Хоёр алт, таван хүрэл медалиар Н.Түвшинбаярын цолыг угааж байна

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг энэ оны тэмцээнүүд өндөрлөх дөхөж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Нидерландын Гаага хотод гран при ангиллын тэмцээн боллоо. Тус тэмцээнд 41 орны жүдочид өрсөлдсөнөөс манай улсаас есөн жүдоч оролцож, хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн юм.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд зодоглосон Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн бөгөөд түүний хувьд шинэ жиндээ авч буй анхны олон улсын тэмцээний медаль болж байна.

Ц.Цогтбаатарын хувьд 60 кг-аас огцом жин өгссөн бөгөөд 2017 онд шинэ жиндээ төдийлөн өндөр амжилт үзүүлээгүй. Тэгвэл тэрбээр “Hague 2017” гран при тэмцээний 73 кг-д өрсөлдөж, медалийн тавцанд зогслоо.

Ц.Цогтбаатар “В” хэсэгт багтаж, ОХУ, АНУ-ын бөхчүүдийг ялж, шөвгийн наймд үлдсэн ч 2014 оны дэлхийн аваргын хүрэл медальт АНЭУ-ын Виктор Сквортовд ялагдсан. Манай бөх дагах барилдаанд “Рио 2016” олимпийн наадмын шагналт V байрын эзэн Канадын Бучард Антонийг хоёр вазари үнэлгээгээр ялж, дэвжээний эзэн орны бөх Нидерландын Сам Ван Вестендэг медалийн төлөөх барилдаанд буулган авсан. Энэ жинд Н.Хадбаатар аваргын алтан медалийг хүртсэн бөгөөд тэрбээр шигшээ барилдаанд АНЭУ-ын жүдоч Виктор Сквортовыг ялсан юм.

Ц.Цогтбаатар “Рио 2016” олимпийн наадамд 60 кг-д барилдаж, гуравдугаар тойрогт дэлхийн аваргын хошой хүрэл медальт БНСУ-ын Ким Вон Жинд ялагдан тэмцээнээ өндөрлүүлж байсан юм.

сэтгэгдэл үлдээх