг хойг руу илгээсэн аж. Мөн “USS Ronald Reagan”, “USS Theodore Roosevelt”, “USS Nimitz” гэх цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээвэрлэгч хөлгүүдийг хойгийн ойролцоо байршуулжээ. Хойд Солонгос нь есдүгээр сарын 15-нд Номхон далайн хойд хэсэг рүү дундын зайн тусгалын пуужин харваснаас хойш ямар нэгэн өдөөн хатгасан үйлдэл гаргаагүй. Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнсийг Сөүлд айлчлах үеэр Хойд Солонгосын талаас баллистик пуужин харвасан ч хөөрөх үедээ дэлбэрсэн байв.

Трамп айлчлалынхаа сүүлийн өдөр Сөүл дэх АНУ-ын элчин сайдын яамны ажилчидтай уулзаж, Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейд илтгэл тавьж, дурсгалын цогцолбор дахь цэргүүдийн шарилд хүндэтгэл үзүүлэх гэнэ.

сэтгэгдэл үлдээх