ОЛИМПИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН ТАМИРЧДЫГ 1160 АМ.ДОЛЛАРААР УРАМШУУЛНА

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны удирдлагууд өнөөдөр 'Токио-2020' хөтөлбөрт шалгарсан чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, байт харваа, тэквондогийн 17 тамирчин, дасгалжуулагчдад олимпийн тэтгэлэг гардуулав.

Мөн Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа , Гавъяат жүдоч Г.Одбаяр нарт МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн төрийн одон, медаль хүртсэнийг нь тохиолдуулан баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. 

'Токио-2020' хөтөлбөрт хамрагдсан эдгээр тамирчид ОУОХ, МҮОХ, спорт холбоо, тамирчны хооронд байгуулсан гэрээ ёсоор Токиогийн олимп хүртэл улирал тутамд урамшуулал хүртэнэ. Ингэхдээ  тамирчдад 1160 ам.доллар , дасгалжуулагчдад 400 ам.долларын тэтгэлэг хүртээх юм.

Уг хөтөлбөрийн гол зорилго нь олимпийн наадамд шалгаран оролцох, улмаар медаль хүртэх боломжтой, хөгжиж буй орны шилдэг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх явдал юм.

Өмнө нь 'Бээжин~2008', 'Лондон~2012', 'Рио~2016' олимпийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 35 тамирчин хамрагдаж, тэдгээр тамирчдаас олимпийн Э.Бадар-Ууган (бокс), О.Гүндэгмаа (буудлага), Н.Төгсцогт (бокс), С.Батцэцэг (чөлөөт бөх), Д.Отгондалай (бокс) нар олимпийн медальтан болсон.

сэтгэгдэл үлдээх