2.2 их наядын алдагдалтай төсөв баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 92,3 хувийн саналаар баталлаа.

УИХ-аас 2018 оны төсвийг энэ сарын 15 гэхэд хэлэлцэн баталсан байх ёстой. 

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8  хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9,651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувь болж нийт алдагдал 2017 оноос ДНБ-ий 1.5 хувь байх юм.

Өөрөөр хэлбэл, төсвийн орлого талдаа учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан, орлогын бааз суурийг нэмэгдэхэд Засгийн газар анхаарч ажиллажээ. Харин зарлага талд:

Боловсролын салбарт ирэх хоёр жилд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, гурван ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжид бүрэн шилжүүлж ачааллыг бууруулна. 

Оюутны хөгжлийн зээлийг хүртээмжтэй, саадгүй олгох нөхцөл журмыг бүрдүүлж их дээд сургуульд суралцагч болон тэдний өрх гэрт учирч буй төлбөрийн дарамтыг арилгана.  
 
Эрүүл мэндийн даатгалын сан,  эрүүл мэндийн салбарын зарим байгууллагыг бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх замаар эрүүл мэндийн санхүүжилт нь иргэдэд хүргэх тусламж үйлчилгээний бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн тогтолцоог бүрдүүлнэ.  

Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ. 

“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ.

Тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлнэ. 

Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгоно.  

Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг зорилтод бүлэгт чиглүүлэхээр хуулинд тусгажээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийг баталсны дараагаар нь ирэх оны төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр гишүүн О.Баасанхүү “Төрийн албан хаагчтай зургаан сарын гэрээ байгуулна гэлээ. Энэ нь ямар учиртай вэ. Хөдөлмөрийн хуулиар нэг жилийн гэрээ байгуулдаг” гэсэн асуултад 

Ажлын хэсгийн ахлагч Б.Тогтохсүрэн:

Төсвийн тухай болон Төрийн албаны тухай хуулиар төсвийн ерөнхийлөн захирагч нар үр дүнгийн гэрээ байгуулж байгаа. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль биш гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Газартай холбоотой үнэлгээний асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Газрын төлбөрийн тухай хууль боловсруулж оруулж ирэхийг УИХ Засгийн газарт даатгаж болохгүй юм уу.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай  тогтоолд төрийн албан хаагчдад олгох  тэтгэмжийг тусгасан.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Эрх баригчид хойд хормойгоороо урд хормойгоороо нөхөж баталлаа. Төсвийн сахилга батын хуулиар төсвөө хэмнэж болно. ТЕГ-ын дарга Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох гээд сууж байна. Б.Хурцын талаар нээлттэй сонсгол явуулах гээд гарын үсэг зуруулах гэхээр гишүүд зугатаж байна. 

Ийнхүү гишүүд үг хэлсний дараагаар 2018 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

2018 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд:

2018 оны улсын төсвийг хуульд заасан хугацаанд нь баталж байна. 2018 онд ДНБ-ний бодит өсөлтийг 4.2 хувьд өсгөхөөр төлөвлөлөө. Орлогыг 7.2 их наяд байхаар, алдагдал 2.2 их наяд байхаар баталлаа. Эдийн засгийн өсөлт 2013 оноос хойш тасралтгүй буурсан. Төсвийн орлогын төлөвлөсөн хэмжээндээ хүрдэггүй, алдагдал жил бүр нэмэгдэж ирсэн. Монгол Улс төлбөрийн чадваргүй хэмжээнд очсон улсыг бид жил гаруйн хугацаанд хүлээж авсан. Улс оны эдийн засаг, нийгмийн амьдралд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэнэ.  Хүүхэд бүрт цэцэрлэг хүрээнд цэцэрлэгийн барилга барих, засварлахаар төсөвт тусгалаа. 16 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийнэ.

29 сургуулийн барилгыг өргөтгөж, нэг сургууль шинээр барина.  Нийтдээ 35 тэрбум төгрөгийн өртөг бүхий Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг ариутгаж, үнэргүйтүүлэхээр төсөвлөлөө.

Агаарын бохирдлыг бууруулах шинэчлэл хийхээр болж байна. Ирэх оноос “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж, 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжид сар бүр 50 мянган төгрөг олгоно. 2018 оны төсвийг батлахад  хичээж ажилласан УИХ-ын ажлын хэсэг, байнгын хорооны дарга, гишүүдэд баярлалаа хэмээлээ. 
 
Чуулганы хуралдаанаар өнөөдрийн хэлэлцэхээр төлөвлөсөн асуудал дууссаныг УИХ-ын дарга мэдэгдэх үед гишүүн Б.Дамба-Очир "2018 оны мөнгөний бодлогыг хэлэлцэх саналтай байна. Эдийн засгийн байнгын хороо сая хуралдаж, чуулганы хуралдаанд бэлтгэлээ" хэмээсэн юм.

сэтгэгдэл үлдээх