Идсэн эрүү тань хувхайрч идүүлсэн ирээдүй цэцэглэг

Монгол улсын өрсөлдөх чадамж сайжирсан, дэлхийн эдийн засгийн анхаарлын төвд байгаа, улс төр нийгмийн тааламжтай орчинд байгаа Азийн цөөхөн улсын нэг гэх мэтчлэнгээр гадныхан ярьж байгаа талаар олон эрхмийн үгнээс сонсч, ам руугаа бэлэн сүү угжуулсаар өнөөг хүрлээ. Бүгд л уул уурхайн хэт их баялагтай холбоотойгоор түшээд нь тайлбарлана. Давосын саяны уулзалтаар ч тэд ганцхан Монголыг онцгойлоод байгаа мэтээр олон нийтийн телевизээс өгсүүлээд Ерөнхийлөгчийг дагалдсан олон мэдээллийн эх сурвалж мэдээлж байна.

Баялаг байгаа нь үнэн. Гуравхан сая хүнийг хэдэн арван жилдээ гайхалтай амьдруулчих боломж бий. Эрдэс баялгийн үнэ хэчнээн унаж, өсч байсан ч хамаагүй нүүдэлчдийн газраа эс хөндсөн хэдэн мянганы түүх өнөөгийн бидэнд ийм түүхэн боломжийг олгосон.

Харин бидэнд түүнийг шингээх ходоод байна уу. Дэлхийтэй өрсөлдөх хэмжээний чадамжтай улс бид мөн үү. Хавтгайрсан энэ ертөнц илүү баялаг бүтээж хүн ам нь баян чинээлэг сэтгэл ханамжтай амьдардагаар нь улс орны өрсөлдөх чадамжийг үнэлдэг. Тэрнээс хүн амынх нь арав хүрэхгүй хувь нь улсын нийт баялгийн 90 орчим хувийг эзэмшдэг, түүнээсээ 40 орчим хувь нь түгээн зарцуулах үүрэгтэй бусад нь гав гинжнээс өөр алдах юмгүй шахуу дундаж, ядуу давхаргынхныг бүрдүүлдэг улс орон үүнд багтдаггүй юм. Судлаачдынхаа судалгааг хараад үзээрэй. Ихэнх нь хүнлэг ардчилсан, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хэрэглээ өндөрсч эрх члөгөөө олж авсан ч гэлээ “соц манкурт” нийгмээ илүүд үзэж байна. Энэ бол шударга ёс тогтоогүйн шинж.

Бидэнд үндэсний өрсөлдөх чадамж алга. Наад зах нь эдийн засгийн чадамжаа хар. Импортоос бүрэн хамааралтай шахуу. Өөрснөө үйлдвэрлэж чадахгүйгээ гаднаас авч байгаа бол яая гэхсэн. Үгүй юм. Наад захын жишээ дурдья л даа. Нэг үхрийнхээ ширийг гаргаад гурван үхрийн ширтэй тэнцэх хэмжээний боловсруулсан арьсыг долоо дахин өндөр үнээр авч, бөөн татварын дарамтан дор гутал үйлдвэрлэгчид маань бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цагтаа хоёр сая гутал үйлдвэрлээд дотоодынхоо хэрэгцээг дажгүй л хангадаг байсан. Яахав хэлбэр хийц, өнгө зүсийн хувьд жаахан гологддог л байсан байх. Гэхдээ л хөл нүцгэн явуулж байгаагүй. Бүх салбарт ийм л байсаар 25 жилийг тууллаа.

Эрх баригч бүхэн үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлнэ, ажлын байр бий болгоно гэдэг. Бэлчир дээрээ бүгд гэдийнэ. Өөрөө үйлдвэрлэхгүй хэрнээ амар хялбараар түүхий эдээ гадагшаа цудуулчихаад Монголын баялаг барагдахгүй гээд сууж байх. Энэ нь үндсэний өрсөлдөх чадварыг бодлоготойгоор нугасалж байгаа төртэй шууд холбоотой. Төр чадамжгүй бол яаж бизнес чадамжтай байх юм бэ. Гаргасан хууль, тогтоомж нь төрийн толгойд суусан улс төрийн хүчнээс тэр дундаа төрд шургалсан ашиг сонирхлын бүлгүүдийн сонирхлоос бүрэн хамаарна. Бараг бүгдээрээ төрийн өмчит компаниудын толгойд сууцгаана. Өнөөдрийн талх, бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар байхыг тэд л мэднэ.

Өөрснөө толгойд нь суучихаад бор зүрхээрээ үйлдвэрлэл эрхэлж бизнес хийгчдийг янз бүрээр дарамтална. Гар хөлийнхөө үзүүрээр мэргэжлийн хяналт оруулна, цагдаа шүүхээр нарсанд хатаана, хөрөнгө оруулалтыг нь хязгаарлана. Өч төчнөөн баримт бий. Ялангуяа сайд, эрхэм гишүүний давхар дээл өмссөн этгээдүүд болон тэдний гар хөл бологсод 2000 оноос хойш улс оронд хэчнээн тэрбум төгрөг /багадуулчихлаа. Хэчнээн их наяд/-ийн хөрөнгө завшсны зах зухаас нь харж, сонсч л сууна. Ийм улс орны үндэсний өрсөлдөх боломж хэр байх билээ.

Монголчууд амьдрах ухаантай хүмүүс. Хулгай, худалд яснаас дургүй, байгаль цаг уур, амьдралын хэвшлээсээ шалтгаалаад цагаан цайлган сэтгэлтэй, аливаад голчийг барьдаг ард түмэн. Гэхдээ ноомой дорой явсангүй. Хоёр нийгэм солигдож картын бараагаар амь зууж байхад ч /Ленинградын бүслэлтэд оросын ард түмний өдрийн хүнсний нормын дайтай хүнс хэрэглэж байхдаа/ 7 дугаар сарын 1-нийх шиг бухимдаж уурсаагүй юм шүү. Бид тэсрэхдээ тэсэрдэг ард түмэн. Худал ярьж, хулгайн хийсний горыг эсэн бусын эрээвэр хураавар хүмүүсээс авахсан гэхдээ бухимдацгаасан. Ингэхээр бидэнд төрийн, бизнесийн, эдийн засгийн чадамж байна уу. Дөрөвдүгээрт хэлэгддэг Дэд бүтцийн чадамж бидэнд бий юу. Мянганы зам, төмөр замын бүтээн байгуулалт, Зүүн хойд Азийн эдийн засаг руу тэмүүлэх хүсэл сонирхол, далайн гарц.. гээд дэд бүтцийн асар том төслүүдийг яагаад нураагаад байна вэ. Энэ бол төрийн толгой дахь эдийн засгийн бүлэглэлүүдийн явцуу эрх ашгийн сонирхол шүү дээ. Үүнийг арилгахгүйгээр ӨӨРСНИЙГӨӨ магтаж ХОЖУУЛ болгохоо боль доо. Өч төчнөөн эх орноо гэсэн залуус өсөн өндийж байна. Идсэн эрүү тань хувхайрч идүүлсэн ирээдүй цэцэглэх болтугай.

Н.Бадамжав

сэтгэгдэл үлдээх