Миний төр статисчикидтэйгээ нийлээд ХУДАЛЧ

Статистикчид улирал болгон дүнгээ гаргана. Сайхан сайхан л мэдээг өдөржин шөнөжин сонсгоно. Сэрэмгүй бол сайхан зүүдсэн. Харин бодит байдал дээрээ өдөр тутам өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ тэнгэрт хадсан үнээр худалдан авна. Үнийн өсөлтөд сүүлдээ нэг их цочрохоо больж байх шиг. Европын Холбооны улсуудын хэрэглэгчдийн худалдан авдаг мах гурил, хүнсний ногооны үнээс даруй 1.500-6.300 төгрөгөөр илүү үнээр худалдан авч байж тэднээс 6-10 дахин бага цалин авдаг мануус яаж энэ шар нар, бор өдрийг өнгөрүүлж байна вэ. Оньсого гэдэг л энэ.

Үнэндээ ард түмэн эвхэрч гүйцлээ. Бүсээ чангалах ходоод ч үлдээгүй байна. Гэтэл статистикийнхан тэс ондоо тоо гаргаад сууж байна. Улс орны эдийн засгийн байдлын талаар хамгийн зөв мэдээ гаргах учиртай Үндэсний статистикийн хороо засаг төрийн хүссэн тоо хэмжээгээр статистик үзүүлэлтээ гаргаж түүнийгээ ард иргэдэд цацдаг болжээ. Эдийн засаг өсөөд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хэдийдээ ийм жаахан хувиар өсчихөөд байгаа юм. Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 12 дугаар сарын эхний долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 19 нэрийн барааны үнэ тогтвортой, 10 нэрийн барааны үнэ буурсан, 3 нэрийн барааны үнэ өссөн судалгаа бүүр ч инээд хүргэмээр. Дэлгүүр хоршоо, зах зээлээр яваад судалгаа хийгээд үз л дээ.

Макро эдийн засгийн хямрал доод төвшиндөө очихыг эдийн засагчид, хэвлэл мэдээлэлийнхэн мөнчиг олон сануулж байлаа. Хямрал энгийн иргэдийг нэрвэх хэмжээнээсээ хамаагүй илүү цорвойгоод нэгмөсөн дампууруулах хэмжээнд хүрчихээд байна. Үнийн өсөлтийг өмнө нь цалин тэтгэврийн өсөлттэй холбон тайлбарлаж байлаа. Үгүй юм байна. Орлогын эх үүсвэр нэмэгдэхгүй байлаа ч үнэ өсдөгийг өнөөдөр бид харж байна. Яахаараа дундаж цалин 700-900 мянгад хүрчихэв. Хүн бүр яг одоо сарынхаа орлогыг тооцоод үз. Дийлэнхийнх нь орлого хүрэхгүй л болов уу. Тэгээд ч хэзээ нэмэгдэх нь тодорхойгүй цалинг төсөөлөөд ам бүлийнхээ ирээдүйг төсөөлөөд нэг үзээрэй. Худал яривал жаахан багцаатай ярьж баймаар санагдах юм. Статистикийн байгууллага нь төрөөс санхүүждэг болохоор хэчнээн хараат бус гэж зарлаад ч тэдний эрх ашигт үеийн үед үйлчилсээр ирсэн. Энэ байдал Шинэчлэлийн Засгийн газрын үед өөрчлөгдсөнгүй. Засгийн бодлого, үйл ажиллагааны нөлөөт толь нь статистик мэдээ. Нийгэм эдийн засгийн бүхий л үзүүлэлтүүд үнэн бодитоороо байдаг бол бултаараа хэлэлцэж байгаад хямрал мэтхэнийг элбэгхэн давчихаар байгаа юм.

Тунгалаг мэдээлэл гэж энэ “тунгалаг төр, тунгалаг төрийн апапарат”-д алга. Муу хэлж байгаа юм биш байгаль цаг уурын онцлогоосоо шалтгаалаад хамгийн эрсдэлтэй улирлын дөнгөж эхний сарын дунд л явж байна. Одоо өсч байгаа үнэ, иргэдийн орлогыг ойрдоо нэмэгдүүлэхгүй байх амлалт өгсөн Засгийн ажил иргэдийн хаврын сезоныг давалгүй сөхрөх байх шүү. Нэгэнт л худлаа яриад эхэлсэн бол дуустал нь худлаа ярих хэрэгтэй болно. Эцэстээ ингэж боссон суурьгүй доошоо харсан пирамид болохоор нэгмөсөн сүйрч бутарна. Энэ асуудал УИХ-ын 76-хан гишүүн, Засгийн газрын кабинет /түүнийг дагалдагч агентлаг, газар, хэлтэс/-ийн хэдэн зуугаадхан хүний ажил албатай холбоотой бус нийт гурван сая иргэн, улс гэрийн ирээдүйн зовлонтой уялдаж байгаа нь эмгэнэлтэй.

Уг нь төр ингэж худлаа ярьж суухын оронд хийдэг нэгнээ дэмжээд багахан шиг зовоолгүй татварын мөнгөө цуглуулж нийтийн эрх ашигт нийцсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд гар, нэр цэвэр явж болох л байлаа. Баахан төсөл хөтөлбөр санаачилна. Энд тэндээс гэмтэй гэмгүй савхдсаар байгаад шөл ч үгүй гурил ч үгүй болж дуусаад шавхруу нь ард түмэнд ноогдоно. Ингэж будилж самуурснаа нуух гээд янз бүрийн статистик тоо, баримт зохионо. Торонд нь юу ч байхгүй хэрнээ тэдний ам хэлээр толгойгоо цатгачихаад явж байна даа бид. Ажилгүйчүүдийн тоо буурлаа л гэнэ. Үнэ өсч, инфляци галзуурсан энэ үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин авдаг хөдөлмөр эрхлэгчдийн 60 орчим хувийг бүрдүүлж байгаа иргэд амьжиргаагаа яаж авч явах болж байна. Үүрэг хариуцлага гэж төрийн аль ч шатанд өнөөдөр байхаа больсон. МАН ч, АН ч ялгаагүй үүрэг хариуцлагын тухай ярьдаг ч бүгд л тунхагийн шинж чанартай. Сонгогчид юу ч өөрчлөгдөхгүйг хамгийн сайн мэдэх хэрнээ нүдээ аниад л аль нэгийг нь дугуйлж орхино. Ирээдүйдээ итгэлгүй ийм ард түмнийг хэн бий болгосон юм бэ гэдгийг хүн бүр л сайн тунгаамаар байгаа юм.

Н.Бадамжав

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 12 Сар